x

Ч.Отгочулуу: Монголбанк эр зориг гаргаж, сонгууль угтсан популизмд үгүй гэж ядаж нэг удаа хэлэх ёстой

Эдийн засагч Ч.Отгочулуутай 2024 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл болон төв банкны чиг үүргийн талаар ярилцлаа.

-Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ олон нийтэд танилцуулсан. Та тэнд оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр юу яригдав?

-Төв банкны удирдлага хоёр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Би өөрийнхөө ойлгосон хүрээнд хувийн байр сууриа хуваалцъя. Монголбанк 2024 оны үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд түшиглэсэн аж. Инфляци буурах, нүүрсний экспорт эрчимжих хандлага үргэлжлэх төлөвтэй гэнэ. Эдийн засгийн бодит өсөлт 2023 оны эхний хагаст 6.4 хувьтай байна. Бодлогын хүү өндөр буюу 13 хувь байгаа ч инфляци буурахгүй бол энэ хэвээр нь хэсэгтээ үлдээх бололтой. Инфляцийг дунд хугацаанд зургаан хувь орчимд барих зорилт дэвшүүлсэн байна. Дээш доош хоёр хувь хэлбэлзэж болох л гэнэ.

-Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар болж өссөн гэж мэдэгдсэн. Тийм бол инфляци, ам.долларын ханш яагаад буурахгүй байна вэ?

-Төлбөрийн тэнцэл эрс сайжирсан учир гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн хэдэн жилийн рекорд үзүүлэлт гэнэ. Төлбөрийн тэнцлийг задлаад харахаар худалдааны тэнцэл их ашигтай гарчээ. Шалтгаан нь 2023 он гарснаас хойш 42 сая тонн нүүрс экспортолсон. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Өвөр Монгол болон Шанси мужийн нүүрсний уурхайнуудад томоохон ослууд их гарсан

Бараг сар бүр л олон хүний амь эрсэдсэн тохиолдлууд үүссээр байгаа учраас аюулгүйн зогсолтууд хийж байна. Үүнээс шалтгаалж манай нүүрсний экспорт эрс сайжирч. Гэвч “Эрдэнэс Таван толгой”-н хувьд олон нууц оффтейк гэрээ хийсэн. Гэрээний орлого нь мөнгөөр бүрэн орж ирж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, данс дээр нүүрс их гараад байгаа ч мөнгө нь орж ирэхгүй, өрөндөө суутгагдаад байх боломжтой.

Тэгээд ч гадаад валютын нөөц нь дангаараа ханшийг тогтвортой барих цорын ганц хүчин зүйл биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа төгрөгийн гадаад ханш өөрөө хөрөнгө оруулагчдын итгэл, зах зээлд оролцогчдын хүлээлт, төв банкны хараат бус, бие даасан байдлаас ихээхэн хамаардаг. Харамсалтай нь манай улсад Засгийн газар нь Төв банкныхаа дээр нь гараад зайдлаад суучихсан учраас ханшны бодлого, дэглэм алдагдсан.

Нөгөө талаас төгрөгийн дотоод ханш буюу үнийн түвшин бас яригдана. Манайхан үүнийг инфляци гэдэг дээ. Нүүрсний гэнэтийн орлогод дулдуйдаад УИХ нь Засгийн газрын оруулж ирснээр төсвийг 1.7 их наядаар өсгөв. Монголбанкны судалгаанаас үзэхэд төсөв нэг их наяд төгрөгөөр тэлбэл 6-12 сарын дараа инфляци нэг нэгжээр өсдөг гэнэ. Тэгэхээр арай гэж нэг оронтой тоо руу орж тогтворжиж эхэлсэн инфляци дахиад хоёр нэгж хувиар өсөхийг үгүйсгэх аргагүй. Мөн төсөв нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл дээр 200 сая ам.долларын дарамт үүсдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглээний тодорхой хэсэг нь импортод зарцуулагдана. Ингээд 1.7 их наядын тэлэлтийн “ачаар” өнөө валютын нөөцөөс маань 300 сая ам.доллар хэрэглээг санхүүжүүлэх гээд урагшаа урсана гэсэн үг.

-Төсөв тэлснээр төгрөгийн нийлүүлэлт өсч байна гэсэн үг үү?

-Тийм. Статистикийн газраас гаргасан хамгийн сүүлийн тайлангаас үзэхэд банкууд дээрх харилцахын хэмжээ огцом өссөн байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт үерлэжээ. Ингэснээр төгрөгийн ханш сулрах болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын буруу бодлогын үр дүнд төсвийн хэт тэлэлт нь төгрөгийн гадаад ханш болон дотоод худалдан авах чадварыг унагаж байна.

-Төсвийн тэлэлт нь, тодруулбал цалин тэтгэврийн өсөлт нь эдийн засагт түлхэц болохгүй юу?

-Үгүй. Сүүлийн хоёроос гурван жилд юмны үнэ дор хаяж 60 гаруй хувиар өссөн. Сая төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр нэмсэн гэх боловч дээд тал 15 орчим хувиар л өсөх шиг боллоо. Өөрөөр хэлбэл, бодит үнийн өсөлтийг гүйцэж чадаагүй. Харин ч цалин, тэтгэвэр нэмэгдсэн сургаар гурил, талхны үнэ дахиад өслөө. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч зуны төсвийн тодотгол нь эдийн засагт лай болох нь илэрхий байна. Төсвийг тэллээ гээд иргэдийн амьжиргаа сайжраад, эдийн засаг томроод байгаа зүйл огт байхгүй. Улсын төсөв дөрвөн жил тутам хоёр дахин томорч ирлээ. Тэр хэрээр эдийн засаг өссөн үү, ядуурал буурсан уу. Ажлын байр шинээр бий болсон уу. Үгүй. Америк доллараар илэрхийлсэн ДНБ зогсонги байдалд хэвээр байна. Ядуурал албан ёсоор 30 хувь гэж байгаа ч бодит байдал дээр хоёр дахин их байгаа. Ажилгүйдэл нэг оронтой тоонд орсон гэх. Гэвч хөдөлмөр оролцооны аргаар тооцвол ажилгүйдэл дор хаяж 30 хувьтай байна. Хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй байна. Залуучуудын далд ажилгүйдэл 20 хувиас буурахгүй байна.

-Эдийн засгийн ерөнхий төлөв байдал таныхаар ямар байна вэ?

-Засгийн газар ч яах вэ эдийн засаг сэргээд, өсөөд сайхан байна л гээд байгаа. Гэхдээ энэ бол нүүрсний өсөлтийн л нөлөө юм. Эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг өөр чухал үзүүлэлтүүд бий. Энд жишээ нь хөдөлмөрийн бүтээмж ямар байна вэ. Ажлын байрны тоо өсч байна уу зэрэг болно. Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, эдийн засаг эрүүлээр, органикаар өсөхгүй байна гэсэн үг юм. Эдийн засгийн гол мотор болсон уул уурхайн салбарт хөдөлмөрийн бүтээмж сүүлийн гурван жилд чөлөөт уналт гэж юу байдгийг үзүүлж байна. Энэ бол түгшүүрийн дохио шүү. Үр дагавар нь хоёроос гурван жилийн дараа их хүнд байдлаар илэрнэ. Ядуурлын шугам сард 184,700 төгрөг хэвээрээ. Жишээ нь, 185 мянгын зарлага гаргаж байвал ядуу биш гэсэн үг. Ядуурлын шугам нь бодит байдлыг илэрхийлж чадахгүй. Чанартай амьдрал өөрөө өртөгтэй. Ядуурлын шугам маань хүнлэг болох ёстой. Ядуурлын шугамыг бодит байдалтай нийцүүлж өсгөхөөс айх хэрэггүй юм л даа. Монгол Улс ядуурлын шугамаа сард ядаж 700 мянган төгрөг болгож өсгөх хэрэгтэй. Ядуу иргэдийн тоо огцом өсч таарна. Эрх баригч намын хувьд мэдээж таагүй үзүүлэлт. Гэхдээ бид бодит байдалтайгаа эртхэн нүүр тулах тусам ирээдүй хойч үед тустай.

-Хөрөнгө оруулагчдын итгэл хэр байгаа бол?

-Манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “эрсдэл ихтэй” ангилалд хэвээр байгаа. Дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд эдийн засаг өсч байгаа мэдээг таатай хүлээж авч байна. Гэхдээ сонгууль хаяанд ирсэн учраас хэмнэлтийн байдалд орох болов уу. Тэгээд ч одоо удахгүй хүйтний улирал эхэлнэ. Бизнесийн мөчлөг хөрнө.

-Гадаад өрийн менежмент хэр байна вэ. Дефольт болох эрсдэлээс сэргийлсэн гээд байгаа шүү дээ?

-Монголбанкны мэдээлснээс үзэхэд энэ жил евро бонд болон Самурай бондыг эргүүлж төлөх хуваарьтай. Мэдээж дахин санхүүжүүлж болно. Эсвэл гадаад валютын нөөцөөс шууд төлөх ч боломжтой гэнэ. Ирэх жил гадаад зээлийн эргэн төлөлтөд 360 орчим сая ам.доллар хүлээгдэж байгаа гэнэ. Мөн хувийн хэвшлийн хэдэн бонд бий. Тэгэхээр энэ валютын нөөцөө хэмнэхээс өөр аргагүй. Хятадын төв банктай хийсэн своп хэлцлийг гурван жилээр сунгасан нь гадаад өрийн дарамтыг эрс сулруулжээ. Богино хугацаанд дефольт зарлах эрсдэл бага байна. Алсдаа гэхдээ эвгүй. Нүүрсний үнэ унах төлөвтэй. Мөн сүүлийн тав, зургаан жилд манай Засгийн газрын гадаад өр хоёр дахин өссөн. Гурван Чингис бондтой тэнцэх хэмжээгээр бид сүүлийн хоёр сонгуулиа хийчихсэн улс. Эрх баригч нам дахин ялсан. Татвар төлөгчид шинэ өртэй болсон.

-Жил бүр л мөнгөний бодлого баталдаг. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн жижүүрийн зорилт дэвшүүлдэг. Ирэх жилийн хувьд ямар онцлог байна гэж танилцуулсан бол?

-Монголбанкны танилцуулж байгаагаар бол ирэх оны мөнгөний бодлого хэд хэдэн онцлогтой юм байх. Үүнд, тогтвортой өсөлтийг дэмжих, инфляци зургаан хувь, инфляцийн хүлээлтийг тогтворжуулах, төв банкны бие даасан байдлыг хангах, гадаадын банкны салбар нэгжийг оруулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон зээлийн үр дүнг сайжруулах, их өгөгдлийн системийг хөгжүүлэх, Big Data дээр ажиллах гэнэ. Өөрсдөө онцлогтой гээд байгаа боловч үнэндээ шинэ юм алга.

-Төв банк макро орчныг хэрхэн харж үнэлж байх шиг байна?

-Мөнгөний бодлогыг сахиулагчдын харж байгаагаар бол инфляци алсдаа буурах хүлээлттэй байгаа юм байна. Одоогийн энэ инфляцид дотоодын хүнс гол өдөөгч болж байна гэнэ. Ялангуяа гурил, гурилан бүтээгдэхүүний инфляцид эзлэх хувь өндөр буюу 21 байна. Мах, махан бүтээгдэхүүн 12 хувь байна гэнэ. Инфляци тооцоход ашигладаг 400 гаруй бүтээгдэхүүн бий. Тус сагснаас 199 бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрч буурч байна. Сууриараа буурах боломжтой л гэнэ.

-Бизнесийнхэнд зээл олдохгүй байгаа гэсэн гомдол их байна. Энэ талаар Монголбанк ямар байр суурийг илэрхийлсэн бэ?

-Зээл өсч байгаа ч 70 хувь нь хэрэглээний зээл аж. Цалингийн, хадгаламж барьцаалсан зэрэг хоёр жилийн хугацаатай зээлүүд их байна гэсэн үг. Төв банк инфляцитай тэмцэх нэрийдлээр бодлогын хүүгээ өсгөсөн. Дагаад иргэдийн хадгаламжийн хүү өслөө. Өөрөөр хэлбэл, банкны зардал өссөн. Банкууд нэмэлт зардлаа нөхөхийн тулд гол орлого олдог зээлийн хүүгээ өсгөсөн. Зээлийн хүү өссөнөөр хувийн хэвшилд зардал өснө. Өөрөөр хэлбэл, бизнесийн санхүүжилтийн өртөг өснө. Ингэж мөнгөний хатуу бодлого хувийн хэвшилд хүнд тусч байгааг Монголбанк олж харсан бололтой. Гэхдээ тэдний хувьд хийж чадах зүйл хомс биз.

