x

Кристофер Симс: Төв банкны бодлогын хүү өсөхөд төсвийн бодлого ямар нэг байдлаар хумигдаж байх ёстой

Нобелийн шагналт нэрт эдийн засагч Кристофер Симс (Christopher Sims)-ийн өндөр инфляцыг хэрхэн загварчлах тухай Centralbanking сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрээр энэхүү ярилцлагадаа урьд өмнө эдийн засагт тохиож байгаагүй дараалсан шокууд нь төв банкуудад эдийн засгийн өсөлт, инфляцын төсөөллийг хийхэд томоохон сорилтыг бий болгож байгаа талаар дурдлаа.

Кристофер Симс нь 1990-99 онд Йелийн их сургууль, 1974-90 онд Миннесотагийн их сургуулийн эдийн засгийн профессороор тус тус ажиллаж байсан бөгөөд  1999 оноос хойш Принстоны их сургуульд эдийн засгийн профессороор ажиллаж байна. Тэрээр Харвардын их сургуульд эдийн засгийн  докторын зэрэг хамгаалж, эконометрик, макро эдийн засгийн онол, бодлого боловсруулах чиглэлээр мэргэшижээ. Симс 2011 онд Томас Сарженттай хамтран “Макро эдийн засаг дахь шалтгаан, үр дагаврын эмпирик судалгаа”-гаар эдийн засгийн Нобелийн шагналыг хүртсэн юм.  Ингээд та бүхэнд ярилцлагыг хүргэе.    


-Та 2011 онд Нобелийн шагнал хүртэх үеэр тавьсан илтгэлдээ мөнгөний бодлогын талаарх эдийн засагчдын ойлголт “илүү өндөр түвшинд” хүрч байгаа ч тэдний зогсож буй газар нь ганхсан хэвээр байна гэсэн байдаг. Үүнээс хойш ахиц дэвшил гарсан уу?

-Тэр үеэс хойш эдийн засагт бий болж буй өөрчлөлтүүд, түүний учир шалтгаан зэрэг нь ихээхэн өөрчлөгджээ. Хэдийгээр бидний ашиглаж буй арга аргачлал илүү сайжирч, боловсронгуй болсон ч үүнтэй зэрэгцээд бодлого боловсруулахад тулгарч буй бэрхшээлүүд нэгэн зэрэг нэмэгдсээр байна.

-Та өнгөрсөн хугацаанд Динамик Стохастик Ерөнхий Тэнцвэрийн (ДСЕТ) загварчлал нь үр дүнтэй ч засах шаардлагатай, дутагдалтай зүйлүүд бий гэж хэлж байсан. Цаашид энэ тал дээр хийгдэх ажлууд юу байна гэж та харж байна вэ?

-Ерөнхийдөө, загварчлалын ямар арга хэлбэрийг сонгох нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг бөгөөд загварууд нь эдийн засгийн бодит нөхцөл байдлыг үргэлж хялбаршуулсан байдаг. Төв банкуудад ашиглагдаж буй ДСЕТ загвар нь макро эдийн засгийн тоон мэдээлэлд анализ хийж, бодлогын шийдвэр гаргалтад ашиглаж буй оролдлогын нэг хэлбэр юм. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралаас өмнө буюу төв банкуудын хүүний түвшин эерэг түвшинд хэлбэлзэж, санхүүгийн томоохон хямрал тохиогоогүй байсан 1980, 1990-ээд оны үед ДСЕТ-ийн загварыг загварчлалын сайн арга хэлбэр болсон гэж үзэж байсан. Эхэндээ ДСЕТ загварт санхүүгийн секторын хэсгийг орхигдуулсан нь тийм ч алдсан юм шиг санагдаагүй. Гэтэл санхүүгийн хямралын үед загварыг тухайн нөхцөл байдалд тохирсон байдлаар ажиллуулахын тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хурдан хугацаанд хийх шаардлагатай болсон. Гэхдээ загварчлалын сайн багтай төв банкууд, тухайлбал  Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк үүнд маш хурдтайгаар хариу үйлдэл үзүүлж, өөрсдийн загвартаа санхүүгийн механизмуудыг оруулсан байдаг.  

