Энэтхэгийн баруун нутгийн Ахмедабад хотын нисэх буудлын ойролцоо “Air India” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон талаар тус компани мэдээлжээ. AI171 дугаартай, Ахмедабадаас Лондон чиглэлд хөөрсөн уг нислэг өнөөдөр орон сууцны хороолол орчимд осолдсон бололтой байна.
Нислэгт 200 гаруй хүн зорчиж явсан бөгөөд ослын үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл одоогоор тодорхой бус байна. Нислэгийн хяналтын “Flightradar24” цахим платформын мэдээлснээр, онгоц хөөрсөн даруйдаа сүүлчийн дохиогоо илгээжээ. Энэ нь техникийн ноцтой асуудал үүссэн байж болзошгүйг илтгэж байгаа юм.
BBC телевизийн Өмнөд Азийн сурвалжлагчийн мэдээлснээр осол орон сууцны хорооллын дэргэд болсон байх магадлалтай бөгөөд аврах ажиллагаа газар дээрээ явагдаж байна. Онгоцны ослын шалтгаан, амьд үлдсэн хүний тоо, хохирлын хэмжээг албан ёсоор зарлаагүй байгаа ч нөхцөл байдал ноцтой байгаа нь ойлгогдож байна.
Эх сурвалж: BBC.