x

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, яриад байсан хариуцлагаа яг одоо тооцоорой!

Чингис хааны мэндэлсэн нутгийг аялал жуулчлалын бүс болгоно, “Андлалын өргөө", “Их хуралдай” гэх мэт хэд хэдэн цогцолбор барина гээд улсын төсөвт хэдэн тэрбумаар нь суулгаж байлаа, түрүүчийн УИХ, Засгийн газар.

Андлалын өргөө, Их хуралдай цогцолборт гэхэд л тус бүрд нь хоёр тэрбум төгрөг төсвөөс зарцуулсан мэдээлэл бий. Азийн хөгжлийн банкны санхүүжилт ч орсон гэж дуулдсан.

Урлагийн гэх үнэлэмжид багтахаар хийц загвартай, үнэ цэнээ хадгалсан чансаатай аятайхан өргөө босгочихвол яриад байх юм алга. Түүхэн үйл явдал өрнөсөн уул ус, гэрэлт хөшөөнөөс өөр Чингисийн, Их Монголын гэхээр хөшөө дурсгалаар маруухан Хэнтийд нүд баясгаж, сэтгэл сэргээхээр хэдэн сайхан цогцолбор барьчихад болохгүй юмгүй. Гэтэл өнөө цогцолборынх нь зураг сошиал орчинд шуугиан дэгдээгээтэхлээ, хэд хоногийн өмнө.

Хэдэн тэрбумыг зарцуулж барьсан гэхэд итгэмээргүй ядруухан өнгө төрхтэй тэр байгууламжуудыг харсан хэн ч шүүмжилж бухимдахаар. Ур хийц тааруу, сүр бараа, өнге донж муутай, анх танилцуулсан загвар зургаасаа тэс өөр дүр төрхтэй байгууламжийг та харж байна.

Уран бүтээлчид ч хоёр тэрбумын өртгөөр боссон өнөө байгууламжийг шүүмжлээд эхэлчихэж. Зураач С.Цогтбаяр саявтар нүүр номондоо өнөө зургийг нь өөр олон хөшөө дурсгалын зурагтай эгнүүлж тавьж байгаад шүүмжилсэн харагдсан.

Мань эр “Уг санаа зорилго нь эхэндээ зөв байж болох ч төсөл хэрэгжүүлэх явцдаа загвар дизайнаа, туслан гүйцэтгэгчээ зөв сонгохгүй, эцсийн гүйцэтгэлд хяналт тавьж чадамжгүй, төсөвлөсөн мөнгөнд завсар дундын цавчаа их орж, мэргэжлийн бус сайн дурынхан зориулалтын бус материалаар халтуурдсан зэрэг алдаануудын үр дүнд шавар цементэн овоолго нэмэгдсээр.

Бид шоолж шүүмжлээд өнгөрөхөөсөө илүүтэй энэ алдаа эндэгдлийг яаж засаж үр дүнтэй байлгах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Монголд юу л байна зураач барималчид, гарын уртай авьяастнууд л байна.

Ямар сайндаа л Өвөрмонголд өрнөж буй том бүтээн байгуулалтуудад ихэнхэд нь манай бүтээлчдийн ур ухаан шингэж байх вэ. Эндээ харин эсрэгээрээ байх юм. Хэтрүүлбэл бараг 100 айлын би чадначуудад хариуцуулаад байгаа юм биш үү” гэж ирээд нэлээд ширүүхэн дуугарсан байна лээ.

Төсвийн мөнгөөр баригдах ямар ч ажлын шат болгонд авлига цэцэглэсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Ноёд, түшмэдгүй улсын мөнгийг ашиг цавчаа болгож хувааж идсээр өнөөг хүрсэн нь ч булзах аргагүй бодитой үзэгдэл.

Уран бүтээлч нэрээр халтуур хийдэг хэсэг хүмүүсийн тухайд үлдсэн багахан мөнгөнд нь тааруулж хийдэг учраас иймэрхүү шавар цутгахаас аргагүйд хүрдэг байх.

Түрүү жил шиг санагдаж байна, “Андлалын өргөө”-ний гоё зурагтай тайлбар дотор “Энэ төсөл хэрэгжсэнээр ирэх жуулчдын тоо 280 мянга болж, шинээр 180 орчим ажлын байр бий болно” гэсэн өгүүлбэр харагдсан. Санаанд хачин тод үлдсэн энэ өгүүлбэр лав ажил болохгүй. Ийм хэцүү, ядруу байгууламжийг харах гэж жуулчид ирнэ гэдэг үлгэр, жуулчдын урсгалыг дагаж өчнөөн хүн доллартай болж амьдралаа цэцэглүүлнэ гэдэг мөрөөдөл.

Шавар амбаар төдийг харахаар өчнөөн мөнгө төлж Монголыг зорих гэнэн жуулчин гэж хаана байх вэ.

Хоёр тэрбумын цогцолборын мөнгө төгрөг, хөрөнгө мөнгө шийдэгдэхийн өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэлээд ширүүхэн мэдэгдэл хийж байсан юм. Эдийн засаг сайнгүй байна, юун хөшөө дурсгал вэ, аминд тулсан асуудал л биш бол төсвийн мөнгийг хамаагүй цацах боломж алга гэсэн утгатай яриа хөөрөө эдийн засагчдын дунд ид өрнөж байсан цаг л даа.

