Хэр хурдан алхаж чадаж байна вэ гэдэг нь ердөө нэгэн энгийн хөдөлгөөн мэт санагдаж болох ч энэ нь таны бие, оюуны чадамж, цаашлаад тархи болон биеийн хөгшрөлтийн явцыг илтгэдэг чухал үзүүлэлт болохыг судалгаанууд харуулж байна.
Судалгаанаас үзэхэд, хүний алхах хурд нь эмнэлэгт хэвтэх, зүрхний шигдээс болох, бүр цаашлаад нас барах эрсдэлийг хүртэл урьдчилан хэлэх боломжтой байдаг. Мөн гайт хэмээх алхалтын хурд нь когнитив хөгшрөлтийн түвшинг тодорхойлох нэг хэмжүүр болж чадах аж.
Алхах хурд ямар дохио өгдөг вэ?
Хүн нас ахих тусам алхах хурд нь аажмаар удаашрах нь хэвийн үзэгдэл. Гэвч хэрвээ энэ удаашрал огцом өөрчлөгдөж, анзаарагдахуйц хэмжээнд хүрвэл ямар нэгэн суурь өвчлөл эсвэл сэтгэц, булчингийн доголдол илэрч байж болзошгүйг илтгэнэ.
Харвардын Анагаах Ухааны Сургуулийн профессор Кристина Диели-Конрайт:
"Алхах хурд гэнэт буурах нь хүнд суурь өвчлөлтэй, хөдөлгөөн багассан, булчингийн хүч суларсан, үе мөчний уян хатан байдал буурсан байх магадлалтайг илтгэдэг."
Хялбар сорил: Алхааны хурдыг хэрхэн шалгах вэ?
Та зөвхөн цаг хэмжигч ба зай хэмжигч хэрэгсэл ашиглан өөрийн алхах хурдыг шалгаж болно:
-
10 метрийн алхалтын сорил (гадаа):
5 м алхаж хурд авсны дараа дараагийн 10 м-ийг энгийн хурдаар алхана. Тухайн 10 м-ийн хугацааг хэмжиж, 10-г секундээр хувааж хурдыг м/с-ээр тодорхойлно. -
4 метрийн сорил (дотор):
1 м зайд хурдаа аваад, дараагийн 4 м зайг энгийн хурдаар алхана. 4-г тухайн хугацаанд хувааж алхалтын хурдыг тооцно.
Нас насны дундаж алхах хурд (м/с):
Насны бүлэг | Эрэгтэй | Эмэгтэй |
---|---|---|
40–49 | 1.43 | 1.39 |
50–59 | 1.43 | 1.31 |
60–69 | 1.43 | 1.24 |
70–79 | 1.26 | 1.13 |
80–89 | 0.97 | 0.94 |
Удаан алхах нь богино наслалтын дохио байж болно
Питтсбургийн Их Сургуулийн судалгаа 65-аас дээш насны 34,000 хүнийг олон жилийн турш судлахад, удаан алхагчдын амьд үлдэх магадлал хамаагүй бага байжээ. Жишээлбэл, 75 настай эрэгтэйчүүдийн дундаас хамгийн удаан алхдаг хүмүүс 10 жилийн дараа амьд байх магадлал 19%, харин хамгийн хурдан алхдаг хүмүүсийнх 87% байсан байна.
Алхах хурд ба тархины хөгшрөлт
2020 оны Дьюкийн Их Сургуулийн судалгаагаар, 45 настай хүмүүсийн алхах хурд нь тархины үйл ажиллагаа, оюуны чадамжтай шууд хамааралтай болохыг тогтоожээ. Удаан алхагчид:
-
IQ оноо багатай
-
Санах ой, мэдээлэл боловсруулах хурд сул
-
MRI зураглалд нь тархины гадаргуу нимгэн, тархины эзэлхүүн бага
-
Царай нь ч хүртэл илүү хурдан хөгширсөн мэт үнэлэгдсэн байна.
Сонирхолтой нь, тэдний алхах хурдыг 3 настайдаа өгсөн хэл яриа, хөдөлгөөний сорилын үр дүнгээр урьдчилан таамаглах боломжтой байжээ.
Юу хийвэл хурд нэмэгдэх вэ?
Хэрвээ та өөрийгөө "удаан алхагч" гэж боддог бол сэтгэлээр унах хэрэггүй. Байнга алхах, алхах хугацаа ба эрчмээ аажмаар нэмэгдүүлэх, өдөрт 5 минут ч хамаагүй сууж байснаа таслан алхах зэрэг энгийн дадлууд алхах хурд, цаашлаад тархи болон биеийн ерөнхий хөгшрөлтийг сааруулах ач холбогдолтой.
Эх сурвалж: BBC Future.