x

О.Баасанхүү: Ерөнхийлөгч Х.Баттулга "АН-аас нэр дэвшмээр байна" гэж нэг ч удаа хэлээгүй

УИХ-ын гишүүн асан, АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УДШ-ийн хуралдаанаас АН-ын даргын асуудлаар өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн юм байна. Өмнөх хуралдаанаас Ц.Тувааныг /намын даргын үүрэг гүйцэтгэгч/ бүртгэлээс хасч, мөн С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзсан. Тэгэхээр АН даргагүй хэвээр үлдсэн гэсэн үг үү?

-Тийм биш. Өнгөрсөн оны долдугаар сарын 2-ны өдөр АН-ын ҮБХ-ноос тогтоол гарч, тэр тогтоолыг үндэслэж АН-ын дарга С.Эрдэнэ “Наймдугаар сарын 23-ны дотор намын шинэ даргыг сонгох, ҮБХ-ны тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Ц.Туваан гэдэг хүнд өгсөн байдаг. Тэр хүртэлх хугацаанд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, намын тамгыг өгсөн. Гэтэл Ц.Туваан наймдугаар сарын 23-нд зарлагдсан намын Их хурлын товыг хүчингүй болгоод арванхоёрдугаар сард намын Х Их хурлыг хийсэн. Энэ хурлаар намын даргыг сонгоогүй. Харин “АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэдэг бичгийг УДШ-д өгсөн байдаг.

Тиймээс намын дарга С.Эрдэнэ “Х Их хурлыг зохион байгуулсан нь нь намын дүрэмд нийцэхгүй байна. Намын даргын орлон гүйцэтгэгчээр томилогдсон энэ хүнд би намын шинэ даргыг сонгох, томилох шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй ээ” гээд энэ хүнийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Тиймээс УДШ Ц.Тувааны намын даргыг түр орлон гүйцэтгэгчийг хүчингүй болгож, цахим бүртгэлээс хассан. Мөн намын дүрмийг баталсан нь хуульд нийцэхгүй байна гээд бүртгэхээс татгалзсан. Мөн С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзсан. С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын даргаар шинээр сонгогдсон бус, хуучин бүртгэлтэй байсан хүн. Тийм учраас Дээд шүүхийн шийдвэр зөв байсан.

-Үүрэг гүйцэтгэгч байхгүй болчихоор С.Эрдэнэ эргээд намын дарга болсон гэсэн үг үү? С.Эрдэнэ өөрөө намын даргаас өөрөө саналаараа огцорсон биз дээ?

-Өөр хэн намын дарга байх юм. Аль ч байгууллага, компанид дүрэм журам гэж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль гэж байна. Компаниар яривал дараачийн удирдлага нь томилогдож байж компанийн удирдлага солигдлоо гэж үзнэ биз дээ. Хуулиндаа ч тийм байдаг.

Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард Б.Нүрзэд гэдэг хүн УДШ-эд хүсэлт гаргаад “Бид алдаагаа засчихлаа” гээд намын шинэ дүрмийг бүртгүүлэхээр бичиг явуулсан.

-Намын их хурлаар хэлэлцсэн дүрэмд байгаагүй 4.2 заалтаас болж намын дүрмийг бүртгэхээс татгалзсан юм биш үү? Үндсэн дүрмийн хорооноос нэмж оруулсан тэр заалтыг хасаад дүрмийн өөрчлөлтөө дахиад өргөн барьсан гэж ойлгосон? С.Эрдэнэ дарга өөрөө...

-Тэрнээс болсон юм биш. Намын их хурлыг зарлан хуралдуулахаас 14 хоногийн өмнө бүх гишүүддээ зарлаж, мэдэгдэх ёстой. Тэрийг зарлаагүй хурлаа хийчихсэн. Тийм учраас УДШ дүрмийг бүртгэхээс татгалзсан. Гэтэл сая УДШ-д дахиж хүсэлт өгөхдөө 14 хоногийн өмнө зарласан болгоод, өмнөх бичиг баримтынхаа огноог нь засаад өгчихсөн. Хоёрдугаарт, Х Их хурлаас ҮБХ, ҮДХ гээд намын бүх байгууллагаа татан буулгачихсан. Ц.Туваан, Б.Нүрзэд хоёроос өөр ямар ч эрх бүхий этгээд АН-д байхгүй болчихоод байгаа. Хэрвээ Х Их хурал болсон гэж үзвэл.

Тиймээс С.Эрдэнэ дарга “Намын дүрмийн өөрчлөлт болон дүрэмд өөрчлөлт оруулсан үйл явц нь намын дүрэм болон хуульд нийцэхгүй байгаа учраас 2017 онд намын IX их хурлаар баталсан намын дүрэм хэвээрээ байгаа. Энэ дүрмийн дагуу бид намын Их хурлаа хуралдуулна аа” гэж байгаа. 2017 онд баталсан намын дүрэм яг тэр хэвээрээ ҮДШ дээр хадгалагдаж байгаа. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь С.Эрдэнэ дарга хэвээрээ байгаа. Тийм учраас С.Эрдэнэ дарга “Энэ мэдээллээ цахим бүртгэлдээ тавиач ээ” л гэдэг хүсэлтийг УДШ-д тавьсан. УДШ болохоор Ц.Туваан гэдэг хүнийг цахим мэдээллийн санд тавьчихсан байсан. Тэрийгээ болиоч ээ л гэсэн. Яагаад гэвэл намын Их хурлаар энэ хүний асуудлыг яриагүй.

