Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагуудын дунд анх удаа зохион байгуулж буй “Бүтээмж ба Инновац–UB 2025” арга зүйн форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээ нь төрийн албанд бүтээлч хандлага, инновац нэвтрүүлэх, байгууллагуудын сайн туршлагыг харилцан солилцох зорилготой юм.
Форумд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 60 гаруй төрийн албан хаагч оролцож, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо хуваалцан, амжилттай хэрэгжүүлсэн арга барилуудаа танилцуулж байна.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд хэлэхдээ, “Аймаг, сум, дүүрэг бүрийн нөхцөл байдал өөр боловч төрийн албан хаагчид иргэдэд шууд үйлчлэх нийтлэг үүрэгтэй. Тиймээс энэхүү форумын зорилго нь төрийн үйлчилгээг илүү үр дүнтэй, бүтээлч хэлбэрээр хүргэхэд чиглэж байна” гэж онцлов.
Форумын үеэр оролцогчид дараах сайн туршлагыг танилцууллаа. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн О.Хулан олон улсад ашиглагддаг оролцоот эпидемиологийн аргачлалыг нутагшуулсан туршлагаа хуваалцсан. Тус аргачлал нь малчдын оролцоотойгоор өвчлөл тандан судлах, бодлогод тэдний дуу хоолойг хүргэх боломжийг бүрдүүлжээ.
Мөн Баянгол дүүргийн Теле камерын хяналтын дэд төвийн инженер Х.Таравчамба тус дүүрэгт хуванцар хог хаягдлыг шахах пресслэгч машин бүтээж, зарим хороодод нэвтрүүлсэн тухай танилцуулав. Энэ технологи нь хаягдал тээвэрлэлтийн зардал, шатахуун, хүний нөөц, цаг хугацааг хэмнэж буйг тэрбээр онцолсон юм.
“Бүтээмж ба Инновац–UB 2025” форум төрийн албан хаагчдын дотоод нөөц бололцоог ашиглаж, иргэдэд хүргэх үйлчилгээний шинэ шийдлийг эрэлхийлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгааг зохион байгуулагчид тэмдэглэлээ.
Эх сурвалж: НЗДТГ