Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өмнөх жилүүдэд төслийн хүрээнд зургаан суманд нийт 40 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан бол энэ онд найман суманд 64 айлын орон сууц барих ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Тухайлбал, Баян-Уул суманд найман айлын хоёр орон сууцны барилга 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн Чойбалсан, Чулуунхороот суманд 24 айлын орон сууц, Халхгол сумын Ялалт багт 15 айлын орон сууцны барилгын ажил ид өрнөж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төрийн алба хаагчдын зориулалтын орон сууц нь бие даасан халаалтын систем, цэвэр, бохир ус, цахилгааны бүрэн шийдэлтэйгээрээ онцлог бөгөөд барилгын санхүүжилтийг аймаг, сумдын хамтарсан төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж байна.