-Тэгээд УДШ ямар хариу өгсөн бэ?

-“С.Эрдэнэ гэдэг хүний цахим мэдээллийн санд одоо байршуулах боломжгүй байна аа. Яагаад гэвэл хоёр тал хоёулаа намын Их хурлаа хийе гэж байна. Их хурлаа хийгээд шийдвэрээ гаргасны дараа материалыг хүлээж авна аа” л гэсэн. Тэгэхээр намын дарга С.Эрдэнэ гэдэг хүн өөрчлөгдөөгүй гэсэн үг.

-Тэгэхээр ямар ч байсан намын Их хурлыг хуралдуулах юм байна. Ямар асуудал шийдэх вэ?

-Наймдугаар сарын 23-нд Их хурал хуралдсан бол тухайн үед манай намын 5-6 хүн намын даргад өрсөлдөнө гэдэг хүсэлтээ илэрхийлчихсэн байсан. Тэр хүмүүсийн хүсэлтийг сэргээсэн. Дээр нь нэр дэвшихээ шинээр илэрхийлж байгаа хүмүүсийн хүсэлтийг хүлээж авна. Тэгээд намын нийт гишүүдийн дунд сунгаа явуулаад хамгийн олон санал авсан хүнийг намын Их хурлаас АН-ын даргаар томилно. Намын их хурлыг тавдугаар сард хийхээр ярьж байгаа. Яагаад гэвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг заавал намын Их хурлаар батламжлах хуультай. Тийм учраас тэр хурлаар намын даргаа ч томильё, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ч батламжилья гэж байгаа.

-Гэхдээ нөгөө тал чинь үүнийг хүлээж авах болов уу? Ц.Туваан, Б.Нүрзэд хоёрын тухай ярьж байна л даа...

-Гол шаардлага бол бүх зүйл хуульд нийцэж байх ёстой. Би Ц.Туваантай уулзаж байсан. Б.Нүрзэдтэй утсаар ярьсан. Ц.Туваанд “Та намын Их хурлыг хуралдуулах юм байна. Надад ирсэн мэдээллээр бол та намын дүрмийн өөрчлөлт хийх гэж байгаа юм байна. Би хуульч хүний хувьд, намын гишүүний хувьд дүрмийн өөрчлөлт дээр чинь хамтарч ажиллая, тусалья. Хуульд нийцүүлэх ажлыг нь хийж өгье” гэсэн. Гэтэл тэр хүн “Би Халтмаагийн Баттулга гэдэг хүний төлөө ажиллана. Энэ хүний төлөө явна. Та бол Х.Баттулга Ерөнхийлөгчид таалагддаггүй юм байна. Тэгэхээр би тантай хамтарч ажиллаж чадахгүй ээ” гэсэн. Хэн нэгэнд таалагдах, таалагдахгүйн тухай асуудал хоёрдугаарт шүү. Хууль дүрэмдээ нийцүүлж ажиллах нь нэгдүгээр асуудал шүү гэдгийг Ц.Туваанд хэлсэн.

Тэгээд арванхоёрдугаар сард намын Их хурал боллоо гэхээр нь Б.Нүрзэд рүү ярьсан. Яагаад ҮБХ-ны гишүүдээ оруулахгүй байгаа юм бэ? Яагаад УИХ-ын гишүүн байсан хүмүүстээ урилга явуулаагүй юм бэ? Сайн муу ч гэсэн энэ намын лидер гэгдээд, УИХ-д сонгогдоод явж байсан хүмүүсээ намынхаа Их хуралд оролцуулдаггүй юм бэ? гэхэд “Бид хүмүүсээ бодлогоор сонгосон” гэсэн.

-Ямар бодлогоор?

-Мэдэхгүй. Би “Бодлого зөрсөн, зөрөөгүй тухай яриагүй ээ. Намын Их хурал хийж байгаа бол намын даргаа ядаж оролцуул аа. Намын Их хурлаа зарласан процесс чинь өөрөө хуулинд нийцэж байх ёстой шүү, Нүрзэд ээ” гэж хэлсэн. Гэтэл “Зарим нэг хүнээс асууя” гээд л алга болчихсон.

-“Зарим нэг хүн” гэж Ерөнхийлөгчийг хэлж байгаа юм уу?

-“Ерөнхийлөгч” гэж хэлээгүй.

-С.Эрдэнэ дарга оролцсон уу?

-Уриагүй. Уриагүй юм чинь яаж оролцох юм. Уриад ирээгүй бол ирээгүй гэж ярьдаг биз дээ. Намын их хурал хуралдуулах гэж байгаа бол ядаж УИХ-ын гишүүн байсан хүмүүсээ урих хэрэгтэй, үе үеийн намын дарга байсан хүмүүсээ урих хэрэгтэй. МАН жишээ нь тийм байгаа биз дэ. Н.Багабанди гуай бол уригдаад л яваад байдаг юм билээ. Д.Содном гуай бас харагдаад л байдаг юм билээ. Гэтэл С.Эрдэнийгээ ч уриагүй, бусдыг нь ч уриагүй. “Бодлогоор” гээд л явсан. Ардчилал гэдэг чинь “Таны хэлэх үг надад таалагдахгүй байлаа ч гэсэн таны хэлэх эрхийг хангахын төлөө би явна аа” гэдэг л зарчим шүү дээ.

