x

"Ковид-19 дотроо алдсан байсан ч онц байдал зарлаж болохгүй"

Энэ сарын 11-ний орой УОК, Засгийн газар хуралдаж, Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар 2020.11.12-ны 06 цагаас 2020.11.16-ны 06 цаг хүртэл улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоожээ. Хүнс цуглуулах, шатахуун авах гэх мэт нэн чухал зорилготойгоос бусдаар гадуур гарахгүй гэртээ байх хэрэгтэй гэсэн үг. Энд дурдсан зайлшгүй тохиолдолд гадуур гарвал маск зүүх, 1.5-2.0 м зай барих, гараа угаах гэх мэт зөвлөмжөө дагах ёстой болох нь.

Энэ хугацаанд Ковид-19 цар тахал тархахаас сэргийлэх, халдварыг голомтод нь барих, хяналтад авах үүднээс энэ мэт чанга арга хэмжээ авч байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэ шийдвэр, зөвлөмжийг сахин биелүүлье гэж нийт иргэдээсээ уриалж байна. Засгийн газар болон УОК-оос Ковид-19-ийг дотооддоо алдалгүй 10 сар тэснэ гэдэг чамлахааргүй том амжилт. Одоо цар тахлыг дотооддоо алдсан тул түүний тархалтыг зогсоох, ядахдаа хязгаарлах, хяналтдаа оруулахад төрийн төдийгүй иргэн бүрийн хүчин чармайлт чухал.

Өнгөрсөн хавар Ковид-19-тэй холбоотой тусгайлан авах арга хэмжээг зохицуулах шаардлага үүссэн. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлсэн. Гэхдээ, Монгол бол эрх зүйт төртэй улс учраас аль болох хуулиар энэ бүхнийг зохицуулах ёстой. Эл шаардлагыг ойлгоод 2020 оны 4, 5 сард УИХ “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (цаашид “Ковид-19-ийн эсрэг хууль” гэх)-ийг баталж, Гамшгаас хамгаалах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ төрийн байгууллагуудын саналыг сонсохоос гадна Ковид-19-тэй холбоотой НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, тусгай илтгэгч нар, Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороо, ХЭҮК, Монгол Улсын Хүний эрхийн форумоос гаргасан санал, зөвлөмжийг тусгасан.

Хуулиар бий болсон шинэ эрх зүйн орчин Засгийн газар хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд цаашид илүү үр нөлөөтэй ажиллах боломжийг нээсэн төдийгүй хоёр төрлийн чухал зохицуулалт орсон. Эдгээрийг зохицуулалтуудыг хэрэгжүүлэх нь юу юунаас чухал болоод байгаа тухай энэ нийтлэлд өгүүлнэ.

Нэг. Засгийн газар Ковид-19 цар тахлын үеийн тусгай арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэх үүрэгтэй

Ковид-19-ийн эсрэг хуульд энэ цар тахлын үед онцгойлон Засгийн газраас заавал хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаж өгснөөрөө онцлог. Олон улсын зөвлөмж болон сайн туршлагын гол агуулга нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүртээмжтэй байх, нийгмийн эмзэг бүлэгт бий болж буй сөрөг нөлөөг бууруулах, хүнс, орон байр, ундны цэвэр усаар хангах, мэдээллийн хүртээмж, иргэдийн оролцоонд анхаарал хандуулах явдал. Эдгээр нь Ковид-19-ийн эсрэг хууль хэрхэн туссан талаар товч жагсааж танилцуулъя:

  • Ковид-19-д өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт тусгайлан анхаарах шаардлага үүсэж байна. Иймд цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Засгийн газарт даалгасан.

  • Цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийн шаардлага төдийгүй олон улсын гэрээгээр хүлээсэн манай улсын үүрэг. Байдал хүндрээд гадуур чөлөөтэй явах эрх хатуу хязгаарлагдлаа гэхэд нэн ядуу хүмүүс орох оронгүй, идэх хоол, хүнсгүй байж болохгүй. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийг бусад иргэдийнхтэй адил хамгаалах төдийгүй хөлдөж эсхүл өлбөрч үхэхгүй байх бүр арга хэмжээг төр авах үүрэгтэй.

  • Асрамжийн газар, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангид байгаа болон бусад хэлбэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэдийн эрүүл мэнд Ковид-19-ийн үед илүү эрсдэлтэй. Эдгээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулахаар хуульчилсан.

  • Ковид-19 халдвараас сэргийлэх үүднээс гэртээ байх шаардлага үүссэнтэй холбоотойгоор Монголд ч, бусад улсад ч гэр бүлийн хүчирхийлэл өссөн. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалахтай холбоотой санхүүжилт дутмаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байранд шаардлагатай хөрөнгө оруулалт болон 24 цагаар ажиллуулах утасны санхүүжилтийг шийдвэрлэх арга хэмжээг Засгийн газар авахаар хуульчилсан.

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, хэрэгслээр иргэдийг тэгш, хүртээмжтэй хангах үүргийг Засгийн газар хүлээнэ. Жишээлбэл, амны хаалт, ариутгах бодис хэрэглэхийг шаардаж байгаа бол жирийн иргэд худалдан авах боломжтой байлгах, магадгүй үнэхээр төлбөрийн чадваргүй хүмүүст үнэ төлбөргүй тараана утгатай.

  • Ковид-19 халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, ийм үйл ажиллагааг хуульд заасан аргаар таслан зогсоох ажлыг Засгийн газар хариуцахаар хуульчилсан. Жишээлбэл, халдвар авсан эсхүл авсан байж болзошгүй хүмүүсийн овог нэр, регистрийн дугаар, зураг гэх мэт хувийн мэдээллийг нийтэд тарааж доромжлох, ялгаварлан гадуурхах байдал ойрын өдрүүдэд үүсээд байна. Үүний эсрэг арга хэмжээг Засгийн газар хуулийн хүрээнд авах ёстой.

  • Цар тахалтай тэмцэхэд зайлшгүй тохиолдолд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж болно. Энэ тохиолдолд цахим, эсвэл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, багш болон суралцагчийн оролцоо, түүнд тавих хяналтыг сайжруулахыг Засгийн газарт Ковид-19-ийн эсрэг хуулиар үүрэг болгосон. Жишээлбэл, интернетийн дата авах мөнгөтэй эсэх, хот, хөдөө, гэр хороолол, орон сууцад амьдардгаас үл хамаарч зайн сургалтыг бүх оюутан, суралцагчдад хүртээмжтэй, чанартай явуулна.

  • Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл мэндээ хамгаалах арга замын талаар үнэн зөв, бодит мэдээллээр иргэдийг тогтмол, шуурхай, хүртээмжтэй хангах үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн. Ийм мэдээллээр хангах нь цар тахлаас үүдсэн үндэслэлгүй айдас, түгшүүрийг бууруулж, Засгийн газрын арга хэмжээнд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, тэдгээрийн биелэлтийг үр нөлөөтэй болгоно.

  • Өргөсөн тангарагтаа үнэнч байж хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө нойр, хоолоо хасан ажиллаж буй төрийн албан хаагчдын өөрсдийнх нь эрүүл мэнд, амь насыг төр хамгаалахгүй бол болохгүй. Иймээс, цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэгсэл, техник, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сургалт, сэтгэл зүйн туслалцаа болон бусад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зардлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан.

2. Иргэний болон улс төрийн эрхийг хязгаарлах бол Үндсэн хуульд заасан шаардлагыг хангах үүрэгтэй

