Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Шанхай хотын Зам, харилцааны их сургууль, "Жяо Тун" их сургуулийн Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэнбин тэргүүтэй төлөөлөгчдийг баасан гаригт хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд дэд бүтэц, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэх, тэр дундаа төмөр зам, иргэний нисэх, авто замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Шанхайн "Жяо Тун" их сургуулийн төлөөлөгчдийг Зам, тээврийн яаманд хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа жилээс жилд өргөжин хөгжиж, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байгааг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор авто зам, төмөр зам, логистик, агаарын тээврийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж буйг дурдаад, эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд, судлаачдыг бэлтгэх нь зам, тээврийн салбарын тэргүүлэх зорилтын нэг болж байгааг онцоллоо.
Мөн тэрбээр 2026 онд БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургууль болон БНСУ-ын төмөр замын чиглэлийн их сургуулиудтай хамтран нийт 60 орчим оюутныг бакалавр, магистр болон бэлтгэл хөтөлбөрт шат дараатай суралцуулахаар ажиллаж байгааг танилцуулав.
Энэ үеэр Шанхайн "Жяо Тун" их сургууль нь инженерийн боловсрол, шинжлэх ухаан, инновац, судалгааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй их сургууль болохыг онцолж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг урт хугацаанд, бодит үр дүнд хүргэн ажиллах нь чухал болохыг онцлов.
Мөн энэ хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНХАУ-ын Шанхайн "Жяо Тун" их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах гэж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.
Санамж бичгийн хүрээнд ухаалаг тээврийн систем, төмөр замын инженерчлэл, логистик, хотын тээвэр, дижитал технологи, хиймэл оюун ухааны хэрэглээ, ногоон тээврийн хөгжлийн чиглэлээр нарийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, жил бүр тодорхой тооны монгол оюутныг тус сургуульд суралцуулах, инженер, судлаачдыг давтан сургах, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.
Шанхайн "Жяо Тун" их сургуулийн төлөөлөгч, Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэнбин “Энэхүү уулзалт нь Шанхайн "Жяо Тун" их сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, зам, тээврийн салбарын хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэхэд бодит ахиц авчрах чухал алхам болж байгааг онцлоод, Монгол Улсын зам, тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлд бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, Шанхайн "Жяо Тун" их сургуулийн Хүний нөөцийн газрын захирал, профессор Ху Хао, Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал бөгөөд Дэвшилтэт инновацын хүрээлэнгийн захирал Цү Егао, тус их сургуулийн "Глобал" коллежийн захирал Ван Хө шен, Материал судлал, инженерчлэлийн сургуулийн декан Дай Цин, Ухаалаг тээврийн хэрэгслийн эрдэмтэн судлаач, Хятад-Монголын “Бүс ба зам” хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан төвийн эрхлэгч Ин Чэнлян зэрэг төлөөлөгчид оролцсоныг Зам, тээврийн яам мэдээлэв.