Би бол мэдэж байна, Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн маш завгүй хүн байгаа. Энэ хүнийг мэдээллээр хангадаг доод талын дүү нар нь Ө.Шижир ч юм уу, н.Саруул нь энэ хүнд буруу мэдээлэл өгөөд байна. Ядаж хоёр хуудас цаас аваачаад өгчихгүй байна. Амьдралдаа нэг удаа ийм хурал хийж үзээгүй байж туршлагатай хүмүүсээсээ асуухгүй яваад байна. Улс төрийн намын хуулиар Монголд хамгийн их туршлагатай хүн нь би шүү дээ. /инээгээд/ МАН байгуулагдахад би МАХН-ыг бүртгүүлсэн. МАХН-аасаа шинэчлэл хийж гарсан. Даанч нөгөө хонгилууд нь хүчээр дарж, гарах гарцгүй болгосон учраас арай илүү ардчилалтай хүмүүсийг сонгож, АН-д орсон.  

Тийм учраас АН анхнынхаа бичиг баримт, дүрэм журмаараа Их хурлаа хуралдуулах ёстой. С.Эрдэнэ дарга бол Ц.Туваан, Б.Нүрзэд бүгдийг нь урьж байгаа юм билээ. Хуралдаа оролцоорой, хүсвэл намын даргад өрсөлдөөрэй, намын гишүүдээрээ сонгуулъя гэж байгаа. Тэр зарчмаараа явах байх.

-Намын их хурал хуралдахаас өмнө намын дүрмийн өөрчлөлт дээр ажлын хэсэг гараад өнгөрсөн намаржингаа явсан санагдаж байна. Тэгээд дүрмээ өөрчилсөн. Шинэчилсэн дүрмийн хувьд жишээ нь буруу, болохгүй зүйл байна уу?

-Дүрмээ өөрчилж болно шүү дээ. Хэн өөрчлөх, хэзээ өөрчлөх, яаж өөрчлөх вэ л гэдэг асуудал. Хамгийн түрүүнд дүрмийн өөрчлөлтийн төслөө намын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой. Анхан, дунд шатны гишүүдээрээ хэлэлцүүлээд, гишүүд нь “Бид энэ дүрмийг зөвшөөрнө өө” гэж хэлээд, тэр дүрмээ гуравхан жил дагаж байтал ”Та нарын зөв гэсэн дүрэм чинь болохгүй байна аа, бид дүрмээ зохионо оо” гэж болохгүй шүү дээ. ҮБХ, эсвэл намын Их хурал нь дүрмээ шийддэг болно гэвэл үүнийгээ ядаж намын гишүүдээсээ асуух хэрэгтэй. Намын гишүүд нь “Дүрэм хэлэлцэх нь бидний эрх биш юм байна, та нар ав аа” гэсэн бол болно. Гэтэл хэн ч асуугаагүй. Хэлэлцүүлнэ гэдэг чинь хэлэлцүүлэг хийхийг хэлдэг. Орон нутгийн намын дарга нэртэй огцорсон дарга нар луу бичиг явуулаад, тэд нь “За ойлголоо” гээд болчихдоггүй. Тэр дарга нь аваад “Тэдэн хүнтэй хурал хийлээ. Тэд нь зөв гэж байна, тэд нь үгүй гэж байна,. Тэрийг нь засья гэж байна” гэж байж хэлэлцүүлэг болдог.

-Орон нутгийн намын дарга нараасаа саналыг нь асуугаад л шийдчихсэн гэсэн үг үү?

-Мэдэхгүй. Би ажлын хэсэгт нь ороогүй, Ц.Туваан намайг оруулахгүй гэсэн учраас нарийн мэдээлэлгүй байна. Гэхдээ, УДШ-эд өгсөн материалаас нь харвал гишүүдээрээ хэлэлцүүлээгүй байна лээ.

-Хуулиараа бол Х.Баттулга гэдэг хүн АН-ын гишүүн биш, намаасаа түдгэлзчихсэн байгаа. Тийм тохиолдолд АН-ын дүрмийг боловсруулахад Х.Баттулгаас очиж зөвшөөрөл аваад, тэр хүн тэндээс бодлогоор удирдаад явах нь хууль бус биз дээ?

-Би бол 50:50 хувь гэж хэлнэ. Албан ёсоор, хуулиараа бол Х.Баттулгад эрх байхгүй. Гэхдээ энэ намаас сонгогдсон, намын бас нөлөө бүхий лидер гэдэг утгаараа хоорондоо зөрвшилцөх юм байж болно шүү дээ. Түүн дээр бол эмзэглэх юм алга. Хуулинд түдгэлзэх, татгалзах гэж хоёр ойлголт байна. Түдгэлзэх гэдэг нь тухайн албан тушаалаа өгөнгүүт автоматаар намын гишүүний эрх нь сэргээгддэг. Татгалзсан бол дахин намд элсэн хүсэлт тавиад нам нь тэрийг баталгаажуулдаг.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар гаргах нь ер нь хэнд ашигтай юм?