Ковид-19-ээс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зөвхөн зайлшгүй хэмжээнд хүний зарим эрхийг хязгаарлаж болохыг Ковид-19-ийн эсрэг хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулиар зөвшөөрч, хэрхэн хязгаарлахыг зохицуулсан. Үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, эрүү шүүлтээс ангид байх гэсэн төрөөс хэзээ ч хязгаарлаж, зөрчиж болохгүй эрх иргэдэд бий. Эдгээрээс бусад үндсэн эрхийг зайлшгүй нөхцөлд зохих хэмжээнд хязгаарлаж болдог. Ингэхдээ Үндсэн хуульд заасан таван төрлийн нөхцөлийг бүрэн хангасны дараа эрхүүдийг хязгаарлах боломжтой. Эдгээр таван нөхцөлийг Ковид-19-ийн эсрэг хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулсан. Тодруулбал, Ковид-19-ын эсрэг хуулийн 11-р зүйлд цар тахлын үед төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа аливаа шийдвэр, арга хэмжээ нь Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах таван шаардлагыг нэгэн зэрэг хангах ёстой:

  • Зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах;

  • Нийгмийн эрүүл мэнд, бусад хүний эрх чөлөөг хамгаалах зэрэг зүй ёсны зорилготой байх;

  • Хязгаарлалт нь энэ зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх;

  • Эрүү шүүлтээс ангид байх зэрэг туйлын эрхүүдийг хөндөөгүй байх;

  • Хүнийг ялгаварлан гадуурхаагүй, нэр төрийг нь доромжлоогүй байх.

Ийм таван нөхцөлийг бүгдийг нь хангахгүйгээр хүний эрхийг хязгаарлахыг хатуу хориглож хуульчилсан гэсэн үг. Мөн, хүний эрхийг хязгаарласан аливаа шийдвэр, арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэхийг үүрэгжүүлж хуульчилсан.

Товчхондоо, хуульд заасан үндэслэл, журмын дагуу үндсэн эрх хязгаарлах арга хэмжээ нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй, тухайн нөхцөлд тохирсон хамрах хүрээ, хугацаатай, бодитой байх бөгөөд тухайн эрхийг аль болох бага хязгаарлана гэж хуульчилсан. Жишээлбэл, цахим хуудаснууд дахь Ковид-19-тэй холбоотой албаны мэдээллийн дор сэтгэгдэл бичих функцийг хаах арга хэмжээ авсан. Ийм хэт ерөнхий хязгаарлалт нь Ковид-19-ийн эсрэг хуулийн 11-р зүйлд орсон бүх шаардлагыг хангахгүй. Илт худал мэдээлэл нь үнэнээсээ илүү хурдан тархдаг тул үүнтэй тэмцэх хэрэгтэй. Гэхдээ сэтгэгдэл үлдээх ямар ч боломжгүй болгосон нь цар тахлын тухай илт худал мэдээлэл тархахаас сэргийлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой байж болох ч энэ нь тухайн зорилгод хүрэхэд зайлшгүйгээс хэтэрсэн арга хэмжээ болсон. Худал мэдээллийн цаана хүн амын эрүүл мэндэд аюул учруулахгүй мэдээллүүд дарагдахын зэрэгцээ сэтгэгдэл бичиж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бүхэлд нь зөрчиж байгаа юм.

Ковид-19-ийн эсрэг хуулийн биелэлтэд тавих хяналт

Энэ хуулийн биелэлт, ялангуяа хүний эрхийн хязгаарлалт дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангаж буй эсэхэд тавих хяналтын механизм нь тодорхой туссан. Тухайлбал, ХЭҮК чиг үүргийнхээ дагуу уг хуулийн биелэлтэд хүний эрхийн үүднээс хяналт тавина гэж заасан. Жишээлбэл, 2020.11.11-нд ХЭҮК “Монгол Улсад коронавируст COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой цахим орчинд мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, хувь хүний нууцад хамаарах хүний овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг зэргийг нийтэлж, олноор түгээн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Таны түгээсэн сөрөг, ташаа мэдээлэл нь бусдын эрхийг бүдүүлгээр зөрчиж, нийгэмд талцал, үймээн самуун үүсгэж, ялгаварлан гадуурхалтыг дэвэргэх эрсдэлтэй тул иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан цахим орчинд соёлтойгоор оролцоно уу” гэсэн анхааруулга гаргасан нь цагаа олсон хэрэг. 2020 оны хавар УИХ Ковид-19-ийн эсрэг хуулийн төслийг хэлэлцэж байхад ХЭҮК бас маш чухал зөвлөмж, санал гаргаж маш идэвхтэй оролцсон. Уг хуулиар хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих ХЭҮК-н үүргийг тодотгосон, энэ үүргээ сайн биелүүлбэл хүн амын эрүүл мэнд болон хүний эрхийн баланс олоход тустай. Мөн, цар тахлын эсрэг арга хэмжээгээр эрх нь зөрчигдсөн иргэн, байгууллага шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдгийг тодорхой заасан.

