Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Тамгагүй төр буюу Монгол хаан” жүжгийг Соёлын яамнаас 350 сая ам.доллараар санхүүжүүлсэн гэх мэдээлэл тархаад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам албан ёсны мэдэгдэл гаргаж, эл мэдээлэл нь ор үндэсгүй, илт худал болохыг онцоллоо.
Тус яамнаас “Монгол хаан” төслийг ямар нэгэн санхүүжилтээр дэмжээгүй бөгөөд 350 сая ам.долларын тухай яриа нь хэт дэврүүлсэн, бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл гэж мэдэгдэв. Жүжгийн талаар яамнаас зөвхөн бодлогын түвшинд дэмжлэг үзүүлсэн гэдгийг тодотгожээ.
Соёлын яамнаас тайлбарласнаар, энэ хэмжээний төсөв бол тус яамны хоёр жилийн нийт төсөвтэй тэнцэхүйц тоо тул ийм зардал гаргах боломжгүй, үндэслэлгүй хэмээн онцолсон байна. Мөн соёл, урлагийг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөөх ажлуудаа цаашид ч бодлогоор үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
Эцэст нь тус яам иргэдийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, улс төрийн зорилготой худал мэдээлэлд автахгүй байхыг уриалсан байна.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам