Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суух Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу долоодугаар сарын 22-ны өдөр тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана-тай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулав.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид тус комисстой хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв.
Хатагтай Армида Салсиа Алисжабана Монгол Улс, НҮБ-ын АНДЭЗНК-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа нотлов. Түүнчлэн тэрбээр тус комиссын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцох гэж байгаа талаар мэдэгдэж, хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов.
НҮБ-ын АНДЭЗНК нь НҮБ-ын бүс нутгийн 5 комиссын нэг бөгөөд тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ази, Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын зохицуулах механизмыг тэргүүлдэг. Комиссын үйл ажиллагаа бүс нутгийн эдийн засаг, нийгмийн бодлогын олон талт асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, гишүүн улсын дунд хамтын ажиллагааг дэмжих, мөн бодлогын зөвлөмж өгөх, дүн шинжилгээ, судалгаа хийхэд чиглэдэг бөгөөд хөгжиж буй гишүүн улсын хүний нөөц, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлдэг.




