Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 25-27-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апаро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улс болон ОУАЭА-ийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Монгол Улсын олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулж буй үүрэг, оролцооны талаар мөн ярилцжээ. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тус агентлагтай цаашид хамтран хэрэгжүүлэх гол чиглэлүүд, тэр дундаа техникийн туслалцаа, хүний нөөцийг бэхжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, шилдэг туршлагыг нутагшуулах асуудалд Монголын тал онцгой анхаарч буйгаа илэрхийлсэн байна.
Массимо Апаро Монгол Улс ОУАЭА-тай хамтран ажиллах өндөр идэвх, харилцан итгэлцлийг хадгалж байгаад талархал илэрхийлээд, талуудын хамтын ажиллагаа бүс нутгийн болон дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо. Цаашид энэ чиглэлд илүү үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам