Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаан өнөөдөр боллоо.
Үндэсний хорооны хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт уг бага хурал эхлэхэд дөрөв хоног үлдээд байгааг онцлоод, үлдсэн хугацаанд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, амжилттай зохион байгуулахаас гадна Монгол Улсад бодит үр өгөөжтэй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Тэрбээр тус бага хурлыг Монгол Улс дахь цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн хомсдол, усны асуудлыг дэлхийн анхаарлын төвд хүргэж, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөр, санхүүжилт татах чухал боломж хэмээн тодотгов. Тухайлбал, говийн бүсийн усны хангамжийг нэмэгдүүлэх тэргүүтэй олон жил ярьсан томоохон төслүүдийг олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдэд танилцуулж, бодит хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарахыг чиглэл болгосон юм.
Мөн тус бага хурлын үйл ажиллагаагаар хязгаарлахгүйгээр, ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улсын ус, бэлчээр, цөлжилт, газрын доройтлын асуудлаар тодорхой шийдэл, санхүүжилт бий болгох ажлыг үргэлжлүүлэх шаардлагатайг онцлов.
Түүнчлэн бага хуралд оролцох олон улсын парламентын гишүүд, өндөр түвшний төлөөлөгчидтэй хийх уулзалт, яриа хэлэлцээг үр дүнтэй зохион байгуулж, Монгол Улсын бодлого, санаачилгыг олон улсад таниулах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн.
Монгол Улс энэхүү бага хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 тэрбум төгрөгийн зардал гаргаж буйг УИХ-ын дарга дурдаад, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг олон нийтэд ил тод тайлагнахыг Үндэсний хороо, ажлын албанд үүрэг болголоо.
Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэнхэр бүс болон Ногоон бүсийн зохион байгуулалт, холбогдох тогтоолын төслүүд, зочид төлөөлөгчдийн бүртгэл, үйлчилгээ, шуурхай штабын бүтэц, зохион байгуулалтын талаар хэлэлцэж, мэдээлэл сонсоод, төслийн талбайтай танилцлаа.



