x

Б.Мэргэн: Төрийн албанд олон жил бугшсан нэг асуудал бол зөвхөн тухайн хүнд зориулсан шаардлагыг нэмж оруулдаг явдал

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүд төрд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг томилдог, томилуулдаг талаарх яриа одоо ч маргаан дагуулдаг. Юуны өмнө төрийн өндөр албан тушаалтан гэх тодорхойлолтод ямар ямар хүмүүсийг хамаатуулж ойлгох ёстой гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-УИХ-аас баталсан тогтоолоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэв, ангиллыг баталсан байдаг. Төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгийн өндөр зэрэглэлийн албан тушаал бол Ерөнхийлөгч. Түүний дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайдууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхүүд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, ШЕЗ-ийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга гэх мэт 100 гаруй албан тушаалтнууд бий.

-Хашиж байгаа албан тушаалаас нь хамаараад тодорхой хэмжээний эрх мэдэл төвлөрдөг. Хэдийгээр манайд нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлж, нэгийг нь нөгөөгөөр нь хянуулдаг тогтолцоог бүрдүүлэхийг хичээж байгаа ч бодит байдал дээр төрийн өндөр албан тушаалтнууд ойр дотныхоо хүнийг төрд шургуулж, гар хөлөө болгох тохиолдол байсаар л байна. Үүнийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин юу байна вэ?

-Төрийн албаны тухай хуулиар дээрх харилцаа зохицуулагдаж байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд хэнийг сайдаар томилох нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Төрийн өндөр албан тушаалтанд ихэвчлэн улс төрийн албан тушаалтнууд сонгогддог. Төрийн жинхэнэ албан хаагч, захиргааны албан хаагчийн хамгийн өндөр зэрэглэл нь Төрийн нарийн бичгийн дарга байдаг. ТНБД-аас авахуулаад газар, хэлтсийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагч учраас тодорхой хэмжээний шалгуурыг хангасан байх ёстой. Хамгийн наад заах нь салбартаа 5-10 жил ажилласан байх, шатлан дэвших зарчмаар явах ёстой гэх мэт. Мөн Төрийн албаны хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой. Хууль ном журмынхаа дагуу Төрийн албаны зөвлөлөөс тухайн зарлагдсан албан тушаал дээр тохирсон шаардлагуудыг зарлаад, горилогчдоос шалгалт авах ёстой. Ингээд шалгалтад тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авч, болзол хангасан хүн нь тухайн ажлын байран дээр томилогдох ёстой. Гэтэл одоо болтол ийм зарчмаар төрийн албан хаагчид томилогдохгүй хэвээр л байна. Ойрын жишээ дурдахад, Уул уурхайн Төрийн нарийн бичгийн даргыг томилсон.

Тухайн хүн салбартаа олон жил ажилласан байх ажилласан жилийн шаардлагыг хангахгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй хүн төрийн өндөр албан тушаалд томилогдсон гэсэн үг. Төрийн албанд олон жил бугшсан нэг асуудал бол хэн нэг хүнийг тухайн албан тушаалд томилохын тулд Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа шаардлага дээрээ зөвхөн тухайн хүнд зориулсан шаардлагыг нэмж оруулдаг болсон. Үүний үр дүнд өнөөх хүнээс өөр ямар ч хүн тэр шаардлагыг хангах боломжгүй болдог гэсэн үг. Тухайн хүндээ зориулж бараг шалгалт зарлуулдаг. Энэ жишгээр явж байгаа жишээ олон бий.

-Зөвхөн тухайн хүнд зориулсан шаардлагыг нэмж оруулдаг гэдгийг илүү тодруулж өгч болох уу. Тусгайлчилсан шаардлагыг нэмнэ гэсэн үг үү?

-Тухайлбал, ОХУ-ын Уралын их сургуулийг төгссөн байх ёстой гэх мэтчилэн. Тухайн хүний ажиллаж байсан ажлын байр, төгссөн сургуулийг зааж өгнө гэсэн үг. Төрийн албаны шалгалт зарласан уу зарласан. Харин шаардлагыг нь тухайн томилохоор төлөвлөсөн хүнээс нь өөр хэн ч хангах боломжгүй гэсэн үг. Товчхондоо, тухайн хүнийхээ намтарт нь тааруулж, ажлын байрны шаардлагаа тавьчихдаг. Эсвэл улаан, цагаандаа гараад огтоос шаардлага хангаагүй хүнийг шууд томилж байна. Зарим тохиолдолд Төрийн албаны шалгалт авахаас нь өмнө тухайн албан тушаалд томилчихоод араас нь шалгалт авдаг тохиолдлууд ч бий.

