Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж, энэ жилийн “Хүндэтгэлийн тоглолт”-ын найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар-ыг томилжээ. Тоглолтыг “Алтан соёмбын аялгуут эгшиглэн” хэмээн нэрлэсэн бөгөөд монголчуудын өв соёл, омогшил бахархлыг илэрхийлсэн дуу, хөгжим, бүжиг, техник технологийн шинэ шийдэлтэй хослуулан хүргэхээр төлөвлөж байна.
Наадмын нээлт, хаалтад ашиглах тайзны зохион байгуулалт нь бөхчүүд, үзэгчдийн хөдөлгөөнд саад болохгүй байх, хөнгөн, аюулгүй, зөөвөрлөхөд хялбар, автомат байхаар зохион байгуулахыг тус хуралдаанаар үүрэг болгожээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд дамжуулалт, сурвалжлагын зохион байгуулалтыг сайжруулах, хурдан морины уралдааны нэвтрүүлгийг чанартай хүргэхэд анхаарахаар болсон байна.
Хурлаар хэлэлцсэн бусад гол асуудлууд:
-
Нээлт, хаалтын тасалбарын үнийг батлах, гадаадын жуулчдад худалдаалах товыг ойрын хугацаанд мэдээлнэ.
-
Хурдан морины сэрвээ хэмжих төхөөрөмжийг туршиж, танилцуулна.
-
Шагналын чанар, утга агуулгыг сайжруулах – бөх, уяач, унаач, харваачдын шагналыг илүү үнэ цэнтэй болгоно.
-
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, ногоон зүлэг дэвсэх ажлыг чанартай гүйцэтгэх, уран бүтээлчдийн бэлтгэл хийх орчныг бүрдүүлэх.
-
Салбар хороод, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, ирэх сарын 15-нд эхний үзлэг хийх бэлтгэлийг хангах.
Энэ жилийн баяр наадмыг илүү шинэлэг, соёлын агуулгатай, үндэсний бахархлыг илтгэсэн хэлбэрээр зохион байгуулахад зохион байгуулах хороо онцгой анхаарч байна.
Эх сурвалж: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо