Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хонхрын 1000” хэмээх нэг давхар орон сууцанд нийт 16 өрх амьдарч байгаа бөгөөд эргэн тойронд өрнөж буй барилга угсралтын ажлууд тэдний амьдрах орчныг эрс хүндрүүлээд байна. Зуны улиралд тогтмол үерийн усанд автах эрсдэлтэй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч буйг оршин суугчид онцолжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд оршин суугчид энэ үндэслэлээр тухайн газрыг дахин төлөвлөлтөд хамруулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлэн, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүлээж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Барилгын инженер, техникийн хэлтэс, Газрын менежментийн хэлтэс болон Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оршин суугчидтай уулзалт хийж, дахин төлөвлөлтийн үйл явц, дараагийн үе шатанд юунд анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
Дахин төлөвлөлтийг дэмжсэн санал хураалт 100 хувийн хамралттай гарч, 16 өрх бүрэн санал нэгдсэн учраас “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлэхээр болсныг мэдэгдлээ.
Эх сурвалж: Улаанбаатар орон сууцжуулалт ХХК