-Төгрөгийн ханш цаашид хэрхэх бол?

-Би хувьдаа төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь экспорт өндөр байгаа ч энэ нь данс дээрх бичилтийн үзүүлэлт. Тэгээд ч орж ирсэн шигээ хурдан гараад явчихна. Өөрөөр хэлбэл, импорт болно. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах цорын ганц хүчин зүйл бол гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг татах чиг үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэвч Монголын түүхэнд байгаагүй муйхар Засгийн газартай, дээр нь сонгуулийн галзуурал мөд эхлэх гэж байхад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх найдвар алга даа. Америкийн төв банк бодлогын хүүгээ өсгөсөн. Дэлхий нийтийн хувьд Америкт хөрөнгөө байршуулах нь эрсдэлгүй бас ашигтай. Эрсдэлгүй хүүгийн түвшин өссөн учир гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос илүү хүү нэхэж байна. Дээр нь Оюу толгойн хоёрдугаар шат дууссан. Өөр том төсөл яаралтай хэрэгтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нь Оюу толгойгүйгээр жилд ердөө 200 сая ам.доллар байна. Гэтэл Оюу толгой сард 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. Гэвч ирэх жилээс энэ эрс буурна. Тэгэхээр Оюу толгойн урсгалыг нөхөх хэмжээний бизнес босгохгүй бол төгрөг улам л суларна.

-Ирэх жилийн мөнгөний бодлогод валютын ханшны зохицуулалт хэрхэн туссан бэ. Төгрөгийг хамгаалах зорилгоор интервенц их хийвэл нөөцөө ч барна, ханшаа ч алдана гэсэн шүүмжлэл их байдаг шүү дээ?

-Бодлогын хувьд инфляцийг онилоход бүрэн чиглэх бөгөөд төгрөгийн гадаад ханш уян хатан байх гэнэ. Энэ нь зөв байр суурь. Гэхдээ хуулийн хувьд хэрэгжүүлэхэд хэцүү. Учир нь Төв банкны тухай хуульд зааснаар Монголбанкны чиг үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах гэсэн заалт бий. Энэ заалт бол Монголын хөгжлийг чөдөрлөсөн хамгийн гайтай заалт. Яагаад гэвэл хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог. Манайх шиг жижиг улс нэг бол гадаад ханшаа, үгүй бол дотоод ханшаа л барих ёстой. Европын төв банк хүртэл зөвхөн дотоод ханшаа онилдог хуультай. Инфляциа хоёр орчим хувьд тогтворжуулна. Евро”-гийн гадаад ханш зах зээлийнхээ зарчмаар тогтоно гэдэг. Хонг Конг зөвхөн гадаад ханшаа тогтвортой байлгадаг. Дотоод ханш зах зээлийнхээ зарчмаар тогтох ёстой. Тэнд юмны үнэ өсөөд байна гэж үзье. Тэгвэл энэ нь хувийн хэвшлийнхэнд ашиг олох боломж болно. Нийлүүлэлт өснө. Юмны үнэ буурна. Үүний тулд зах зээл чөлөөтэй, элдэв хүнд суртал бага, эрүүл өрсөлдөөнийг хангах ёстой.

-Тэгэхээр яах ёстой вэ. Хуулиа өөрчлөх үү?