Ковид-19 цар тахал, ОХУ-Украины дайн, дэлхийн санхүүгийн хямрал зэрэг нь урьд өмнө тохиож байгаагүй шинэ шокууд бий болж, загварт шаардлагатай түүхэн тоон мэдээллүүд дутмаг байгаа нь төв банкуудын бодлогын хариу үйлдэлд гол сорилт болж байгаа юм. Иймээс л загваруудад Бейсийн аргачлалыг ашиглах нь нэмэгдэж байна. Учир нь  Бейсийн аргачлалын тусламжтайгаар ямарваа нэг түүхэн мэдээлэл байхгүй байсан ч таамаглалд үндэслэн сценари шинжилгээнүүдийг хийх боломжтой болдог. Үнэхээр одоогийн нөхцөл байдал бодлого боловсруулагчдад хамгийн хүнд сорилтын үе болж байгаа бөгөөд тоон мэдээлэлд суурилан загварыг ажиллуулахын зэрэгцээ судлаачийн эргэцүүллийг тусгах шаардлага улам бүр нэмэгдсээр байна.

-Та карьерынхаа ихэнх хугацаанд эконометрик нь эдийн засгийн шинжлэх ухааны нэг чиглэл гэдгийг баталсаар ирсэн. Одоо эдийн засагчид үүнийг илүү нухацтай авч үздэг болсон гэж та бодож байна уу?

-Микро эдийн засгийн хувьд бидэнд илүү том хэмжээний тоон мэдээлэл, өгөгдлүүд байдаг тул тэдгээртэй ажиллах аргууд ч улам боловсронгуй болсоор байна. 2021 онд Жошуа Анрист, Дэвид Кард, Гуидо Имбенс нар цалингийн доод хэмжээ, шилжилт хөдөлгөөн болон боловсролын салбарын бодлогын өөрчлөлтийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлж буй нөлөөллийг байгалийн туршилт (natural experiment) дээр суурилан судалж, судалгааны тоо мэдээллийг боловсруулах аргачлал, задлан шинжлэх, дүгнэх судалгааны арга зүйг боловсронгуй болгосноороо эдийн засгийн Нобелийн шагналыг хүртсэн байдаг. Эконометрикийг тэдний хэв маягаар ашиглавал бодлого боловсруулагчид ойлгоход хялбар, бодлогын үр дүн ч нэмэгдэнэ гэж үзсэн. Үүнтэй ч би санал нэг байна.

Гэхдээ макро эдийн засагт байдал өөр юм. Шинэ өгөгдөл тийм ч их байхгүй, бид үргэлж шаардлагатай хэмжээнээс бага мэдээлэлтэй байдаг. Бас шокууд гэж байна. Өмнө нь хэн ч эдгээр шокуудыг урьдчилан таамаглаагүй атлаа үүнд макро загваруудыг  буруутгах хандлага их байдаг. Төв банкны бодлогод ДСЕТ-ийн загварыг ашиглаж эхэлж байсан эхэн үед энэ чиглэлийг хүмүүс маш их сонирхон, олон залуу мэргэжилтнүүд энэ чиглэлд ажиллах болсон. Мөн бидний өмнө нь тооцоолж байснаас илүү нарийн, төвөгтэй загваруудыг Бейсийн аргыг ашиглан тооцоолж болохыг мэдсэн юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд макро загваруудыг сонирхож судлах байдал бага зэрэг буурсан гэж хэлж болно. Миний бодлоор олон төв банкуудын хувьд макро загваруудыг хөгжүүлэх, сайжруулах хүсэл эрмэлзэл, инновац зэрэг нь буурсан харагдаж байна. Тухайлбал, Холбооны нөөцийн сангийн (ХНС) ашигладаг загвар болох FRB/US нь ДСЕТ-ийн загвараас өмнөх үеийн том загвар бөгөөд одоо хүртэл үүнийг гол загвар болгон ашигласан хэвээр байгаа юм. Тус загвараар олон хувьсагчдын төсөөллийг үр дүнтэй гаргаж, бодлого боловсруулагчдад яг л хэрэгтэй мэдээллийг өгөх хэдий ч энэ нь үнэндээ эконометрик загвар бол биш юм.

-ДСЕТ-ийн загвар болон бусад загваруудын (хагас бүтцийн г.м) ялгаа нь юу вэ? Зарим төв банкуудын адилаар хоёуланг нь ашиглах нь давуу талтай гэж та үзэж байна уу?

-ДСЕТ нь бүтцийн загвар, харин хагас бүтцийн загварын нэг хэлбэр нь ихэнх төв банкуудад ашиглагддаг бүтцийн вектор авторегресс (VAR) загвар юм. Эдийн засгийн төрөл бүрийн индикаторуудын төсөөллийг агуулдаг ХНС-гийн “Greenbook” зэрэг загвар нь маш олон хувьсагчдын төсөөллийг багтаах тул түүнд шаардлагатай хэмжээнд бүтцийн VAR-г өргөжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд эдгээр хагас бүтцийн загвар нь ХНС-гийн ашигладаг FRB/US загвартай адил зүйлийг хийж чадахгүй. Тэр ч байтугай ДСЕТ загвар хүртэл аль болох бага тооны хувьсагчдыг багтаах хандлагатай байна. Тиймээс бодлогын шинжилгээ хийхэд шаардлагатай нарийвчилсан мэдээллүүдийг жижиг загвар ашиглан таамаглахын тулд өөр нэмэлт мэдээллүүд хэрэгтэй болдог.

-Төв банкуудын ашиглаж буй загварууд шокыг таамаглах чадвар муу байгаад хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа талаар та дурдсан. Өнгөрсөн жилд л гэхэд төв банкууд инфляц өндөр түвшинд удаан хадгалагдаж байгаад гайхширч байх шиг байсан. Та үүнийг загварын дутагдалтай тал гэж үзэж байна уу?

-Тийм ээ, энэ бол ямар нэг хэмжээгээр загварын дутагдалтай тал юм. Миний олон жилийн турш хэлсээр ирсэн зүйлийн нэг бол эдгээр загварууд нь сангийн бодлого, түүний баялгийн нөлөөг орхигдуулж байгаа нь буруу юм. ДСЕТ загвар нь өөрөө мөнгөний бодлогын төлөв өөрчлөгдөхөд сангийн бодлогын тохируулга автоматаар хийгдэнэ гэсэн урьдач таамаглалд үндэслэсэн бөгөөд төсвийн тэгшитгэлийг загварт оруулахгүй байх нь тийм ч их дутагдал үүсгэхгүй гэж үзсэн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр төсвийн тохируулгууд хийгдэхгүй тохиолдолд мөнгөний бодлогын үр нөлөө буурч, үр нөлөөгүй ч болох магадлалтай юм. Төв банкны бодлогын хүү өсөхөд төсвийн бодлого ямар нэг байдлаар хумигдаж байх ёстой. Мөн инфляц өсөхөд илүү томоохон хэмжээний төсвийн бодлогын тохиргоо хийгдэх шаардлагатай болно.

Бидний өнөөгийн нөхцөл байдал бол Засгийн газрын өрийн хэмжээ ихэссэн, хүүгийн түвшний төсөвт үзүүлэх нөлөө маш ихээр нэмэгдсэн үе юм. Бид хууль тогтоогчид ялангуяа сенат болон төлөөлөгчид төсөвт эзэлж буй хүүгийн зардлын энэхүү томоохон өсөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг сайтар анхаарах хэрэгтэй. Зээлийн бүтэц өөрчлөгдөх бүр хүүгийн зардал улам бүр нэмэгдэнэ. Үүнд сангийн бодлогоор ямар хариу үзүүлэх вэ гэдэг нь чухал юм.

-Тэгэхээр бодлогын хүүг өсгөх нь зөв үү?  

-Тийм ээ, энэ бол бодлогын нэг хариу үйлдэл мөн. Үүнээс гадна, төсвийн бодлогын тохиргоо илүү чухал болно. Байдены засаг захиргаанаас гаргасан сүүлийн 2 том хуулийн төсөлд төсвийн томоохон тохируулгууд хийгдсэн. Эдгээр нь төсвийн алдагдлыг өсгөж, бууруулж буйг мэдэхгүй ч энэ нь таны төлөх татвар нэмэгдэнэ л гэсэн үг юм.

-Цар тахлаас хойш бодлого боловсруулагчид сангийн бодлогын үнийн түвшинд үзүүлэх нөлөөг илүү сайн ойлгодог болсон гэж та харж байна уу?

-Санхүүгийн зах зээлд оролцогчид, зарим бодлого боловсруулагчид төсвийн алдагдал нь инфляцыг хөөрөгддөг гэж ярьдаг. Харин Буш-ийн засгийнхантай үүнийг яривал Дик Чение-гийн алдартай үг болох “АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Реган төсвийн алдагдал нь үнийн өсөлтөд хамаагүй гэдгийг баталсан” гэсэн хариуг авна. Төсвийн алдагдал нь эцэстээ үнийн өсөлтөд хүргэдгийг авч үзэхгүй бол төсвийн алдагдал нь яагаад чухал вэ гэдэг нь тодорхойгүй юм. Мөн зах зээлд оролцогчид төсвийн том алдагдалтай байсан ч ямар нэгэн муу зүйл болохгүй гэж бодож байсан үе бий. Гэтэл бид одоо инфляцтай нүүр тулж байна. Энэ нь цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбоотой төсвийн өндөр алдагдал болон Трампын засгийн үед татвар буурсантай холбоотой байж магадгүй гэж үздэг. Миний хувьд ч мөн тэгж бодож байна.

-Таны өмнөх судалгааны ажлуудад төв банкны тэнцэлд томоохон алдагдал үүсэх эрсдэл бий гэж анхааруулж байсан. Одоо бид олон төв банкууд энэ асуудалтай тулгарч байгааг харж байна. Энэ алдагдал хэр аюултай вэ? Төв банкууд одоо юу хийх хэрэгтэй вэ?

-Марко Дэл Нэгро-той хамтран бичсэн өгүүлэлд аюулыг анхааруулаагүй үнэндээ нэг талаараа тайвшруулсан юм. Бид маш энгийн калибрац хийсэн загварын тусламжтайгаар ямар нөхцөлд Холбооны нөөцийн сан (ХНС)-д төсвийн дэмжлэг шаардлагатай болохыг судлахыг зорьсон. Бид одоо ч ХНС-нд төсвийн дэмжлэгийн шаардлага үүсэхгүй гэж бодож байна, гэхдээ энэ нь ХНС-гаас төрийн сан руу чиглэсэн seigniorage орлогоо бууруулна гэсэн үг биш юм.

ХНС seigniorage орлогоосоо багагүй хэсгийг Төрийн сан руу шилжүүлсээр ирсэн. Маркотой хамтран хийсэн шинжилгээнд бид ямар ч үед ХНС Төрийн сан руу чиглэх шилжүүлгээ зогсоож, тэнцлээ нөхөн бүрдүүлэхийн тулд seigniorage орлогоо хуримтлуулах шийдвэр гаргаж чадна гэсэн урьдач нөхцөлийг тавьсан. Инфляцын зорилттой үед ХНС дурын хэмжээгээр seigniorage орлого олохгүй, мөн Төрийн сан руу шилжүүлэх урсгалаа бууруулахаас гадна төсвийн дэмжлэг хэрэгтэй болох учраас бид seigniorage орлого хангалтгүй байх нь цор ганц тулгамдаж болох аюулын нэг гэж үзсэн. Харин одоо ХНС-д төсвийн дэмжлэг хэрэгтэй болох хэмжээний шок тухайн ажлыг бичих үеийнх шиг аюултай биш байна. Гэхдээ Төрийн сан руу орж буй seigniorage орлогын урсгалыг багасгах шаардлага үүсэж болзошгүй юм.

ХНС-гийн өр төлбөр нь хөрөнгийн хэмжээнээс давсныг зах зээлд оролцогчид мэдэх үед улс төрийн зарим шахалтууд гарах уу гэсэн асуулт бас урган гарна. Тухайлбал, зээлийн хүү өссөн тул улс төрчид татвараа нэмэх, зардлаа танах ёстой гэж үзэж, ХНС-г буруутгах хандлагууд бий болно. Ийм төрлийн улс төрийн асуудлууд нь ХНС-д асуудал үүсгэж болзошгүй юм.

-Чухал ойлголтуудыг өгсөнд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 19 цаг 7 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 19 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top