Өнөө мөнгийг нь аялал жуулчлалд заръя, гэхдээ арай боломжтой газар нь бодитой ажил хийе гэсэн яриа өрнөсөн шиг байгаа юм. Ийм шалтгаанаар ЗГХЭГ-ын дарга бухимдаж сүйд болсон түүх өнгөрсөнд бий.

Л.Оюун-Эрдэнэ сайд хөмсгөө атируулж суугаад их л ширүүн дуугаар “Түүхэндээ хөренгө оруулалт хийЧихье гэхээр заавал яагаад ийм, болохгүй талаас нь яриад байгаа юм бэ. Энэ бол үндэсний аюулгүй байдал, Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Болгох талаас нь хамтарч ажиллах ёстой болохоос болохгүй тацаас нь шалтаглаад сууж болохгүй. Тэр Батсансар гэж хүн хаана байна? Энэ нэг гурван үсэгтэй хэдэн компанийн утсан хүүхэлдэй болсон хүмүүс та нар аятайхан байна шүү. Монголд төр гэж байгаа шүү.

Компани төрийн дээр гарч байсан түүх гэж байхгүй. Тэгээд урагшилсан нэг ч улс байхгүй. Хатуу тэмцэх болно шүү. Энийг бас сануулчихъя. Хариуцлага тооцох санал гаргана. Тэр Батсансар гэж хүнийг зайлуулах хэрэгтэй. Батсансар гэдэг хүнд хэн чиглэл өгсөн бэ гэдгийг би мэдэж байгаа. Цаашид энэ төсөл дээр ямар нэг байдлаар Монгол Улсын түүхийн эсрэг ажиллавал улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү” гэж мэдэгдсэн удаатай. Өнөө бичлэг нь сошиалын гол сэдэв болчихсон яваа учраас уншигч та ч олоод харчихсан байх.

Энэ бичлэгийг сөхөж, эрхэм сайдын мэдэгдлээс эшилсэн нь цаанаа учиртай. ЗГХЭГ-ын даргаар өнөө ч ажиллаж яваа Л.Оюун-Эрдэнэд үг дайх гээд байгаа юм.

Их хааныг алдаршуулах төслийг хэрэгжүүлэхэд садаа болсон хэнийг ч төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ, хариуцлага тооцно, хална, хөөж явуулна гэж өндөр дуугарсан шигээ их хааны нөхөрлөл, сүр хүчийг алдаршуулах хөшөө дурсгал цогцолборыг шавар овоохой шиг, сум, аймгийн угтах хэсэгт харагддаг самбар шиг хийчихсэн нөхдөд хариуцлага тооцмоор байна.

Төсвийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө биш. Төр угаас баялаг бүтээдэг субъект биш.

Шавар овоолчихсон юм шиг нунж дорой харагдах Андлалын өргөө, Их хуралдай цогцолборт төсөвлөсөн мөнгөнөөс хувь хүртсэн шат шатны ноёд, түшмэдүүдэд хариуцлага тооцмоор байна.

Энэ төслийн зарцуулалтад аудит хийлгэж, энэ төсөлд хамаатай албан тушаалтнуудыг ажлаа яг таг, зөв шударга хийсэн эсэхэд шалгалт оруулж, шаардлагатай бол АТГ-т хандмаар байна, сайд аа. Түүхэн дурсгал барих мөнгөнөөс хувьдаа завшиж, бүтээл биш, шавар болгосон явдал ч бас тусгаар тогтнол, түүхийн эсрэг гэмт хэрэг гэдэгтэй та санал нийлэх байх.

Төсвийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө биш. Төр угаас баялаг бүтээдэг субъект биш. Баялгийг, бүр тодруулж хэлбэл төсөвт цуглардаг мөнгийг эрхэм сайдын гурван үсэгтэй гэж илүү үзэж, төр дээр нь байх ёстой гэж адалдаг компаниуд, ажлаа хийгээд цалингаа авч яваа татвар төлөгч жирийн иргэд бүрдүүлдэг юм.

Компани, иргэдээс татвар хураамж хэлбэрээр татаж цуглуулсан төсвийн мөнгөнөөс Л.Оюун-Эрдэнэ сайд бас цалинжиж, сайдын ямба хангамж эдэлдэг суугаа. Ийм учраас жирийн иргэдэд төсвийн мөнгөнд хяналт тавих эрх бий.

Өөрийнхөө өгсөн мөнгөний зарцуулалт нь ямархуу явааг хянах, шүүмжлэх эрх Монгол Улсын бүх иргэнд байгаа. Тийм болохоор л иргэд сошиалд “Төсвийн хоёр тэрбум дэмий зарлага болчихлоо” гэж халаглаж, шүүмжлээд байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Холбоотой нийтлэл: 

Хэнтийн “цементэн овоолго”-ыг аудитаар шалгуулья

Төсвийн мөнгө уйлдаггүй буюу Л.Оюун-Эрдэнэ сайдын "онцлох" бүтээн байгуулалт

Гадаад худалдаа, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани “Андлалын өргөө”-г барихаар болсон

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top