УИХ түр хороог цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулж, Ковид-19-ийн эсрэг хуулийн биелэлтийн талаар сар бүр нээлттэйгээр хэлэлцэх замаар хяналт тавих үүрэгтэй. Түр хороогоо байгуулчихсан, сонгуулийн дараа бүрэлдэхүүнийг нь шинэчилсэн. Түр хороо 2020.11.03-нд хуралдаж, Ковид-19-ийн эсрэг хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон нь эхний алхам. Цар тахал дотроо алдсан тул энэ түр хороо илүү олон давтамжтай хуралдаж, нээлттэй хэлэлцүүлэг цахимаар болон бусад аргаар хийх хэрэгтэй. Монгол Улсын Хүний эрхийн форум нь Ковид-19-ийн эсрэг шуурхай арга хэмжээг авч буйг сайшаахын зэрэгцээ УИХ-ын түр хороог Ковид-19-ийн эсрэг хуулийн биелэлтийг нээлттэй хэлэлцэх үүргээ биелүүлэхийг сануулсан бичгийг 2020 оны 9 сард УИХ-д хүргүүлсэн байна. 

Ковид-19-тэй амжилттай тэмцэхэд иргэний нийгмийн оролцоо нэн чухал. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд, судлаачид, хуульчид Ковид-19-ийн үеийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, сурч боловсрох эрх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, гадаадад буй иргэдийн эх орондоо буцаж ирэх эрх зэрэг тодорхой сэдвээр олон янзын бодлогын судалгаанууд хийж, зарим нь эцэслэгдэж байна. Энэ судалгааны үр дүн, иргэний нийгмийн байр суурь нь Засгийн газар, УОК-оос шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх төдийгүй тэдгээрийг УИХ-ын түр хороо нээлттэй хэлэлцүүлэг хийхэд заавал сонсож хөндлөнгийн хяналт тавихад ашиглах хэрэгтэй.

Ковид-19-ийн эсрэг хууль нь өөрөө 2020.12.31 хүртэл үйлчлэх түр хууль юм. Энэ нь Засгийн газарт хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахад зориулан тодорхой эрх мэдлийг төвлөрүүлж буй тул байнгын шинжтэй байж болохгүй. УИХ уг хуулийн биелэлтийг хэлэлцээд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвхөн нэг удаа 6 сараар сунгаж болохоор хуульчилсан.

Мэдээллийн чөлөөт солилцоо нь Ковид-19-тэй амжилттай тэмцэхэд тусална. Жишээлбэл, өнгөрсөн хавар “Энгэртээ юм зүүгээд л бүх вирусийг устгана” гэх зэрэг цуурхал тархсан. Энэ нь тэгээд илүү бодитой мэдээлэл, шүүмжлэлд дарагдаад намжсан. Мөн, тэгш, сондгой тоогоор төгссөн дугаараар автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах талаарх шийдвэрийг иргэд өнгөрсөн хавар эсэргүүцэж, богино хугацаанд цуцлуулж чадсан. Энэ мэт шийдвэр нь иргэдэд яаж тусаж байна гэдгийг хүлээн авах, мэдээлэл солилцох нь маш ач тустай.

