x

Зээл, буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд хичээл завсардаж мэдэх нь

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдэхгүй” сурвалжилгаараа бид та бүхэнд өнгөрсөн улиралд зээл, тусламжаар суралцсан оюутнуудын төлбөр төрийн сангаас орж ирээгүй нь томоохон их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулахад саад учруулж магадгүй байгааг хүргэсэн.

Эргэн сануулбал, ШУТИС-ийн Санхүүгийн албаны дарга Д.Барсболд “Нэг асуудал байгаа нь өнгөрсөн хавар оюутны хөгжлийн зээлээр суралцсан оюутнуудын сургалтын төлбөр одоог болтол орж ирээгүй байна. 

Энэ үйл явц ирэх намар хүртэл үргэлжилбэл сургууль алдагдалд орж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Тиймээс эцэг, эхчүүд, оюутнууд өөрсдөө төлбөрөө төлөхөөс гадна Боловсролын зээлийн сан зээл олгох үйл явцаа уян хатан болгож, мөнгөө цаг тухай бүрт нь тавих шаардлага байна” гэсэн билээ.

Мөн МУИС-ийн Санхүү, дэд бүтэц хариуцсан дэд захирал Б.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн улиралд оюутны хөгжлийн зээлээр суралцсан оюутнуудын төлбөр дутуу орж ирсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хавар төгссөн оюутнуудын төлбөр л орж ирсэн. Тиймээс сургуулийн санхүүгийн байдал сайн гэж хэлэхэд төвөгтэй. Цаашид Боловсролын зээлийн сангаас дутуу төлбөр нь ороод ирвэл сургуулийн үйл ажиллагаанд доголдол үүсэхгүй” гэсэн юм.

Тэгвэл наймдугаар сарын 17-ноос хойш хэлэлцэж буй төсвийн тодотголд ирэх улиралд оюутан залууст сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох төсөв суулгах эсэх нь эргэлзээтэй байна. Төсөв баталлаа гэхэд, аль сургуулийн хэдэн оюутанд зээл олгох нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн, төсвийн тодотголд оюутны зээл, тусламжийг орууллаа ч үзэх хичээлээ сонгож, баталгаажуулах дөхсөн давчуу хугацаанд Сангийн яамнаас Боловсролын зээлийн сан руу төсвийг нь шилжүүлэх эсэх нь баталгаагүй. Хичээл сонголтоо хийхэд арав хүрэхгүй хоног үлдсэн атал төрийн шийдвэр, төсвийн тодотгол тодорхойгүй байгаа тул оюутан залуус,  эцэг эхчүүд хэрхэхээ мэдэхгүй сандарч байна. 

ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВАХ УУ, ЭСВЭЛ ЖИЛИЙН ЧӨЛӨӨ АВАХ УУ

МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Б.Батсүрэн “Засгийн газар энэ сарын 17-нд хуралдсаны дараа оюутны хөгжлийн зээлийн материалыг наймдугаар сарын 18-наас авч эхэлж байгаа. Гэсэн хэдий ч санхүүжилт нь орж ирээгүй тул сургуулиас эхний улирлын төлбөрөө өөрсдөө төл гэсэн зарлал гаргасан. Хэрвээ 11-12 сард зээлийн мөнгө орж ирвэл оюутанд төлбөрийг нь нөхөн олгоно гэсэн. Гэхдээ нөхөж  олгох эсэх нь ч тодорхойгүй байна. Үнэхээр оюутнууд төлбөрөө өөрсдөө аргалаад төлчих байсан бол яах гэж оюутны хөгжлийн зээл авах вэ дээ. Үүнээс гадна оюутнууд зээлээр сурна гээд төлөвлөчихсөн байхад энэ тухай хичээл сонголт хийхээс долоо хоногийн өмнө дуулгасан нь бидэнд болон ар гэрт маань үнэхээр хүнд туслаа. Сургалтын албанаас асуухад “Өөрсдөө төлөхөөс өөр арга алга” гэсэн.

Манайх хоёр оюутантай. Ээж минь ганцаараа бидний төлбөрийг төлдөг. Энэ жил би оюутны хөгжлийн зээл, ээж маань цалингийн зээл авч эгчийн төлбөрийг төлнө гээд төлөвлөчихсөн байсан. Гэтэл оюутны хөгжлийн зээл өгөхгүй болсон нь үнэхээр хүндээр тусаж байна. Бид хоёрын эхний улирлын  төлбөр нийлээд гурван сая гаруй төгрөг болж байгаа. Энэ мөнгийг долоохон хоногт олно гэдэг бүтэшгүй. Төр засаг маань энэ олон оюутныг бодохгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Ядаж боловсролын зээлийн сангаас сургуультай харилцан тохиролцож зээлээр сурах хүсэлтэй хүүхдүүдийн хичээл сонголтыг хийлгэчихээд санхүүжилт нь орж ирэхээр нөхөөд авах, эсвэл тодорхой хэмжээний төлбөр хийж, хичээл сонголтыг нь хийлгээд аравдугаар сар хүртэл төлбөр төлөх хугацаа олгоосой гэж хүсэж байна.

Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол маш олон оюутан төлбөрөө төлж чадахгүйгээс болоод чөлөө авч хохирч үлдэх байх” гэлээ. Тус сургуулийн оюутан н.Баярмаа “Нааштай хариу гарна гэж хүлээж байлаа. Олон удаа сургалтын албатай холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн боловч долоо хоногийн дараа, ирэх даваа гарагт гэх мэтээр хойшлуулсаар тодорхой шийд хэлээгүй. Гэтэл хичээл сонгохоос долоо хоногийн өмнө ийм мэдээлэл хийж байгаа нь харамсалтай байна. Төлбөрөө төлөх боломжтой хүүхдүүдийн гэр бүлийхэн нь зээл авч төлбөрөө төлөх байх. Харин төлөх ямар ч боломжгүй зээл, буцалтгүй тусламжаар сурдаг хүүхэд олон байхад энэ шийдвэрийг эрт хэлэх хэрэгтэй байсан юм. Би хоёр дахь удаагаа оюутны хөгжлийн зээл авах гэж байна. Зээл олгоно гэдэгт найдчихсан байсан. Коронавирустэй холбоотойгоор энэ зун ажил хийж чадаагүй болохоор өндөр хүүтэй зээл л хөөцөлдөх байх даа...” гэсэн юм.

Харин МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан А “Хоёр дахь удаагаа оюутны хөгжлийн зээл авахаар төлөвлөж байлаа. Гэтэл эхний улирлын төлбөрөө өөрсдөө төлөх шийдвэр гаргасан нь харамсалтай байна. Зуны гурван сар ажиллаад хоёр сая гаруй төгрөг олох боломжгүй. Төлбөрөөс гадна бусад хэрэгцээ ч бий. Ийм байхад долоо хоногийн дотор төлбөрөө ол гэж байгааг ойлгохгүй байна. Оюутны хөгжлийн зээл олгохгүй гэдгээ сарын өмнө хэлсэн бол хэрхэн төлбөрөө төлөх аргаа эрт олох байлаа. Сонгуулийн шоу хийж, хүүхэд бүрт 100 мянган төгрөг, ямааны ноолуурын урамшуулал өгч байхаар сурч мэдэх хүсэлтэй байгаа оюутнууддаа энэ тусламжаа хүртээх хэрэгтэй. Мөн цар тахал дэгдсэн энэ үед танхимаар ордогтой ижил хэмжээний төлбөр авч байгааг гайхаж байна.

Сургалтын төлбөр нь танхим, номын сан ашигласны төлбөр бүгд багтаж байж гардаг мөнгөн дүн. Сургалтын төлбөр бууруулах, зөрүүг нь буцаан олгох гэх мэтээр оюутанд тулгамдсан асуудлыг цааш нь хүргэх ёстой газарт нь уламжлах гэж Оюутны холбоо, Оюутны зөвлөл  байдаг. Гэтэл энэ бүхнийг дээш нь уламжлахгүй, дуугарахгүй байгаа нь харамсалтай. Сошиал орчин, мэдээ мэдээллээр асуудал газар авахгүй л бол хэн ч авч хэлэлцэхгүй нь гунигтай” гэв. 

МУИС ЭХНИЙ УЛИРЛЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ОЮУТНУУД ӨӨРСДӨӨ ТӨЛ ГЭВ

Учир нь, МУИС вэб хуудсаараа дамжуулан наймдугаар сарын 18-нд “2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах болзол хангасан оюутнуудын материалыг энэ сарын 18-29-ний хооронд цахимаар хүлээж авна. Жич: Монгол Улсын Засгийн газар төсвийн тодотгол хэлэлцэж дуусаагүй тул хүсэлт гаргаж буй оюутнууд нэгдүгээр улирлын төлбөрөө өөрсдөө хариуцна” гэсэн зарлал тавьсан юм. Мөн оюутны хөгжлийн зээлээс гадна бүтэн өнчин болон эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагчид төрийн сангаас буцалтгүй тусламж хэмээн 30 кредитийн төлбөр олгодог. Энэ талаар МУИС-ийн Сургалтын албанаас лавлахад “Өмнөх жилийн буцалтгүй тусламжийн мөнгийг сургуульд олгоогүй учраас дахин зээлээр сургаж чадахгүй. Энэ улирлын сургалтын төлбөрөө өөрсдөө хийх шаардлагатай байна” гэсэн хариу өгсөн байна.