-2013 онд Ц.Элбэгдорж гэдэг хүн АН-аас өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Энэ нь нам дотор асар том маргаан эхлүүлсэн. Яахаараа Ерөнхийлөгч байсан хүн бусаддаа боломж олгодоггүй юм. Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй, тийм боломжтой зөндөө л хүн байна шүү дээ. Жишээ нь, Х.Баттулга байна, Р.Амаржаргал гэх мэтчилэн. Гэтэл яагаад “Би ганцаараа найман жил хийнэ” гээд ямар ч өрсөлдөөнгүйгээр гарч байгаа юм гэсэн. Тийм учраас намын дүрмээ өөрчлөөд сунгаагаар гаргадаг болсон. Гэтэл одоо Х.Баттулга Ерөнхийлөгч маань өөрөө “Өрсөлдөгчгүйгээр нэр дэвшинэ ээ” гээд намын Их хурлаар хэлэлцээгүй 4.2 гэдэг заалтыг хулгайгаар оруулж ирээд явсан. Энэ нь манай намын гишүүдийн дургүйг маш их хүргэсэн. Энэ л гол асуудал.

-Х Их хурлаараа намын бүх байгууллагуудаа татан буулгачихсан гэсэн. Гэтэл Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага сунгаа зарласан нь хуульд зөрчих үү?

-Хэрвээ аравдугаар Их хурлын шийдвэр зөв гэвэл бид одоо ХI их хурлаа зарлах ёстой. Гэтэл XI их хурлыг зарлах субект нь байхгүй. Яагаад гэвэл Х Их хурлаар намын бүх байгууллагуудаа татан буулгачихсан. Хоёрдугаарт, УДШ түр орлон гүйцэтгэгчийг нь хүчингүй болчихсон. Тийм учраас Х Их хурлыг зарлан хуралдуулах тухай яах аргагүй анхны тогтоолыг сэргээж хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй.  

-Ямартай ч хуучин дүрмээрээ сунгаа явуулах юм байна. Тэр нь тэгээд одоогийн Ерөнхийлөгчид таалагдах болов уу?

-Манай намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр цэвэр хүн нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. МАН ашгүй, яг хэн гэдгийг нь зарлаагүй боловч яригдаад байгаа хүнийх нь нэрийг сонсохоор асар их хулгай хийсэн хүн дэвших гэж байна.

-Хэн?

-Нэр хэлээд яахав. “Би нэр дэвшинэ гэж хэлээгүй” гэвэл хуулиараа би гүтгэсэн болчих гээд байна. Гэхдээ нийгмээрээ бол бүгд л таньж байгаа шүү дээ. Аан, энэ юм шиг байна, тэрийг хэлж байх шиг байна гээд.

-У.Хүрэлсүх нэр дэвшихээ нам дотроо албан бусаар илэрхийлжээ... гэдэг мэдээлэл соошлаар яваад эхэлсэн байсан...

-Би тэрийг мэдэхгүй. Албан ёсны мэдээллийг нь үзээгүй. Ядаж тэр хүн өөрийн амаар “Би нэр эвшинэ” гэж хэлж байж тэр нь баримт болно шүү дээ.

Ер нь бол МАН чинь 49 ЖДҮ-тэй. Дээр нь коронавирустай тэмцэх хандивийн мөнгийг өчнөөн тэрбумаар нь идээд уучихлаа. Төмөр замын мөнгө гээд бас том мөнгө яригдаад эхэллээ. Би шүүх, цагдаа биш, прокурор биш. Гэхдээ Монголын ард түмэн бол хулгайч нарын учруулсан хохирлыг биеэрээ, цусаараа төлж байна шүү дээ. 22-ын товцоон дээр амиа алдаж байгаа, 3, 4-өөрөө шатаж үхэж байгаа, угаартаж байгаа хүмүүс чинь “За энэ нам, энэ хүн гарах юм бол бид балрах юм байна даа” гэсэн бодолтой л яваа. Түүнийх нь эсрэг бид нэр цэвэр хүнийг нэр дэвшүүлэх ёстой. 200 мянган гишүүнтэй нам дотор тийм хүн 20, 30-аараа байна.

Хоёрдугаарт СЕХ руу албан бичиг явуулна гэж бодож байгаа. Одоо Ерөнхийлөгч байгаа хүнийг, ер нь өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан хүн аль нэг намаас нэр дэвшвэл танай байгууллага нэр дэвшигчээр бүртгэх үү? Бүртгэх хууль, эрх зүйн үндэслэл байна уу? гэдгийг албан ёсоор асууна.

-Үндсэн хууль дээр “Ерөнхийлөгчийн зөвхөн нэг удаа сонгоно” гээд биччихсэн байхад яагаад СЕХ-ноос асууна гэж?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэг л заалт байгаа. “СЕХ бүртгэсэн хүнийг нэр дэвшигч гэнэ” гэж. Түүнээс биш АН нэр дэвшүүлснээр нэр дэвшигч болохгүй. МАН нэр дэвшүүллээ гээд нэр дэвшигчээр зарлахгүй. Намууд нэр дэвшүүлэх хүнээ тавдугаар сарын 2-ноос 5-ны хооронд буюу гурав хоногийн дотор зарлана. СЕХ бүртгэсэн хүнийг нэр дэвшигч гэж үзнэ гээд хуулинд заачихсан. Тийм болохоор бид энэ асуудлыг тодруулна. УИХ-ын сонгуульд бол хувь хүн бие даан нэрээ дэвшүүлж болдог. Нам  бол хариуцлагатай байх ёстой. Нэгдүгээрт Үндсэн хуулиар заасан шалгуурыг хангасан, хоёрдугаарт СЕХ бүртгэж авах хүнийг нэр дэвшүүлэх ёстой.

Одоогоор манайд нэр дэвшихээ илэрхийлчихсэн зургаан хүн байна. Дахиад нэмэгдэж магадгүй. Гэхдээ нам түүн дээр нь шалгуур тавина шүү дээ. Сурталчилгааны хугацаа 14-хөн хоног юмаа. Та хэдий хуульд заасан шаардлага хангаж байгаа ч таныг 14 хоногт багтааж сонгогчдод таниулах шаардлага гарна аа. Тэр хугацаанд та улс орон даяар хүлээн зөвшөөрөгдөж чадахуйц, дээр нэр цэвэр байх ёстой гээд тэр хүмүүсийнхээ дунд сунгаа явуулаад хамгийн олон санал авсан хүнийг нэр дэвшигчээр бүртгүүлнэ. Маш богино хугацаанд, маш өрсөлдөөнтэй сонгууль болох учраас АН энэ асуудлаар нэг талдаа шийдвэрээ гаргах ёстой.

-АН-ын бодлого тийм байдаг байж. Гэхдээ гадуур, олон нийтийн дунд явж байгаа мессэж бол “Баттулга, Баттулга, Баттулга л дэвших гээд байна” гэж яриад, түүнтэйгээ хамт АН-ын рейтинг ч гэсэн унаад байх шиг. Ядаж энэ хүн Үндсэн хуулиар нэр дэвших эрхгүй болсон гээд зарлачихаж болдоггүй юм уу?

-Бид Үндсэн хуулийг тайлбарлах эрхгүй. Үндсэн хуульд тайлбар өгөх нь Үндсэн хуулийн цэц, эсвэл хууль хэрэгжүүлж байгаа байгууллагын эрхийн асуудал.

-Х.Баттулга гэдэг хүн нэр дэвших эрхтэй эсэхийг тодруулахаар Цэц дээр маргаан үүсээд явж байгаа юм байна. Түүнд нь Х.Баттулга Ерөнхийлөгч бас хариу мэдэгдэл хийсэн байна. Цэцийн гаргасан тайлбараар П.Очирбат гэдэг хүн 1997 онд хоёр дахиа нэр дэвшсэн. Цэц өмнө тайлбар хийсэн асуудлаараа дахин тайлбар гаргадаггүй... гэж. Тэгэхээр энэ хүн өөрийгөө нэр дэвших эрхтэй гэж үзэж байгаа юм биш үү?

-Би мэдэхгүй байна. Тавин нас хүрсэн хувь хүн нэр дэвших хүсэлтээ ил тодоор илэрхийлэхийг Үндсэн хуулиар хориглоогүй. Тэр нь өөрөө “нэр дэвшигч мөн” гэдгийг тодорхойлох эрх нь СЕХ-нд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-т “Үндсэн хуулинд нийцсэн, СЕХ бүртгэсэн хүнийг нэр дэвшигч гэнэ” гэсэн. Тиймээс бид өнөөдөр “Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүмүүсийг та нар нэр дэвшигчээр бүртгэж авах уу?” гэдэг асуултыг СЕХ-нд тавихаас өөр гарц байхгүй. Манайх чинь Ардчилсан нам, хэн ч нэр дэвших эрхтэй. Бид нэр дэвших эрхийг нь хангах үүрэгтэй. Гэхдээ 10 хүн нэр дэвших хүсэлт гаргасан гээд арвууланг нь дэвшүүлж болохгүй биз дээ.

-Танай намын тавьж байгаа “нэр цэвэр гэдэг” тодорхойлолтыг Ерөнхийлөгч Х.Баттулга жишээ нь хангаж байна уу?

-Одоогийн Ерөнхийлөгчийн нэр бохир гэдэг зүйлийг хууль, шүүхээр тогтоосон зүйл нэг ч байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруутай, буруугүй тухай их бичдэг. Бид бол шүүхээр гэм бурутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэх, ялгаварлах, гадуурхах эрхгүй. Тэгэх хуулийн боломж ч байхгүй. Тийм учраас манай намын гишүүд олонхиороо “Энэ хүн нэр цэвэр юмаа, дэвших эрхтэй” гэвэл дэвшиж болно. Энэ хүнээс тэр хүн нь илүү цэвэр юмаа гэж хэлбэл нөгөө хүн нь нэр дэвших эрхээ олж авна.

Гэхдээ өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга “АН-ыаас нэр дэвших хүсэлтэй” гэж нэг ч удаа хэлээгүй. Цаана нь нэр дэвшүүлэх эрхтэй гурван нам байна шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жил хамтарч ажилласан гэдэг утгаараа МАН-д ч гэсэн Х.Баттулгыг дэвшүүлэх боломж байгаа. Би жишээ нь МАН-ынхан “Х.Баттулга нэр дэвших ёсгүй” гэж яриад байгаад гайхаж байна. АН П.Очирбат гуайг МАХН-ын гишүүн байхад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан. МАН яагаад Х.Баттулгыг нэр дэвшүүлж болохгүй гэж. Өнөөдрийн МАН-ын Засгийн газрын байр байдлыг харсан ч “боломжгүй” гэж би лав харахгүй байна.

-МАН-ынхан “Х.Баттлугыг дэвшүүлж болохгүй” гээд байгаа учраас “Аан, Х.Баттулга нь нэр дэвших хүсэлтэй юм байна. Түүнийг нь АН хангаж магадгүй юм байна” л гэж харагдаад байгаа шүү дээ?

-Би хувьдаа АН-аас нэр дэвшинэ, МАН-аас нэр дэвшинэ гэж хэлсэн хоёрхон субьектийг би харсан. Нэг нь Ц.Оюунгэрэл. Би АН-аас нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөнө гээд зарлачихсан. Хоёр дахь нь Сүхбаатарын Батболд гэдэг хүн. Намын гишүүд итгэл үзүүлбэл би Ерөнхйлөгчид нэр дэвшинэ гэж хэлсэн. Би хуульч хүн. Ядаж өөрийнх нь амнаас тийм үг гараагүй тохиолдолд Х.Баттулга нэр дэвших гээд байна гэж хэлж болохгүй шүү дээ.

Хоёрдугаарт, өнгөргсөн дөрвөн жилд 65 суудалтай МАН-ыг 62 суудалтай болгоход хэн тусалсан бэ? 65 суудалтай намыг 25 болгочихсон, АН бас нэг эрх барьчихсан, УИХ-ын даргатай, Засгийн газартай байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд арай бага ачаа авч, арай бага эрсдэл үүрэх байсан. МАН-ыг 62 суудалтай болгоход, АН 11-хэн суудал авахад хамгийн их тусалсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга шүү дээ. Тийм учраас бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ёстой долоо хэмжиж нэг огтлох ёстой. Сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй.

-Гэтэл нөгөө талаас “Х.Баттулгаас өөр нэр дэвшигч АН-д байхгүй. Боломжтой бүх хүмүүсийг нь шоронд хийчихсэн шүү дээ” гэдэг. Гашуун ч гэсэн үнэний хувьтай, тийм үү?

-Яахав, тийм байх. Жишээлбэл, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан ч юм уу. Олигтой өнгөтэй гэсэн хүмүүс нь бүгд шоронд байна. Гэхдээ бүх хүнийг шоронд хийж чадахгүй шүү дээ.

-Тэднийг шоронд хийсэн хүн нь Х.Баттулга шүү дээ?

-Тийм, үгүй гэдгийг би хэлж чадахгүй.

-АТГ дээр, УЕП дээр өөрөө баримтыг нь барьж очоод “Энэ хүмүүсийг шалга, шоронд нь хий” гэсэн хүн нь одоогийн Ерөнхийлөгч шүү дээ?

-“Төрийн ордны гурван давхраас шүүгчид үүрэг өгдөг” гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэлсэн. Гурван давхарт чинь ганцхан Х.Баттулга Ерөнхийлөгч суудаггүй юм шүү дээ. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга суудаг. ҮАБЗ-д гурван хүн бий шүү дээ. Заавал “Х.Баттулга л шоронд хийсэн” гээд таагаад байж болохгүй.

Ер нь бол жирийн иргэн ч гэсэн “энэ хэргийг шалгаад өгөөч ээ” гээд хуулийн байгууллагад хүсэлт гаргаж болно. Хэрвээ хардлага байгаа бол шалгуулаад мухарлах ёстой. Зохиомлоор хардалт үүсгэж болохгүй. Зохиомол хардалт хүнийг маш хүнд байдалд оруулдаг. Энэ ёстой муухай царайтай нөхөр, лав хулгайч байх аа гэж болохгүй биз дээ.

-Тэгээд та шүүхийн шийдвэр тэр хардлагыг мухарласан гэж үзэж байна уу?

-Одоо ирж шүүгчдийн ёс зүйн асуудал, “гурван давхрын” асуудал яригдаад ирэхээр эргэлзэж эхэлж байна. Тийм учраас би намд албан тушаал авсан хүний хувьд тэр хүмүүсээ очиж эргэе гэж бодож байна. Тэр хүмүүсийн яриад байгаа зүйлийг олон нийтэд тайлбарлаж хэлье. Би хуульч хүн. Тэр хүмүүсийг хэргийг нотолсон баримт, хавтаст хэргийн нэгийг ч үзээгүй. Тэр хүмүүсийн нэг нь ч “намайг энүүгээр буруутгаад, тэрүүгээр зөвтгөөд байна” гэж надад яриагүй. Би маш сайн санаж байна. Шүүх хурал ид үргэлжилж байхад би хүүхдээ салхилуулж яваад Б.Бямбасайхантай тааралдсан. Би Б.Бямбасайханыг маш ирээдүйтэй, манай намын бас нэг лидер болох залуу гэж боддог. Б.Бямбасайхан бол манай Л.Оюун-Эрдэнээс гурав дахин том боловсролтой хүн, шулуухан хэлье.

Тэр утгаараа “надтай нэг уулзаач ээ, чамайг юугаар буруутгаад, яагаад байгаа юм бэ? Би одоохондоо өмгөөллийн эрхээ аваагүй ч гэсэн хуульч хүн. УИХ-ын гишүүн биш ч иргэн хүний хувьд олон нийтэд үгээ хэлж болно шүү дээ” гэхэд Б.Бямбасайхан “Шүүх шударга шийдэх байх аа. Би Монголын шүүхэд итгэж байна” гээд яваад ялаа авсан. Таван хүүхдийн эцэг хүн шүү дээ. Хэн ч тэр хүүхдүүдийн зовлон шаналлын тухай бодохгүй, ярихгүй байна.

Б.Бямбасайхан бол Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй албан тушаалтан байхгүй юу. Засгийн газарт “тэгмээр, ингэмээр байна” гэж хэлдэг, “тэр нь зөв, буруу байна” гэж шүүдэг албан тушаалтан биш. Засгийн газар “тэг” гэвэл тэрийг нь үг дүүгүй биелүүлдэг, биелүүлэхгүй бол “зайл” гээд дараачийн хүнийг тавьдаг тийм л албан тушаал. Тэгээд дараачийн хүн нь шоронд орох байсан уу?

-Бусад нь ч мөн ялгаагүй, Засгийн газрын шийдвэр, УИХ-ын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, АН-ын бодлогыг хэрэгжүүлснийхээ төлөө ял аваад шоронд сууж байгаа хүмүүс. Гэтэл үүнээс хойш бараг нэг жил өнгөрөөд байхад АН нэг ч удаа энэ хүмүүсийнхээ төлөө дуугарсангүй. Нэг ч удаа тэр хүмүүс дээрээ очсонгүй...

-Очоогүй биш, очсон л доо. Ц.Туваан гуай шоронд хоригдож байгаа хүмүүс дээрээ очсон. Ц.Туваан болон АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд очсон. Гэхдээ очоод ирснийхээ дараа үг дуугараагүй.

Хэрвээ та нар санаж байгаа бол би УИХ-ын гишүүн байхдаа шоронд хоригдож байсан олон хүнийг эргэсэн. Төмөр замын хэргээр хоригдож байсан П.Батзаяа гэдэг хүнийг эргэж байлаа. Нүүрсний хэргээр хоригдож байсан Л.Гансүхийг очиж эргээд “энэ хэргийг нээлттэй хэлэлцэх ёстой” гээд шүүх хурлыг нь телевизээр гаргаж байсан. Татварын Энхбат гэж хүнийг хоригдож байхад нь эргэсэн. Тагнуулын дарга байсан Р.Гэрэлээс болж би шоронд орсон гээд үйлж байсан.

Шоронд хоригдож байгаа хүмүүсийг эргэх ёстой. Мэдээж шударга ёсыг шүүх тогтооно. Гэхдээ бодит байдал гэдэг өөр. Ялангуяа өнөөдрийн энэ улс төрийн савлагаатай нөхцөлд маш төвөгтэй. Жишээ нь би С.Баяр даргыг эргэе гэдэг саналаа олон удаа тавьсан. Хэрвээ тэр хүнийг Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө авилга авсан, гэрээг буруу хийсэн, ард түмэнд хохирол учруулсан гэж ялласан бол зөв. Гэтэл шүүхийн шийдвэрийг нь харсан чинь “Петровис” компанийг Оюутолгойн ханган нийлүүлэгчээр ажиллуулсан гэж ялласан байна лээ шүү дээ. Оюутолгой “Петровис”-ийг авахгүй өөр ямар компанийг авах юм. “Сод Монгол”-ыг авах юм уу? “Сод Монгол”-ын “Эрдэнэт”, МИАТ-д хийж байгаа зүйлийг ухаад үзэх хэрэгтэй. Тэрийг “Петровис”-ийн Оюутолгойд хийж байгаа зүйлтэй харьцуулбол ёстой тэнгэр, газар шүү.

Хоёрдугаарт, найз нөхөд нийлээд, үр хүүхэдтэй нь хамтраад бизнес хийсэн асуудлыг ингэж байгаа бол тэр чинь хэлмэгдэл.

-Ингээд харахаар МАН ч гэсэн тэр хүнийг хаясан байна?