-Хамгийн зөв шийдэл бол төв банкны хуулийг өөрчлөх л байна. Монголбанк зөвхөн төгрөгийн дотоод ханшийг л нэг мөр хариуцдаг болох хэрэгтэй. Харин Засгийн газар төгрөгийн гадаад ханшийг дангаараа хариуцдаг болох ёстой. Ингэж чиг үүргийн том реформ хийхгүй бол төгрөг үүрд мөнхийн сульдаатай мөнгөн тэмдэгт болж үлдэнэ. Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хуулиар хамгаалж, бэхжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дурын нэг сайд нь агентлагийнхаа даргыг загнаж буй мэт төв банкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад зандраад суудаг маш буруу жишиг тогтлоо. Гэхдээ би хувьдаа энэ УИХ-ын үед ийм реформ хийгдэнэ гэдэгт итгэхгүй байна. Ардчиллын 30 жилийн түүхэнд байгаагүй мулгуу бүрэлдэхүүнтэй энэ УИХ нэг их самрахгүй байж байгаад ирэх сонгуультай золгоод авбал учиртай. Залуусын хэлдгээр нар мандах өдөр ирж л таарна.

-Хууль өөрчлөхгүйгээр ямар арга хэмжээ авах боломжтой вэ?

-Монголбанк эр зоригтой байх ёстой. Сонгууль угтсан популизмд үгүй гэж ядаж нэг удаа хэлэх ёстой. Улсын төсөв тэлэх бүрд инфляци гаарч байна. Инфляцитай тэмцэх нэрийдлээр хүү өсгөсний төлөөсийг хувийн хэвшил үүрдэг. Зээл олдохгүй. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Ингээд ажлын байр устана. Өрхүүд ядуурна. Энэ Засгийн газрын алдааг нуудаг, далдалдаг хоёр газар байна. Нэг нь Үндэсний статистикийн хороо, нөгөөх нь Монголбанк. УИХ уг нь энэ хоёр байгууллагыг ашиглаад Засгийн газрыг хянах, ажлыг нь хийлгэх учиртай. Даанч энэ УИХ үнэндээ усан тэнэгүүдээр дүүрчээ. УИХ-ын гишүүдэд ойлгомжтой болгох үүднээс нэг жишээ авъя. Жаахан хүүхдийг хог шүүрд гэв. Тэр хүүхэд шүүрдсэн хогоо тосгуурт хийж гаргаж хаяхын оронд залхуураад хивсэн доогуур нуугаад байвал яах вэ. Засгийн газар яг л ийм байдлаар ажиллаж байна. Монголбанк өөрөө Засгийн газрын хогийг нуудаг хивс болсон байна.

-Ажлын байр их байхад ажиллах хүн олдохгүй байна гэсэн шүүмжлэл бий. Гэтэл нөгөө талд ажилгүйдэл өсөөд байна гэдэг?

-Манайхан ажлын байр гэдгийг өнөө л социализмын үеийнхээрээ хардаг. Тоон үзүүлэлт гэж үздэг. Гэтэл ажлын байр үнэндээ чанарын үзүүлэлт юм. Ажлын байр бол амьжиргааны баталгаа байх ёстой. Манайд ажлын байрны чанар буюу цалин маш бага байна. Дор хаяж сард мянган ам.долларын цалинтай ажлын байруудыг олноор бий болгох ёстой. Гэвч манайд ажлын байр бий болгодог хүмүүсийг торгодог тогтолцоо тогтсон. Нэг жишээ хэлье. Ноднин буюу 2022 оны эхний хагаст 40 мянган ажил олгогч менежертэй байжээ. Гэтэл энэ 2023 оны эхний хагаст 33 мянга болж буурчээ. Үүнээс корпорацийн менежер 19 мянга нь харьцангуй тогтвортой байна. Харин жижиг, дунд бизнесийн менежерүүд, старт-ап, энтрепрэнэрүүдийн тоо ганцхан жилийн дотор долоон мянгаар буурчээ. Бодвол бүгд бизнесээ хаагаад Солонгос явж байгаа байх. Манай улсад 1.1 сая хүн ажил хийдэг. Гэвч тэдний олонх нь малчид, төрийн албан хаагчид. НДШ тогтмол төлдөггүй улирлын чанартай ажиллагсад байдаг. Сонгодог утгаараа хөдөлмөрийн харилцаанд ордог тогтвортой ажиллагч 300 мянга л байсан. Өөрөөр хэлбэл, энэ 300 мянган хүний нуруун дээр энэ улсын эдийн засаг тогтдог юм. Тэгвэл тэдний тоо 280 мянга болж буурчээ. Яагаад. Цалин бага байна. Цалин яагаад бага байна вэ. Хөдөлмөрийн бүтээмж алга байна. Хөдөлмөрийн бүтээмж яагаад бага байна гэхээр хөрөнгө оруулалт ба технологи алга. Энэ Засгийн газрын байгаа царай нь ч тэр элдэв гялтгар хурал хийхдээ сайн боловч эдийн засгийн гүнд ямар аймшигтай хямрал нүүрлэж байгааг огт олж харахгүй байна.

-Тэгвэл ямар шийдэл байна вэ?

-Шуурхай авах арга хэмжээ бий бий. Жишээ нь, ипотекийн зээлийг Засгийн газар хүлээж аваад нэгэнт хөлөө олсон хувийн хэвшилтэйгээ Монголоо бодоод хамтраад ажиллах хэрэгтэй. Ипотекийн хөтөлбөрөөр 114 мянган өрх байртай болсон. Энэ эрэлтийг хангах гэж 100 мянган ажлын байр бий болж байв. Боловсруулах салбарт ажлын байр хурдтай хорогдож байна. Ийм үед аж үйлдвэржилт ярих ямар ч боломжгүй. Боловсруулах салбарыг НӨАТ болон АМНАТ-өөс хэдэн жил чөлөөлчих хэрэгтэй. Түр зууртаа төсөвт алдагдалтай ч урт хугацаанд эрүүл хүчирхэг эдийн засагтай болох болно.

Одоо энэ УИХ, Засгийн газарт үг хэлээд нэмэргүй биз. Харин Монголбанкны удирдлагад хандаж нэг үг хэлмээр байна. Монголбанкны эцсийн хэрэглэгчид чинь ААН, өрх гэрүүд шүү. Түүнээс биш хоноцын сэтгэлтэй улстөрчид биш юм. Энэ улсад өнөөдөр социалист үеийн бэртэгчин систем сэргэж байна. Асуудлыг өөрсдөөсөө зайлуулдаг хүнд сурталтнуудын тогтолцоо эргэн ирж байна гэсэн үг. Инфляци болон төгрөгийн ханшийн уналт нь эдийн засгийг сүйрүүлдэг чөтгөр юм. Энэ чөтгөртэй тэмцэх үүрэгтэй гурван газар байна. Эдгээр нь Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк гурав боловч аль нь ч эцсийн хариуцлага хүлээдэггүй. Энэ гурав дундаа “бөмбөг өшиглөдөг”. Энэ тоглоомын хожигдогч нь хувийн хэвшил, өрх гэрүүд болдог. Монголбанк энэ чөтгөрийн тойргийг тас цохих хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн 12 цаг 20 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо 14 цаг 54 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ 16 цаг 5 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа 20 цаг 40 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв 20 цаг 48 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно 21 цаг 25 мин Хэнтий, Дорнод, Архангай аймагт 9,102 га талбай хээрийн түймэрт шатжээ 21 цаг 34 мин Эм, Эмнэлгийн Хэрэгслийн ХЗГ-ын үйл ажиллагааны талаар сонсож байна 21 цаг 40 мин Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй 21 цаг 46 мин Парисын олимпын нээлт болох газар өөрчлөгдөж магадгүй 22 цаг 2 мин Улаанбаатар өдөртөө 13 хэм дулаан 22 цаг 16 мин Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав Уржигдар 19 цаг 55 мин 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан гэжээ Уржигдар 18 цаг 16 мин “Бэлтэс Мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал энэ сарын 18-нд болно Уржигдар 17 цаг 44 мин Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээж нь гомдол гаргасан Уржигдар 14 цаг 40 мин 12 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял өглөө Уржигдар 14 цаг 32 мин Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д хүргэжээ Уржигдар 14 цаг 27 мин Улсын хэмжээнд нэг сая гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ Уржигдар 14 цаг 21 мин Эдийн засгийн энгийнээр Уржигдар 13 цаг 44 мин Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон, мөнгө угаасан хэрэгт дөрвөн хүнийг баривчилсан Уржигдар 13 цаг 12 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дар... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жа... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зоджээ Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Дэлхийн хамгийн өндөр настай иргэн өөд болжээ Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саату... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир...
Top