Энэ талаар Боловсролын зээлийн сангийн мэргэжилтнээс тодруулахад “Өнөөдөр (өчигдөр) Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Тус хуралд Газрын дарга оролцохоор явсан. Уг нь жил бүрийн гуравдугаар сард ирэх намар хэдэн оюутанд зээл олгох квотоо тогтоочихдог. Харин энэ жил өдийг хүртэл квотоо тогтоогоогүй учраас санхүүжилтгүй байна. Өнгөрсөн улирал дутуу олгосон зээл, тусламжийн мөнгийг хэзээ сургуулиудад олгох гээд бүх асуудлыг Байнгын хороо хэлэлцэж байгаа. Харин МУИС дотооддоо зохион байгуулалт хийсэн бололтой” гэж хариулсан юм. 

МУБИС-ИЙНХАН ТӨРӨӨС ГАРГАХ ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

МУБИС-ийн оюутан н.Анунгоо “Энэ жил би хоёрдугаар курст орно. Гэтэл оюутны хөгжлийн зээл энэ намар олгогдохгүй гэсэн учир хичээлээсээ жилийн чөлөө авах гэж байна. Өнөөдөр (өчигдөр) сургууль орж, сургалтын албанаас асуухад “Яг тийм мэдээлэл албан ёсоор өгөөгүй байгаа учраас хүлээж бай” гэсэн мэдээлэл өглөө” гэсэн юм. Тус сургуулийн оюутан Х “Би оюутны хөгжилийн зээлээр сурна гээд төлөвлөчихсөн байлаа. Иргэдийн эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед зээл баттай шийдэгдчихнэ гэж бодоод шийдвэрийг нь хүлээгээд байсан. Гэтэл гэнэт тулгаж ийм шийдвэр гарсан нь манай гэр бүлд хүндхэн асуудал болж байна. Одоо миний төлбөрийг хийхийн тулд аав маань юу хийх учираа олохгүй байна. Тэгээд чөлөө авна гэхээр цаг хугацаа алдах гээд байна. Энэ талаар сургуулийнхаа сургалтын албанаас лавлахад төлбөрөө төлөөд хичээл сонголтоо хийгээрэй гэсэн хариу өгсөн. Сургалтын төлбөрөө хийх боломжгүй бол вэбээ нээлгээд төлбөрөө улирал дуусахаас өмнө хийх шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

БИДНИЙ СУРАХ ЧИН ХҮСЛИЙГ БИТГИЙ БӨХӨӨГӨӨСЭЙ

Мөн энэ жил нэгдүгээр курст шинээр элсэж, оюутны хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжийн шалгуурт тэнцэж, зээл, тусламж авч сурахаар төлөвлөж байсан оюутнуудад энэ нь мөн л тулгамдсан асуудал болж байна. МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан А.Ариунсанаа “Би оюутны хөгжлийн зээл авах шаардлага хангасан юм. Сургуулийнхаа сургалтын алба болон Боловсролын зээлийн сан руу утсаар залгаж, энэ талаар тодруулсан. Тэгэхэд “Их хурал төсвийн тодотгол хийж байгаа учраас тодорхой хариу алга” гэж байсан. Мөн санхүүжилт орж ирээгүй гэсэн. Би оюутны хөгжлийн зээлийг зөв хөтөлбөр гэж бодож байгаа. Гэвч энэ жил коронавирустэй холбоотойгоор төсөв алдагдалтай, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгож  байна. Гэвч сурах гэж хичээж, хүссэн сургуулиа аваад, чармайн сурч байгаа хүүхдүүдийг төрөөс дэмжээсэй гэж хүсэж байна. Үнэндээ одоо хэрхэх учраа олохгүй байна.

Ямар сайндаа л өөрт байгаа утас, ном, хувцас, гутлаа зарах гээд зар өгсөн байгаа. Мэдээж төлбөрт дүйхгүй ч далайд дусал юм болов уу гэж бодож байна. Өмнө нь сурч чадаж байгаа хүүхдүүдээ төр харж үзэж, их сургууль төлбөргүй байсан. Хичээж чармайж орсон хүүхдүүдийн галыг битгий бөхөөгөөсэй гэж хүсэж байна. Ядаж эртхэн мэдсэн бол төлбөрөө цуглуулахсан. Би УИХ.ын гишүүн Г.Дамдиннямтай холбоо барьсан. Их хуралд саналыг маань хүргэж өгөөч гэж гуйхад гишүүн зөвшөөрсөн. Бусад гишүүнд мөн саналаа хүргэмээр байна. Шалгуураа даваад хүсэж, мөрөөдсөн сургуульдаа сурах гэж хичээж байна шүү дээ. Төр минь харж үзээсэй л гэж бурхнаас гуйж байна даа” хэмээлээ. МУИС-д шинээр элсэгч Х “Оюутны хөгжлийн зээл авч эсвэл төлбөрөө хөнгөлүүлнэ гэж бодож байлаа. Гэтэл сургуулиас эхний улирлын төлбөрөө өөрсдөө төлөх тухай зарласан учраас аав, ээжийн минь аль нэг зээл хөөцөлдөхөөр болж байгаа.

Хэрвээ зээл бүтэхгүй бол эцсийн арга гээд жилийн чөлөө авах байх даа” гэж байлаа. Хичээл эхлэхэд ердөө арван хоног үлдчихээд байхад сургууль бүрт хэдэн оюутанд зээл олгох квотоо батлаагүй байгаа нь мянга мянган оюутан цаашид сурах эсэхээ шийдэж ядахад хүргэж байна. Их, дээд сургуулийн хичээл сонголт ирэх долоо хоногоос эхэлнэ. Тэр үед хичээлээ сонголтоо хийсэн бол төлбөрөө төлөөд тухайн хичээлийг судлах бүрэн эрх нь нээгдэх хатуу дүрэм үйлчилнэ. Гэтэл төсвийн тодотголд оюутны зээлийн асуудлыг суулгах, бүр өнгөрсөн улиралд зээл авсан оюутнуудын төлбөрийг сургуулийн дансанд нь хийх үгүй нь тодорхойгүй байгаа нь харамсалтай. Сурах чин хүсэлтэй, олон оюутны итгэлийг бөхөөх шийдвэр бүү гараасай. 

ТӨСВИЙН ТОДОТГОЛ ТОДОРХОЙ БОЛТОЛ ИРЭХ УЛИРАЛД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

Ийнхүү өнгөрсөн улирлын төлбөр, ирэх улирлын зээлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар Боловсролын зээлийн сангийн мэргэжилтнээс тодруулахад “Манайд албан ёсоор хариу ирээгүй байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, коронавирустэй холбоотойгоор улс орны эдийн Засгийн нөхцөл хүнд, нэмээд шинэхэн засгийн газар бүрэлдсэн учраас оюутны хөгжлийн зээл хэзээ олгогдох нь эргэлзээтэй байгаа аж. Иймд БШУЯ-ны Дээд боловсролын газрын Оюутны хөгжил, хүний нөөцийн мэргэжилтэн Д.Туяасайхантай дахин холбогдож, энэ талаар тодруулсан юм. Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны болон Сангийн сайдын хамтарсан тушаал гардаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн БШУ-ны сайд Сангийн яам руу албан бичиг явуулсан ч коронавирустэй холбоотойгоор буцаагдсан.

Шинээр томилогдсон сайд Л.Цэдэвсүрэн ойрын хугацаанд Сангийн яам руу бичиг явуулна. Өнгөрсөн хавар зөвхөн төгсөх курсийн оюутнууд дипломоо авах шаардлагатай учраас оюутны хөгжлийн зээл олгосон” гэлээ. Тэгвэл Сангийн яамны Төсвийн зарлагын мэргэжилтэн рүү утас цохиж, өнгөрсөн улирлын төлбөрийг сургуулиудад хэзээ нөхөн олгох болон ирэх улиралд оюутны зээл олгох эсэх талаар тодруулга авахыг хүсэхэд “Энэ тухай манайхаас мэдээлэл өгөхгүй. БШУЯ-тай холбогд” гэсэн юм. Ийнхүү хичээл эхлэх дөхсөн үед оюутны хөгжлийн зээл олгох эсэх нь тодорхойгүйн дээр өмнөх улирлын төлбөрийг нь төлөөгүй байгаа нь олон оюутан хэрхэхээ мэдэхгүй самгардах шалтгаан болсоор байна. Хэдийгээр цар тахлын улмаас улсын эдийн засгийн байдал хүндэрсэн ч боловсролын салбарт олгох зээл тусламжаа танах зайлшгүй нөхцөл үүссэн бол энэ тухай эрт мэдэгдээгүй нь оюутнуудыг хүнд байдалд оруулжээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цаг 11 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 1 цаг 27 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй 1 цаг 43 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 1 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна 1 цаг 55 мин Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар ирсэн 2 цаг 8 мин Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 22 цаг 57 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 23 цаг 32 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 23 цаг 57 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 23 цаг 59 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ Өчигдөр 16 цаг 44 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Өчигдөр 16 цаг 35 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ Өчигдөр 16 цаг 31 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав Өчигдөр 16 цаг 25 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ Өчигдөр 16 цаг 19 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр 16 цаг 14 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ Өчигдөр 16 цаг 07 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Өчигдөр 15 цаг 41 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна Өчигдөр 15 цаг 32 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top