-МАН-ынхан арчаагүй, өөдгүй хүмүүс шүү дээ. Н.Энхбаярыг МАН-ын дарга байхад бүгд бөгсийг нь долоогоод явж байсан. Дараа нь зураг хөргийг нь талбай дээр шатаагаад шоронд явуулсан. Тэр хүнтэй уулзахаас цэрвэдэг болсон. Т.Бадамжунай гэж хүн байна, одоо гадаадад зугтаад гарчихсан. Ц.Анандбазар, Д.Батлут гээд Булган, Архангайгаас улс төрд орсон бүх хүмүүс Бадамжунай гэдэг хүний гэрийн гадаа машинтайгаа багширч очоод “Миний ах аа, нутгийн ах аа” гээд долоож явсан. Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн эд нар одоо тэр хүнийг очиж эргэх хэрэгтэй. “Миний ах мундаг. Энэ намын төлөө үхтлээ явсан. МАН өнгөрсөн 30 жилийн хэдэн жилд нь эрх барьсан бэ? Тэр бүх ялалтын тавин хувь нь манай ахтай холбоотой шүү. Энэ хүнийг хөлөлмөрийн баатар болгох ёстой” гээд хэлчих зоригтой нохой ч энэ намд байхгүй. Тийм ёс суртахуун, ёс жудаг, хүн чанар тэдэнд байхгүй. Тэгээд өнөөдөр 100 жилээ тэмдэглэж байна. 100 жилээрээ 100 гутамшиг хийсэн хүмүүс төр бариад сууж байгаа шүү дээ.

Тийм учраас улс төрийн аливаа шийдвэр зөвхөн хууль, дүрэмд нийцэж байж шударга ёс тогтоно. Хэн хэнтэйгээ ч уулзаж, нөхөрлөж болно. Ганцхан хамтдаа хулгай хийж, болохгүй, хамтдаа гэмт хэрэг хийж, хууль зөрчиж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.198)
    С Эрдэнийн хуралд урих боломжгүй ш дээ хөөгдчихсөн юм чинь.
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Дели хотод долоо хоногийн хөл хорио тогтоолоо 3 минутын өмнө "Зэвсэгт хүчнийг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээлэл цацах нь хууль зөрчиж буй үйлдэл" 2 цаг 11 минутын өмнө АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёрдугаар компакт гэрээ хүчин төгөлдөр боллоо 3 цаг 3 минутын өмнө С.Зориг агсны хэлсэн онцлох эшлэлүүд 3 цаг 38 минутын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцохыг ХҮНам УИХ-аас шаардана 4 цаг 23 минутын өмнө Орост Навальныйг дэмжигчдийн жагсаал болно 5 цаг 4 минутын өмнө Алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана 5 цаг 20 минутын өмнө Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал бээлий өмсөөрэй! 5 цаг 24 минутын өмнө Эмэгтэй бизнес эрхлэгчид сорилттой илүү амжилттай нүүр тулж буй тухай өгүүлэх нь 5 цаг 31 минутын өмнө Х.Мөнхзул: Төрийн захиргааны байгууллагын гурван хүн тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа гарсан 6 цаг 8 минутын өмнө Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан нэг иргэн нас барлаа 6 цаг 27 минутын өмнө С.Зоригийн хүсэл ба гэр бүлийн сонирхол 6 цаг 43 минутын өмнө УБТЗ хүнд жинтэй, 80 вагон ачаатай галт тэргийг туршилтаар аялуулжээ 7 цаг 6 минутын өмнө Коронавируст халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 57 боллоо 7 цаг 11 минутын өмнө Монголд анх удаа цээжний хонхойх гажиг засах мэс заслыг амжилттай хийлээ 7 цаг 20 минутын өмнө "Явганы хөдөлгөөн их хэвээр байвал хязгаарлах, чангаруулах шаардлагатай" 7 цаг 33 минутын өмнө У.Хүрэлсүх өөрөө л намаа “Цаазалсан!” 8 цаг 17 минутын өмнө Өнөөдөр С.Зоригийн төрсөн өдөр 8 цаг 56 минутын өмнө Гэр шатсаны улмаас таван иргэн түлэгдэж, нэг иргэн нас барлаа 9 цаг 1 минутын өмнө МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамж Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэв 19 цаг 59 минутын өмнө
iИх уншсан
Шадар сайдын шахаасаар томилогдсон МҮОНРТ-ийн шинэ захирал ө... Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ? Харуулын даргаа буудсан хоёр байлдагчийн хэрэг хаашаа эргэх ... ХӨЛ ХОРИОНЫ ДҮРЭМ: Халдвар авбал өөртөө гомд! “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чад... МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар хүчирхийлэгчид хаалгаа нээс... УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Харин дараа нь... О.Мөнхсайхан: Төрийн тэргүүн байсан хүн дахин Ерөнхийлөгчид ... Шинэ он тоололд бэлэн үү?! У.Хүрэлсүх өөрөө л намаа “Цаазалсан!” С.Зоригийн хүсэл ба гэр бүлийн сонирхол Б.Сүндэръяа: Буурал Гансүх ах аа, эхнэрийн чинь чат надад би... БИЧЛЭГ: Төрийн албан хаагч эмэгтэй ажилтнаа доромжлоод шалны... Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой! Б.Хурц, Ц.Нямдорж хоёрын орос хэлийг шалгая Ү.Сарнай: С.Зоригийг хөнөөсөн хэргийг тойрсон эрх мэдэлтнүүд... С.Зориг агсны гэр бүлийнхэн мэдэгдэл гаргажээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцохыг ХҮНам УИХ-аас ша... Тусгай үүргийн нислэгийг хэвийн горимд шилжүүлсэн хуваарь Ц.Нямдорж сайдын "мэнгэ голлосон" өдөр
Top