x

Монгол орны бат цайз зүүн хязгаараас бичсэн тэмдэглэл

Монгол Улсын дархан хил, Хилийн цэргийн тухай бодоход л монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Суварган цэнхэр уулс” киноны зураглал анхлан тодрох биз ээ. ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаныхантай аян замын дөрөө харшин Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн анги, салбарын алба үйл ажиллагааг сурвалжлахаар мордлоо. Зүүн хязгаар нутгаар явах энэхүү томилолтын багийг тус албаны “Хилчин” студийн эрхлэгч, ахмад Г.Оргил ахалж явав. Биднийг Сүхбаатар аймаг хүртэл 750 км, цаашлаад Онгон сум руу 150 гаруй км бэдрэх урт холын зам хүлээж буй. Өглөө эртлэн хотоос хөдөлсөн болохоор үдийн алдад Хэнтий аймагт хүрч очив. Түр амсхийгээд үргэлжлүүлэн замдаа гарлаа. Зах хязгаар нь үл харагдах тал нутаг үргэлжилсээр. Их хотын чимээ шуугианаас ангид намхан толгодын наагуур харагдах суурин, хаа нэгтээ үзэгдэх айлын өвөлжөө, тал дүүрэн бэлчсэн таван хошуу мал, зах хязгааргүй хөврөх үүлсийг харж холыг ширтэн явсаар жаргах нартай уралдан Сүхбаатар аймгийн төв орлоо. Төвөөсөө гурван цаг хэртэй давхисаар сая нэг хилийн 0184 дүгээр ангид очсон юм. Тус ангийн захирагч, дэд хурандаа Б.Баасансүрэн биднийг угтаж аваад “За хэдүүлээ хооллоно. Хол замд ядрав уу?” гэсээр тосож авсан юм. Ингээд биднийг ангийн зочид буудал руу хүргэж өглөө. Сарны туяа цонхны цаанаас туяарч, аадар борооны чимээнд бөх гэгч нь нойрсжээ.

ШИНЭ ЦЭРГҮҮД ИРЭЭД ХОЁР ДОЛОО ХОНОЖ БАЙНА

Наран мандах нутагт өглөө болжээ. Бороо хувингаар цутгах мэт шаагина. Бороон дуслын шуугианаас даван цэргүүдийн “тап, тап” хийтэл хөл нийлүүлэн алхах чимээ хилийн ангийн шинэ өглөөг илтгэх мэт. Хилийн 0184 дүгээр анги Онгон сумын зүүн хойхно байрлана. Харин ангийн эсрэг талын дэнжид шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын хэсэг бий. Тэнд очиход долоон майхан тойруулан барьж, баруун, зүүн, урд хэсгээр турник, бэлтгэлийн саад хэрэгсэл эгнүүлэн зоосон харагдана. Хилийн 0184 дүгээр ангид Архангай, Дундговь, Сэлэнгэ, Эрдэнэт, Өмнөговь гэсэн таван аймгаас олон аавын хүүхдүүд эр цэргийн албанд мордон иржээ. Шинэ цэргүүд ирээд хоёр долоо хонож байгаа аж. Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны ахлах офицер, ахлах дэслэгч Б.Ганзоригоос сургалтын төвд хэдэн хоног гардаг, цэргүүд ямар сургалт бэлтгэлд хамрагддаг талаар тодрууллаа. “Шинэ дайчдыг албанд нь сургах, онолоор олж авсан мэдлэгийг дадлагаар бататгах, алба хаах мэдлэг чадварыг эзэмшүүлэхийн тулд шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулдаг” гэлээ. “Тэгээд яг ямар хичээлүүд голчлон заадаг вэ” гэхэд “Хууль эрх зүй, хилийн алба, жагсаалын бэлтгэл, цэргийн дүрэм, албаны амьтадтай харьцах үеийн аюулгүй ажиллагааны заавар гээд л эхэлнэ шүү дээ. Нийт арван төрлийн хичээл сургалт ордог. Эхлээд хувцсаа яаж биедээ тааруулж өмсөх, удирдах даргад очих, илтгэх, цэргийн хүнтэй хэрхэн яаж харьцах зэргээр бүгдийг анхан шатнаас нь эхэлж заана. Улмаар тасгийн, салааны жигдрэлтийг хянаж эхэлнэ. Ингээд сургалтын төвийн туршид нэгэн цул болж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг эзэмшсэнээр тангараг өргөх ёслолын ажиллагаа болно” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЧОЙН ДУГАРЖАВЫН НЭРЭМЖИТ ХИЛИЙН 0184 ДҮГЭЭР АНГИ