-Шаардлага хангахгүй байхад төрийн албанд томилох эрх мэдэл гагцхүү төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд л олдох боломж байх л даа. Танил талгүй, бор зүрхээрээ яваа хүмүүст төрийн албаны босго өндөр л байх шиг санагддаг?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

3.1.6."Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;

3.1.7."Ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэлнэ хэмээн тодорхой заачихсан байгаа. Гэхдээ хуульд зааснаар хамаарал бүхий этгээд биш буюу төрөл садан, ямар нэгэн бизнес хамтарч эрхэлдэггүй боловч ямар нэгэн байдлаар өөрийн хүнийг тухайн албан тушаалд томилж байгаа нь хуулийн нэр томьёонд таарахгүй ч цаагуураа хамааралтай л болж таараад байгаа юм. Тэгэхээр хуулийн нэршлээр хамаарал бүхий этгээд биш боловч ямар нэгэн байдлаар хамааралтай хүнээ л төрийн албанд томилж байгаа нь ойлгомжтой асуудал.

-Төрийн албан хаагчдын тогтвортой байдлын талаар олон жил ярьж байна. Харамсалтай нь сайд солигдоход дагаад тэр яамны бүтэц газар, хэлтсийн дарга нараас авахуулаад бүгд солигддог. Төрийн албыг төрлийн, танилын, найз нөхөд, ах дүү, амрагийн томилгоо болгодог байдлаас хэрхэн сэргийлэх вэ?

-Төрийн сайд, яам агентлаг, газрын даргаар шинээр томилогдож байгаа хүмүүст нийтлэг нэг арга заль байдаг. Ажлын байран дээр очингуутаа шууд халаа сэлгээ хийхээс илүүтэй ажлаас нь гаргахыг хүсч байгаа хүнээ ажлын ачааллаар дардаг, залхаадаг, цаашлаад “Өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгчих” гэж хэлдэг тохиолдол ч бий. Учир нь хэрэв тухайн алба хаагч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй халагдсан гэх тодорхойлолтод орвол намтарт нь хар түүх болж үлддэг. Цаашлаад дахин төрийн албанд орж ажиллахад том хаалт, саад болдог. Тийм учраас зарим нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихвөл төрийн албаны нөөцөнд бүртгэгдэхээс гадна дараа нь өөрийн хүсэлтээр ажлаа чөлөөлөгдсөн гэдэг сайн түүхтэй үлддэг нь давуу тал болдог. Мөн хэн нэгэн сайдыг томилох нь намын доторх бүлэглэлүүдийн хоорондох томоохон асуудал байдаг. Хэдийгээр бүрэн дүүрэн баталгаатай мэдээлэл биш хэдий боловч тодорхой албан тушаалтнуудаас сонсож байхад тухайн сайдад томилогдож чадаагүй хүмүүс нь “Төрийн нарийн, газар, хэлтсийн даргын албан тушаал минийх шүү” гэх мэтээр сайд нь албан ёсоор томилогдоогүй байхад тохироо нь хийгдээд явдаг гэж байна. Төрийн албаны алдаа завхралыг засахын тулд шинээр хууль батлах шаардлага байхгүй гэж бодож байна. Манайд хуулиас их юм алга. Асуудлын гол нь баталсан хуулиа хэрэгжүүлдэггүйд л байна. Хамгийн наад зах нь Эрүүгийн хуульд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахыг хориглочихсон заалт бий. Гэтэл албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож шалгалтдаа доогуур оноо авчихаад байхад нэгээр гаргаад ирвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно. Тэгэхээр шинээр хууль батлахаас илүүтэй одоо мөрдөгдөж байгаа хуулиудынхаа хэрэгжилтэд анхаарах нь чухал.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг төрийн албанд ажиллахыг хориглох хуулийн заалт хэрэгжүүлбэл хүний эрхийг зөрчсөн үйлдэл болох уу?

-Хуульд зааснаар хамаарал бүхий этгээд гэхээр дээр дурдсан тодорхой хүрээний хүмүүс гараад ирнэ. Гэтэл хамаарал бүхий этгээд гэх нэр томьёонд орохгүй хэрнээ нэг фракц гэдэг юм уу, ойр дотно байдлаараа албан тушаалд томилж байгаа бол тэр хүрээний ойр тойрныхон нь л албан тушаалд томилогдож байна гэсэн үг. Одоо ч хуулийн зохицуулалтаар хамаарал бүхий хүмүүс нэг салбар, санхүү эрх мэдлийн эрх мэдэлтэй үед томилогдохгүй байх гэх мэт хуулийн зохицуулалтууд бий. Гэтэл аав, ээж нь, хэн нэгэн нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагаас үүдэн хүүхэд нь төрийн албанд ажиллахыг шууд хориглох нь хүний эрхийн зөрчил болох магадлалтай. Нийтийн сонсголын тухай хуульд хэд хэдэн төрлийн сонсголыг тавьж өгсөн. Тухайн хууль батлагдлаа гэхэд таван жилийн дотор хуулийн хэрэгжилт ямар байв, цаашид юу анхаарах, нэмэлт зохицуулалт оруулахаар байна уу гэдэг талаар нээлттэй сонсгол явуулах ёстой. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн талаар одоо сонсгол хийж алдаа оноогоо ярилцах цаг болсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top