Дэлхийд алдартай Sotheby’s дуудлага худалдааны ордон зөвхөн уран зураг бус, ховор дарс, автомашин, үнэт эдлэл, загварын тансаг хэрэглээний эд зүйлсийг арилжаалдгаараа алдартай. Тус ордон энэ удаа Hermès брендийн анхны Birkin загварын цүнхийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Энэхүү цүнх нь жүжигчин, дуучин Жейн Биркиний өдөр тутамдаа хэрэглэж байсан, загварын түүхэнд үлдсэн жинхэнэ оригинал хувилбар юм.
Цүнхний гарал үүслийн тухай сонирхолтой түүх бий. 1985 онд Hermès загварын ордны уран сайхны удирдагч Жан-Луи Дюма Парис–Лондон чиглэлийн онгоцонд Жейн Биркинтэй таарч, жүжигчин эмэгтэй амьдралд нь хэрэгцээтэй том, практик цүнх байхгүй байна хэмээн ярьжээ. Үүний дараа Дюма түүний хэрэгцээнд тохирсон шинэ загвар бүтээж, зөвшөөрөл авч түүний нэрээр нэрлэсэн байна. Ингэснээр Birkin цүнхний домогт түүх эхэлжээ.
Дуудлага худалдаанд гарах энэ цүнх бол өнөөгийн загвараасаа зарим онцлогоороо ялгаатай. Жишээлбэл, мөрний үүргэгчийн бариул нь тайлагддаггүй бөгөөд жүжигчин уг цүнхээ 1985–1994 оны хооронд бараг өдөр бүр хэрэглэж байсан аж. Хар арьсан дээр нь элэгдэл, зураас, халцархай ч тодхон үлджээ. Дотор нь түүний нэрийн эхний үсэг бүхий хумсны хайч, наалтуудын ул мөр, тэр дундаа ЮНИСЕФ-ийн наалтууд бий.
Энэхүү Birkin загварын цүнхийг 2000 онд нэрээ нууцалсан цуглуулагч худалдаж авч, музейн үзмэр мэт хадгалж ирсэн байна. Sotheby’s дуудлагын эхний үнийг нууцалж байгаа ч мэргэжилтнүүд энэ цүнхийг мөнгөний үнэт металлаас ч илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл хэмээн үнэлжээ. Учир нь Hermès компанийн зах зээлд хязгаарлагдмал нийлүүлэлт хийх бодлого нь Birkin цүнхний үнэ цэнийг байнга өсгөдөг. Жишээлбэл, 2022 онд дуудлага худалдаагаар зарагдсан Himalaya Birkin 30 цүнх нь 18 каратын цагаан алт, очир эрдэнэ бүхий хувилбар байсан бөгөөд $450,000 ам.доллараар борлогдсон байна.
Ийнхүү Жейн Биркиний өөрийн хэрэглэж байсан анхны цүнх, түүний гоо зүй, ховор хэрэглээ, түүхэн үнэ цэнэ нь загварын цуглуулагчдын дунд шүтээний байр суурь эзэлсээр байна.
Эх сурвалж: Officelife.media, Sotheby’s