Монгол Улсад дугуйгаар аялахаар ирсэн Итали улсын иргэн гадаадын өөр нэг иргэний халдлагад өртөж гэмтсэн хэрэг гарлаа. Энэ сарын зургааны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт "гадаад хүн хутгалуулсан" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд очсон алба хаагчид Итали улсын иргэнийг мэсээр зургаан удаа зүсүүлж гэмтсэн байдалтай олжээ.
Хэргийг шалгахад уг үйлдлийг АНУ-ын иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас үйлдсэн нь тогтоогдсон байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.
Цагдаагийн байгууллагаас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг жуулчдын аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн хооронд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарахыг зөвлөлөө.