Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч болон төр, засгийн удирдлагуудад нөхөрсөгөөр хүлээн авч, мартагдашгүй дурсамж үлдээсэнд талархал илэрхийлэв.
Саманта Мостин энэ нь Австралийн амбан захирагчийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал гэдгийг онцолж, 1990-ээд онд ардчиллын замнал эхэлснээс хойш хоёр орны харилцаа анд нөхдийн итгэлцэл, ардчиллын үнэт зүйл дээр тулгуурлан батжин хөгжсөнийг тэмдэглэлээ. Австрали Монголын гуравдагч хөрш гэдгээрээ бахархаж, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлж байгааг дурдав. 1990-ээд оноос эхэлсэн тэтгэлэгт хөтөлбөрөөр өнөөдөр зургаан мянга гаруй монгол оюутан Австралид суралцаж, олон мянган залуус сурч ажиллах боломжтой болсон байна.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Оюутолгой төсөлтэй биечлэн танилцаж, Рио Тинто болон Монголын Засгийн газрын хамтарсан энэ төсөлд олон зуун австралийн инженер, зөвлөх ажиллаж буй нь хоёр орны түншлэлийн бодит жишээ болж байгааг тодотголоо. Энэ төслийн дэргэд монголын залуус мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байгаа нь онцгой таатай санагдсан гэв.
Австрали, Монголын ард түмний соёл, үнэт зүйлсийн төстэй талуудын талаар ярьж, хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихөд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр айлчлалын үеэр Улаанбаатар хотын хөдөлгөөнд үүссэн хүндрэлд оршин суугчдаас уучлал хүсээд, айлчлалыг амжилттай зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийллээ.