УИХ-ын чуулганаар Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарын эмч нарын төлөөлөл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж хүсэлт гаргажээ.
Эмч нарын зүгээс улс орны хэмжээнд эрүүл мэндийн ойлголтыг бүхэлд нь үгүй хийж, нийгмийн өмнө тулгамдаж буй хамгийн ноцтой асуудал бол бүх төрлийн тамхины хамаарал, донтолт болоод байгааг онцолсон байна. Тэр дундаа өнөөг хүртэл хууль эрх зүйн тодорхой зохицуулалтгүй явж ирсэн цахим буюу электрон тамхины хэрэглээ хяналтаас гарч, ирээдүй хойч үе маань никотины хамааралд орж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. Сүүлийн үеийн судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бараг 80 орчим хувийнх нь уушгины багтаамж муудсан үзүүлэлттэй гарсан бөгөөд үүний гол шалтгаан нь электрон тамхины замбараагүй хэрэглээтэй шууд холбоотой гэж үзэж байна.
Мөн тэд тамхи импортлогч компаниуд улс орны татварын орлогыг барьцаалах, бодлого чангарвал далд эдийн засаг цэцэглэнэ гэх мэтээр олон нийтэд анхааруулга, мэдэгдэл хийж байгааг шүүмжлэв. Хүн амын эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллагууд ийнхүү давуу эрхтэйгээр дуугарч байгаа нь цөөхөн монголчуудын ирээдүйд тун халтай үзэгдэл гэдгийг хүсэлтдээ дурджээ.
Тиймээс эмч нар Монгол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Ерөнхийлөгчийг эрүүл монгол хүний төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө бизнесийн ашиг сонирхлыг урьтал болгосон талуудад хязгаарлалт тогтоож, эрүүл мэндээ хамгаалж буй иргэдийг дэмжин, төр түшигчдийг ухаалаг, зөв шийдвэр гаргахад чиглүүлж өгөхийг хүссэн байна.