Ардчиллын гол үнэт зүйл нь аль нь үнэн болохыг өөр өөр мэдээллийн өрсөлдөөн дундаас харьцуулж олох боломж олгодог. Гэтэл төр өмнөөс нь энэ худал гээд хааж, шүүгээд байвал хүн үнэнийг мэдэхгүй. Төр өөрөө үргэлж үнэнийг мэднэ гэж байхгүй. Мэдээллийг хааж боовол тухайн мэдээлэл нь үнэн байсан бол түүнийг мэдэж чадахгүй болно. Хааж боосон мэдээлэл нь худал байсан ч хохиролтой. Учир нь, бид худлыг үнэнтэй харьцуулж мэдэж авдаг. Ер нь, юу үнэн бэ гэдгийг тал талын үндэслэлийг нээлттэйгээр сонгож хэлэлцэж байж дүгнэж гаргадаг шүү дээ. Иймээс, ардчилсан нийгэмд юу үнэн эсэхийг мэдэх хамгийн боломжтой. Авторитор дэглэмтэй газар бүх мэдээллийг хянаж, төрөөс зөвшөөрсөн хэмжээгээр л хүмүүс мэдээлэл авдаг. Тэнд цар тахлын талаарх мэдээллийг дарж, үнэнийг хэлсэн хүмүүс зүгээр л алга болчхож байна гэж олон улсын хэвлэлээр бичиж байна. Иймд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй улсуудад Ковид-19-ийн байдал яг ямар байгааг мэдэхэд маш хэцүү.

Ковид-19 дотроо алдсан байсан ч онц байдал зарлаж болохгүй

Ардчилсан улсууд (1) байгаа хуулиараа ажиллах, (2) онц байдал зарлах, (3) тусгайлсан хууль гаргах аргын нэгийг сонгож Ковид-19-тэй тэмцэж байна. Манайх НҮБ-ийн зөвлөмжүүд болон ардчилсан улсуудын сайн туршлагыг судалсны үндсэн дээр энд дурдсан арга замаас 3 дахийг нь сонгож, Ковид-19-ийн эсрэг хуулийг УИХ 2020.04.29-нд тусгайлан баталсан билээ. Энэ хуулиар энэ цар тахалтай тэмцэх тусгайлсан арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгох, мөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөвхөн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй тохиолдолд тохирсон хэмжээнд нь хязгаарлах, Засгийн газар болон УОК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих зохицуулалтууд туссан. Гамшгаас хамгаалах тухай хууль болон Ковид 19-ийн эсрэг хуулиар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бол хатуу хөл хорио зэрэг чанга арга хэмжээ ч авах боломжтой. Үүний тулд заавал онц байдал зарлах гэсэн хэт эрсдэлтэй арга замыг сонгох шаардлагагүй юм.

Монгол Улс энэ цар тахлыг дотроо алдсан ч гэсэн Ковид-19-ийн эсрэг болон бусад хуулиараа тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй, харин онц байдал зарлаж болохгүй. Учир нь, онц байдлын хуулиар Ковид-19-ийн эсрэг тусгайлсан арга хэмжээг хуульчлаагүй, хүний эрхийг эрүүл мэндтэй баланслах зохицуулалт байхгүй, цаашлаад ардчиллаас ухрах алхам болчих эрсдэлтэй. Ковидтой тэмцэж байна гэж онц байдал зарлах замаар хянах боломжгүйгээр эрх мэдлийг хэт төвлөрүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүйгээс хэтрүүлэн хүний эрхийг ихээр хязгаарлаж, зөрчиж ардчиллаас ухрах далим болгосон жишээнүүд бусад улсуудад бий.

О.Мөнхсайхан

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн доктор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас явуулна гэв үү? 8 цаг 53 мин “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна 9 цаг 54 мин Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна 9 цаг 59 мин Гамшгийн бэлэн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 10 цаг 10 мин "Урт цагаан" цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоолын ажил 95 хувьтай байна 10 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 10 цаг 23 мин АТГ-т шалгагдаж буй "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч 16 ААН-ид газар олгожээ 10 цаг 43 мин Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 11 цаг 20 мин Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ 11 цаг 31 мин Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 12 цаг 12 мин МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ 13 цаг 8 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 14 цаг 19 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 15 цаг 25 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 15 цаг 26 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 15 цаг 27 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 15 цаг 27 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 15 цаг 29 мин Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав 15 цаг 30 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 15 цаг 33 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 15 цаг 36 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай...
Top