Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчин дахь залилангийн гэмт хэрэг өсөж, иргэдэд санхүүгийн хохирол учруулж буйг цагдаагийн байгууллага мэдээллээ. “Мал хямд зарна”, “Өвс тэжээл худалдана”, “Аккумлятор зарна” гэх мэт зараар иргэдийг хуурч, урьдчилгаа болон бүх төлбөрийг нь данс руу шилжүүлүүлсний дараа холбоо тасалдаг залилагчид нэмэгдэж байгаа аж.
Жишээлбэл, Хөвсгөл аймгийн нэгэн иргэн энэ сарын хоёрны өдөр “Ямаа хямд зарна” гэсэн зарын дагуу үл таних этгээдийн данс руу долоон сая төгрөг шилжүүлж, хохирсон байна. Энэ нь ижил төрлийн олон тохиолдлын нэг бөгөөд орон нутгийн цагдаагийн албад ийм төрлийн дуудлага мэдээллийг тогтмол авчээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд цахим орчинд байршуулсан зараар аливаа гүйлгээ хийхдээ эх сурвалжийг заавал нягталж, баталгаажуулахыг онцгойлон анхааруулж, санамсаргүйгээр танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.