Бороонд чийгтсэн хөрсөн дээр чийрэг эрс жавхаатай жагсчээ. Тэд командаар нэгэн зэрэг хөдлөх нь сүртэй. Манай сурвалжлах баг ангийн даргын хамт алдрын танхим, соёлын төвөөр орж сонирхов. Тус анги 1974 онд байгуулагдсан гэдгийг ангийн захирагч явдал дундаа хуучиллаа. Хил хамгаалах байгууллагын ууган ангиудын нэг бөгөөд Чөлөөлөх дайнд оролцож, эгнээнээсээ есөн генерал, 40 гаруй хурандаа төрүүлсэн байна. Байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд ч олонтой аж. Тухайлбал, хилийн салбар дээр Бударын чулуу, мөн Дарьгангын нутаг, Оргихын булаг, Ганга нуур, Тоорой Бандийн хөшөө, Шилийн богд, Алтан овоо зэрэг үзэсгэлэнт газруудтай. Мөн энэ нутаг Манжийн хааны сор болсон адууг маллаж байсан газар хэмээн түүхэнд бичээстэй үлджээ. Энэ талаар Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны ахлах офицер, ахлах дэслэгч Б.Ганзориг “Хилийн 0184 дүгээр анги нь 1936 оны хоёрдугаар сарын арванд Дотоод явдлын яамны 03 тоот тушаалаар одоогийн Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Наранбулаг нэртэй газар анх байгуулагдсан түүхийн олон үечлэлийг туулсан 86 жилийн буурал түүхтэй анги” гэв. Түүнээс дахин хэд хэдэн зүйл лавлаж асуулаа.

-Ууган ангийн нэг гэлээ. Танай анги ямар онцлог үйл явдалд оролцож байв?

-Яривал их зүйл бий. 1945 оны Чөлөөлөх дайнд Зөвлөлт Холбоот Улсын баатар генерал Плиевээр удирдуулсан морьт механикжуулсан бүлгийг улсын хилээр аюулгүй нэвтрүүлэх үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед улсын хилийн эсрэг талд байрлах Японы таван суманг нэг шөнийн дотор устгах даалгаврыг авч зургаан бүлгийг томилон үүрэг гүйцэтгүүлж дайсны таван суманг газар дээр нь устгасан байдаг. Ингээд Плиев генералаар удирдуулсан морьт механикжуулсан бүлгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилээр гаргаад Өмнөд Монголын Жихэ хот хүртэл аюулгүй байдлыг нь хангаж ажилласан байдаг. Мөн Монгол, Зөвлөлтийн арми гарсны дараа ард үлдсэн Японы хорлон сүйтгэгч, тагнуулуудыг устгаж, Өмнөд монгол иргэдийг төвхнүүлэх ажлыг зохион байгуулж байсан.

-Энэ гавьяаг төр засгаас өндрөөр үнэлсэн байх?

-Тийм ээ. 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 129 дүгээр зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасан. Үүнээс гадна манай анги 2014 онд Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит болсон. Дугаржав баатар Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул иргэн. Халх гол болон 1945 оны Чөлөөлөх байлдаанд оролцож явсан. Үүгээр зогсохгүй гавьяаныхаа амралтад гараад уугуул нутгийнхаа сургуулийн сурагчдад болон шинэхэн цэрэг армийн албан хаагчдад эх оронч үзлийн талаар хичээл ордог байсан гэлээ.

Ингээд ангийн түүхтэй товч танилцаад нэгэн хилчин бүсгүйг тосч уулзсан юм.

ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦ, АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АХЛАХ ОФИЦЕР, АХМАД С.АЗБИЛЭГ: ЭМЭГТЭЙ ХҮН ХИЛ МАНАЛЦАНА ГЭДЭГ ХОВОРХОН ЗАВШААН

Түүнийг С.Азбилэг гэдэг. Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын уугуул, удам дамжсан хилчин бүсгүй ажээ. Нүдэнд нь оч гялалзсан энэ бүсгүйн аав, ээж хоёулаа энэ ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэрээр Хил хамгаалах байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. Харин гэр бүлийн хүн нь энэ ангийн сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны ахлах ажилтан гэнэ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Бид нэг хүү, хоёр охинтой. Том хүү дөрөвдүгээр анги, охин маань нэгдүгээр анги, бага охин маань нэг нас долоон сартай. Ангиас 200-300 метрийн зайд хилчдийн хотхон бий. Тэнд алба хаагчид маань байрлацгаадаг.

-Энэ ангид хэдэн жил ажиллаж байна?

-Яг 16 дахь жилдээ ажиллаж байна. Ажил, амьдралын гараагаа 1998 онд фото зурагчин гэдэг орон тоон дээрээс эхэлж байлаа. Түүнээс гадна бүжиглэдэг байв. Ингээд би 2002-2008 оны хооронд Хилийн цэргийн дээд сургуульд нөөцийн эрхлэгч гэх албан тушаалд ажиллаж байгаад эргээд энэ ангидаа ирж ажиллаж байна.

-Одоо ямар албан тушаал дээр ажиллаж байгаа вэ?

-Би захиргаа, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ахлах офицер хүн. Хил хамгаалах байгууллагын энэ албанд хэн дуртай нь ордоггүй шүү дээ. Тиймээс маш их бахархдаг. Цэргийн алба бол хэн хүнээс тэсвэр тэвчээр, зарчим, хариуцлагыг шаарддаг. Би 2015-2016 оны хооронд хилийн салбарт орлогч хийж байлаа.

-Ер нь эмэгтэй хүнд амаргүй алба болов уу?

-Эмэгтэй хүн хилээ маналцана гэдэг ховорхон тохиолдох завшаан. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хилийн манаанд үүрэг гүйцэтгээд, хилийн салбарын орлогчоор ажилласан эмэгтэйчүүд хуруу дарам цөөхөн бий. Тэдний нэг болсондоо бахархдаг. Монгол Улсынхаа торгон хилийн зурвас дээр хилийн манааны үүрэг гүйцэтгээд явахдаа маш их омогшдог. Хугацаат цэргийн албан хаагчид Хилийн цэрэгт ирээд их ярьдаг. Хилийн манаанд явахдаа нар мандахыг харахад маш их омогшдог гэдэг. Энэ омогшил хилээ манаж яваа хүн бүрт бий. Хилийн манаанд явахдаа эх орон, тусгаар тогтнолын талаар, хилчин хүний үүрэг хариуцлага, омогшлын талаар Монголын ирээдүй болсон залуучууддаа ярьж өгөх хамгийн сайхан. Ер нь хилийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүд бүх төрлийн ажил хийдэг.

-Энэ их ажлын хажуугаар ар гэрийн ажлыг амжуулна гэдэг хэцүү байх даа?

-Асар их тэвчээр, хариуцлага, нарийн зохион байгуулалт байдаг(инээв). Гэхдээ ар гэр хаягдлаа гэсэн ойлголт огт байхгүй. Ер нь сүүлийн үед хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлын тал дээр маш их анхаардаг болсон шүү дээ. Жишээлбэл, бидний байшин ердийн галлагаатай. Өвлийн цагт тарах цагаас 30 минутын өмнө тараад хоол ундаа хийчихсэн, үр хүүхдээ тосоод авчихсан байх жишээтэй. Цаашлаад эмэгтэй хүнд тусалж дэмжих зөндөө зүйл байдаг учраас Хилийн цэрэгт эмэгтэй хүн алба хаахад хүндрэлгүй.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж, гоо сайхандаа хэрхэн анхаарч байна?

-Одоо бүх зүйл сайхан хөгжчихсөн шүү дээ. Хилчин бүсгүйчүүд Улаанбаатар хотын та бүхэнтэй эн тэнцүү зүйл эдэлж хэрэглэдэг гэж боддог. Өөрийн гоо сайхан арьс арчилгаандаа анхаардаг болчихсон. Бүх брэндийн бүтээгдэхүүнийг чадлаараа олж авахыг хичээдэг. /инээв/ Сумын төвдөө л гэхэд хилчин эмэгтэйчүүд хамгийн сайхан биеэ авч явдаг, хаа явсан газраа соёлыг түгээж байдаг. Чөлөөт цагаараа би ном, сонин их уншдаг. Мөн бид өглөөдөө гүйхийн зэрэгцээ зумба бүжгээр хичээллэдэг. Сүүлийн үед бас манайхан зүү ороох оёдлыг нэлээн сонирхдог болчихсон. Зүүлт, ээмэг хийнэ. Хагас, бүтэн сайн өдрүүдэд сагс тоглоно.

Б.БАЯРБАТ: ЭХ ОРОН ГЭЖ ЮУ ВЭ, ХИЛЧИН БААТАР ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ ГЭДГИЙГ СУРАЛЦААД ЯВЖ БАЙНА

Салхи салхилан тэнгэр дахин үүлшиж, хур бороо ширүүн ороод түр намдав. Хаашаа ч харсан шалбааг, ус. Борооны дараа чийг үнэртэж, орчлон дэлхий өнгөө засжээ. Энэ цаг уурт жагсаалд номхон командтай зогсох Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хилийн цэрэгт татагдан ирсэн Б.Баярбаттай цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр Кино Урлагийн дээд сургуулийн сэтгүүл зүйн нэгдүгээр курсэд суралцаж байгаад жилийн чөлөө аван цэрэгт морджээ.

-Цэргийн албанд татагдаж ирээд хэд хонож байна. Зутруу байна уу?

-18 хонож байна. Ард амьдралд өөрсдийн дураар байж байгаад Хилийн цэрэгт анх татагдан ирээд цагийн хувиар, тушаалаар дагуу байх хэцүү байсан. Нэг л дасаж өгөхгүй. Одоо харин цэрэг болох гээд хичээж явна даа. Салааныхаа цэргүүдтэйгээ одоо л танилцаж, найзууд болж эхэлсэн. Цаашид бүтэн жилийн хугацаанд хамт байх учраас, “Байгалийн өмнө шантарч үзээгүй” гээд дуу шиг жаргахдаа хамт жаргаж даарч, хөрөхдөө хамтдаа гэж л бодож байна.

-Шөнөдөө ширүүн бороо ороод хүйтэн байна шүү дээ. Майханд хоноод үүрээр даарч байна уу?

-Даарах үе бий бий. Мэдээж тал хээрийн бүс учраас эрс тэс уур амьсгалтай. Шөнөдөө жаахан жиндүүхэн.

-Сургалтын төвийн нэг өдөр хөтөлбөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө долоон цагт “сэрээд” гэсэн командаар босно. Тэгээд өглөөний гүйлтэндээ гараад дараа нь хувийн ариун цэврээ хангачихаад хоолондоо орно. Бид 26 нэр төрлийн бүтээгдэхүүн , хоол хүнс хэрэглэдэг л дээ. Хилийн цэрэг хангалт сайтай юм байна. Цагийн хувиараар хооллодог болохоор анх ирээд хоолондоо цаддаггүй байсан. Одоо барахаа больж байгаа \инээв\. Хоол идсэний дараа цагийн хуваарийн дагуу хичээлүүд явагдана \онол эрх зүй, хилийн алба,цэргийн дүрэм,биеийн тамир,галын бэлтгэл тусгай бэлтгэл гэх мэт хичээлүүд ордог.\ Сургуулилт болон лекцүүд ордог. Дадлага хийнэ. Цагийн хуваарийн дагуу зэвсэгтэй харьцах биеийн тамирын дасгал хөдөлгөөн гэх мэт. Ингээд оройн тоондоо ороод 22:00 цагт амардаг.

-Үдийн амралтаараа юу хийдэг вэ?

-Амралтын хугацаанд захны даавуу оёх, гутлаа тослох, зарим нь унтаж амардаг. Мөн соёл хүмүүжилийн цаг гэж бий. Энэ хичээл дээрээ түүхэн кино үзэж, мэтгэлцнэ. Мөн өдөр тутмын сонин болох “Өдрийн сонин”, “Өнөөдөр сонин”, “Эх орны манаа” гээд сонингуудаа уншиж мэдээлэл авна. За тэгээд эх орон гэж юу вэ, хилчин баатар гэж хэнийг хэлэх вэ гэх мэт маш олон сэдвээр ярилцдаг.

-Коронавирус гарсантай холбогдуулан ариун цэврийг чанад сахиж байх шиг байна?

-Тийм шүү. Хоёр ээлжийн маск өгсөн. Угаагаад л ээлжилж зүүдэг. Мөн гараа тогмол ариутгана. Ер нь тэгээд би цаг хугацаа хожиж байгаа гэж бодож байгаа. Цар тахал гарсан энэ үед хүн бүхэн ажилгүй хичээлгүй, хийцгүй байна. Харин би энэ үеийг ашиглаад эр цэргийн албаа хааж, цаг хугацааг үр өгөөжтэй өнгөрүүлж байна. Ер нь цэргийн албанд сэтгэл зүй хамгийн чухал гэж боддог. Сэтгэл зүйн талд өөдрөг байж чадвал жилийн хугацаа сар юм шиг л байна. Сэтгэл зүйгээ алдвал жилийн хугацаа арван жил юм шиг л санагдана гэлээ.

Ийнхүү бид хоёрыг ярилцаж суух үед бороо тасралтгүй орсоор л байв. Бүтэн жилийн хугацаанд цэргийн алба хаагчдын дунд сэтгэл зүйн судалгаа тогтмол явагдаж байдаг аж. Үүнд цэргийн албан хаагчийн сэтгэл зүйн бэлтгэлээс гадна хамгийн чухал зүйл бол хувь хүний төлөвшил дээрээс нь төрөлх зан характер гэнэ. Үүнийг харгалзан үзэж албанд тусгах шаардлагатай байдаг аж. Тухайн хүний сэтгэл зүйн дархлаа маш өндөр байх хэрэгтэй гэх үү дээ. Хилчин хүмүүс байгаль цаг агаарын ямар ч үед үүргээ гүйцэтгэх шаардлага гардаг. Тэр эрсдэл, өөрт тулгамдсан асуудлыг даван гарах сэтгэл зүйн бэлтгэл олгохын тулд зөвлөгөө болон бусад арга хэмжээнүүдийг тус анги авч хэрэгжүүлдэг гэнэ. Бодит байдал дээр хилийн манаан дээр үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүн бүгд хөнгөн чанарын сэтгэл зүйтэй хүмүүс бол хил зөрчигчтэй тулсан үед хийсвэр дүгнэлт гаргах сөрөг нөлөөтэй бөгөөд энэ нь албанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Нэлээн нухацтай хандлагатай албан хаагчийг бүрэлдэхүүнд оруулбал үр дүн маш өндөр байдаг аж. Ингээд цэргүүд оройн хоолныхоо дараа сэтгэл зүйн сорилго, тестээ бөглөхөөр майханд цуглалаа. Майнхы зүүн урд хуцах хилийн цэргийн нохой сонирхол татна. Сургагчийг нь олж уулзан хэсэгхэн Хилийн цэргийн үнэнч анд нөхрийн талаар ярилцлаа. Тэрээр “Хилийн цэрэгт тусгай ажиллагааны, эрлийн, хамгаалалтын гэсэн гурван төрлийн нохой байдаг. Түүний нэг бол Жимми бол хил зөрчигч нэвтэрсэн тохиолдолд мөрөөр нь хайдаг герман үйлдрийн хоньч нохой” гэлээ. Ингээд цэргүүд ч оройн тоондоо орох цаг болж бүгд тал тийш таран одож бид амрах байрны зүг хөдөллөө.

ЭХ ОРНЫ МИНЬ ХИЛ ТАЙВАН АМГАЛАН БАЙНА

Дараагийн өглөө ч бороо үргэлжлэн орсоор. Манай сурвалжлах баг ангийн захирагч, дэд хурандаа Б.Баасансүрэнгийн хамт байгалийн өвөрмөц тогтоцтой хилийн 0148 дугаар салбарт очлоо. Ангийн ойролцоох Бударын чулууд холоос харахад хоорондоо нилээн зайтай цуварч үзэгдсэн ч ойртох тусам далайн доогуур явж байгаа мэт зураасан хээтэй, шигүү хаднууд харагдлаа. Уг салбар Онгон, Наран, Баяндэлгэр, Дарьганга гэсэн дөрвөн сум дамнан хилээ хамгаалдаг гэнэ. Биднийг очиход салбарын хамт олон халуун хоол цайгаар дайллаа. Ширээн дээр шинэхэн барьсан талх, гараар хийсэн өтгөн шаргал молоко, жимсний чанамал тэргүүтэн харагдана. Халуун цай, цуйвангаар дайлахын зэрэгцээ дугаар салбарын тогооч Ч.Хонголзул молоко, талх тэр байтугай чихрийн тавагаа хүртэл шүрээр урлаж хийсэн тухайгаа хуучиллаа. Мөн тэрээр “Манайх гэр бүлээрээ салбарт ажиллаж байна. Хоёр хүүхэдтэй. Том хүү маань хотод сурдаг. Бага нь бид хоёртой хамт байдаг. Бид чинь өөрийн хүүхдүүдээс илүү цэрэгт татагдан ирсэн хөвгүүдэд аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж л ажиллаж байна шүү дээ”/инээв/ хэмээсэн юм.

Дугаар салбарын хариуцсан хэсэг болох Бударын чулууны нийт тогтоцын 70 хувь нь Монголд үлдсэн 30 хувь нь Хятадын талд байдаг аж. Хил дамнасан байгалийн өвөрмөц тогтоцтой Бударын чулуу бичигтэй хад, шилийн сайн эр Торой бандийн Хулгайчийн шанд гэх олон сайхан тогтоц газруудаас бүрдэнэ. Хулгайчийн шанд нь эргэн тойрон маш том хадаар хүрээлэгдсэн булаг байх аж. Бороо хур ихтэй жил бол булаг оргилж, хадан хавцал усаар дүүрдэг гэнэ. Мөн шандаас наах нь бичигтэй хад бий. Бичигтэй хадан дээр гэр бүл болж байгаа хосууд болон гөрөөс, ан амьтдын дүрсийг сийлжээ. Хилийн салбараас наашлах үед талд бөөн цагаан зээрийн сүрэг давхилдан харагдсан юм. Мөн арав гаруй жилийн өмнө Бударын чулуунд долоо найман тооны аргаль, угалз нутагшуулсан гэнэ. Түүнээс хойш тоо толгой нь нэмэгдсэн талаар аян замын нөхөд хуучиллаа. Бид явсаар хилийн дугаар багана дээр ирлээ. Хилийн манаанд гарч байгаа эрсийн нэг болох Дархан-Уул аймгаас татагдан ирсэн Э.Баянсантай хэсэг ярилцав. Тэрээр “Анх би Хилийн цэрэгт ирнэ гэж огт бодож байсангүй. Гэтэл Хилийн цэрэгт хуваарилагдан ирсэн. Анх ангид ирчихээд хувцсаа өмсөхийг л тэсэн ядан хүлээж догдолсон. Анги дээр байсан найзуудтайгаа нэг салбарт хуваарилагдчих юмсан гэж бодсон. Гэхдээ бүгд өөр салбарт хуваарилагдсан. Би өөрийгөө хамгийн сайхан газар ирсэн гэж боддог. Хилийн манаанд гараагүй үедээ ус түлээнд явахаас эхлүүлээд ажил ихтэй байдаг. Чөлөөт цагаараа өдөр тутмын сонин ихэвчлэн уншдаг. Ялангуяа “Өдрийн сонин”-ыг уншдаг. Үнэн бодитой, сонирхолтой мэдээллүүдийг нь гарчиглаж суух “амттай” шүү. Би ард амьдралд байхдаа хоол хийж чаддаггүй байлаа. Ер нь айлын эрх хүүхэд гэх үү дээ. Энд ирээд хоол хийхээс эхлүүлээд малд явах гээд олон зүйл суралцаж байна. Хамгийн сайхан мөч бол мандах нарнаар морио унаад хилийн манаанд гарах. Өмнө нь морин дээр мордож үзээгүй байсан. Сүлдэт баганаас цааш хүний нутаг гэхээр чулуу нь хүртэл өөр санагддаг. Хил тайван байна. Ар гэрийнхэнтэйгээ тогтмол холбогддог. Хааяа цэргүүдэд илгээмж ирж л байдаг. Гэхдээ хангамж сайтай болохоор гэрээсээ илгээмж аваад байх шаардлагагүй. Үеийхэндээ хандаж хэлэхэд Хилийн цэрэгт алба хаагаарай гэж хэлье. Эр хүний хийморь энд л байна” гэлээ.

Монгол орны бат цайз зүүн хязгаараас бичсэн тэмдэглэл маань ийнхүү өндөрлөж байна. Манай сурвалжлах баг их хотын зүг хөдөллөө. Суварган цэнхэр уулс, сувдан цагаан үүлс ард үлдэж, тэртээд Бударын чулуу алсарлаа. Эх орны минь хил тайван амгалан байна.

ЭХ СУРВАЛЖ:Өдрийн сонин

С.ЛХАМСҮРЭН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 20 цаг 46 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 21 цаг 44 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 21 цаг 57 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 22 цаг 9 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 22 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 22 цаг 47 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top