x

Эрүүгийн хуулийн өөрчлөлт: "Доромжлох" нь гэмт хэрэг мөн үү?

УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр Төрийн ордонд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байгаа “доромжлох” гэмт хэргийн талаар сэтгүүлчид болон сонирхлын бүлгийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулав. Хууль зүйн яамнаас хуулийн төслийг анх өргөн барьсан даруйд нэг хэсэг шуугиад өнгөрсөн “доромжлох” гэмт хэргийг олны анхааралд дахин оруулж ирсэн намын бүлгийн ажлын албанд талархая.

Хэлэлцүүлгийн үеэр комедиан Д.Амартүвшин “Би уг нь “доромжлох” гэмт хэргээр бизнес хийе гэж бодож байсан юм. “Комедиан” гэдэг сертификат тараагаад “Та одоо албан ёсоор хүн доромжлох эрхэй боллоо” гэж хэлэх гэж байсан юм. Гэтэл та нар миний бизнесийг хаах гээд байна шүү” хэмээн хэлэлцүүлгийг зохион байгуулсан гээхээсээ хуулийн төслийг санаачлагчид хаягласан үг байв.  

“Доромжлох” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өргөн барьсны дараа манай сэтгүүлчид эсэргүүцлээ нэг хэсэг хүчтэй илэрхийлсэн. Дараахан нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар “энэ гэмт хэрэгт сэтгүүлчид, комедианууд хамаарахгүй” гэдэг тайлбар хийсэн. Товчхондоо, сэтгүүлч, комедиан хоёр хүнийг доромжлох нь тэдний мэргэжлийн онцлог болон давуу байдал юм гэж хэлсэнтэй ялгаагүй. Харин бусад хүмүүсийн хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх явцдаа хэн нэгнийг доромжилсон утгатай үг, хэллэг хэрэглэвэл шууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болж, 4500.000 хүртэл төгрөгөөр торгох юм уу зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгүүлнэ. Ингэхэд торгуулийн ял ч гэсэн ял шүү дээ. Насан туршдаа “эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн” гэдэг пайзтай үлдэнэ гэсэн үг. Харин сэтгүүлч, комедиан хоёр бол доромжлох эрхтэй. Гахай илүү эрхтэй гэдэг шиг.

Гэтэл ардчилсан нийгэмд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь иргэн бүрт олгогдсон, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө. Үүнийг нь төрөөс хязгаарлах, ажил мэргэжил болон нийгмийн байр сууриар нь ялгаварлаж, гадуурхах эрхгүй. Тиймээс Х.Нямбаатар сайдын хийсэн тайлбар нь хуулийн үйлчлэлтэй огт холбоогүй зүйл. Хуульд ямар нэг тайлбар, зүүлт байх ёсгүй. Хууль батлагдсан л бол хэнд ч ялгаваргүй, нэг мөр үйлчлэх ёстой. Энэ үүднээсээ “сэтгүүлч, комедианд хууль үйлчлэхгүй” гэсэн зүгээр хүмүүсийг хооронд нь хагаралдуулах гэсэн хэрэг юм. Сэтгүүлч, комедиан хоёр нь "Бид хамаагүй юм байна" гээд нүдээ аниад өнгөрнө гэж тооцсон уу, эсвэл бусад нь нөгөө хоёр луугаа "та нар яахаараа хамгаалагддаг юм" гээд дайраг гэж бодсон уу? 

Хоёрдугаарт “доромжлох” гэмт хэргийг бусад гэмт хэрэгтэй адил хэмжиж болдоггүй гэдгийг хуульчид хэлж байгаа. “Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг жишээ нь “тэдэн хавирга хугарсан, тэдэн шүдийг нь хугалсан” гэх мэтээр хэмжиж болдог бол доромжлох гэдэгт ийм хэмжүүр байхгүй. Өөрөөр хэлбэл нотлох боломжгүй, субьектив шинжтэй зүйл гэсэн үг. Намхан хүнийг “тагжгар, атигар” гэж хэлэх нь доромжлол мөн үү, биш үү гэдгийг хэлсэн, хэлүүлсэн хоёр хүн л шийддэг. Асуудлыг хүлээж авч байгаа хүнд төрсөн, төрүүлсэн сэтгэгдлээс хамаардаг гэсэн үг. Хууль зүйн шинжлэх ухаанд үүнийг “субьектив эрх” гэж үздэг аж. Тиймээс Эрүүгийн хуулиар шийдэх боломжгүй. Иргэний хуулиараа зохицуулаад, хохирсон, гомдсон иргэн нэр төрөө сэргээлгээд явдаг. Төр дундаас нь оролцож болохгүй. Манай Иргэний хуульд ч мөн энэ зохицуулалт бий. Гэтэл заавал яагаад Эрүүгийн хууль руу чихэх гээд байгаа нь тодорхой зорилготой.

Соц нийгмийн үед төрийн байгууллага, үйл ажиллагаа, албан тушаалтныг шүүмжлэхийг “доромжлох” гэмт хэрэгт тооцож, хатуу хүнд ял шийтгэдэг байж. Р.Чойном яагаад гудамжинд үхсэн, Тангадын Галсан нутаг заагдсан нь ийм шалтгаантай. Одоо МАН засаг барьж байгаа үедээ үүнийг гэмт хэрэгт тооцож, дахин хуульчлах гэж байна л даа.

"Монголыг шоронжуулсан" гэгддэг 2002 оны Эрүүгийн хуульд “Гүтгэх” гэмт хэрэг (111-р зүйл) гэж бий. Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ялтай. Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан. Гүтгэх, доромжлох хоёр нэг хэрэг болоод явж байсан гэсэн үг. “Олон нийтэд тараах” гэдэгт нь хэлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа багтаад цөөнгүй сэтгүүлч ял авсан байдаг. Гүтгэсэн нь баримтаар нотлогдсон эсэх чухал биш, "алдар хүндийг гутаасан" гэж үзээд ял оноодог байсан.

Тиймээс 2015 онд “Гүтгэх” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасч, Зөрчлийн хуульд оруулсан. Эрүүгийн хуулийн энэ заалт нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдэх эрхэд саад учруулж байна. Энэ нь ардчилсан нийгмийн мөн чанарт харшилна гэж үзээд эрүүгийн ял, хариуцлагаас чөлөөлсөн хэрэг л дээ. Хуулийн заалт нь, "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" (Зөрчлийн тухай хуулийн 6.21)

Гэтэл 2020 онд эрх баригч нам хуулийн энэ заалтыг Эрүүгийн хуульд дахин оруулж ирсэн. Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргийг “худал мэдээлэл тараах” гэж нэрийг нь өөрчлөөд гэмт хэргийн тодорхойлолт нь яг хэвээрээ. “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр” заасан (ЭХ-ий 13-ын 14).

Харин одоо хуулийн 13.15, 16, 17 дээр “Доромжлох” гэмт хэргийг тусад нь бичиж, байгаа юм байна. 2015 онд Эрүү, Зөрчлийн хуулийн өөрчлөлт дээр ажилласан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн профессор О.Мөнхсайхан хуулийг хэрэглэх явцад гарсан алдааг залруулахаар “Гүтгэх, доромжлох үйлдлийг хоёуланг нь агуулсан тохиолдолд зөрчилд тооцно” гэж тайлбарлаж байсан. Тэгтэл Засгийн газар хоёуланг нь салгаад, ар араас нь цувуулаад Эрүүгийн хуульд оруулаад ирэх жишээтэй.

Хэрвээ энэ хууль батлагдвал иргэд нэгдүгээрт “худал мэдээлэл тараасан” зүйл ангиар ял сонсох юм байна. Аймгийн засаг даргыг “13 удаа гадаадад аялсан” гэж бичсэн сэтгүүлчийг “12 удаа аялсан байхад 13 гэж худал мэдээлсэн” гээд торгосонтой адил юм болно. Хоёрдугаарт, “доромжилсон” гэдэг зүйл ангиар нийгмийн сүлжээгээр үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүр гэмт хэрэгтэн болно. Нөгөө УИХ-аар дүүрэн “боов", "боорцог", "бохь" хочтой гишүүд чинь гомдлоо бариад цагдаагийн гадаа дугаарлана. Цагдаа нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын оронд дарга нарын өргөдөл, гомдлыг барагдуулдаг ажилтай болно. Н.Учрал гишүүнийг тойргийнхоо ахмадуудад боов тараасны дараа комеди дээрээ “Боов” гэж ярьсан комедиан залууд цагдаагийн байгууллага эрүү үүсгэсэн гэсэн. Тийм л ажлыг манай цадаагийнхан хийх юм байна. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 15 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 17 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 18 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 18 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 19 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 20 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 21 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 23 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 17 цаг 1 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 8 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 25 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 37 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 43 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 40 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 40 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 41 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 42 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 42 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 43 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 43 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top