Монгол улсад коронавирус тархахаас сэргийлэх, ханиад томууны тархалтыг зогсоох үүднээс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан, мөн МСҮТ, Их, дээд сургуулиудын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан билээ.
Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээл бэлтгэн хүргэхийг Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Үүний дагуу цахим болон теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж байгаа ба албан ёсны мэдээллийг лхагва гаригт зарлахаар болжээ.
Харин МСҮТ, Их, дээд сургуулиуд хичээл, даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцан явуулах юм байна.
Ерөнхий боловсролын сургуулийн теле хичээлийн хуваарийг албан ёсоор мэдээлэх хүртэл хугацаанд сурагчид, эцэг, эхчүүдийг хүлээцтэй байж, өнгөрсөн жилүүдэд бэлтгэн хүргэж байсан хичээлийг түгээж, төөрөгдөл үүсгэхгүй байхыг албаныхан зөвлөлөө.