x

Буруу зүгийн салхинд хийсэхгүйн тулд намын дүрмээсээ зүүгдэх нь үнэт зүйл мөн үү?

АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. 

АН-ын сэнтийг булаах Х.Баттулгын нүглийг хөнгөлөхөөр С.Эрдэнийг мөн харлуулж, “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэх үгийг амны уншилга болгов. С.Эрдэнэ муу хүн байлаа ч дүрмээрээ явъя гэж зүтгэснийг би хувьдаа зөв гэдэг. Хууль дүрмээрээ амьдарч суръя л даа. Хоёр даргатай хоёр тамгатай хоёр талцлын аль нь АН юм бэ гэж мэдэн будилж буй пиар-эцэстээ хууль бус Х.Баттулгын талыг, эрхбиш албан ёсны баталгаатай бүртгэл нь УДШ, УБГ-т хөндөгдөөгүй хэвээр байгаа С.Эрдэнийн талтай ижилсүүлэх заль юм.

Ноёлох оргилоос годройтсон Х.Баттулга эрсдэлгүй газардах зуураа, хууль дүрмээр хориотой зүйл заалтыг хүчээр хэрэгжүүлэхээр түрэмгийлэв. Түүний галын шугамд торгуулийн сумангийнхан нь өлсгөлөн зарлаж, өвлийн тэсгим жаварт хөлдүү цемент дээр хэд хоног хэвтлээ. Тэд хэн хэн байв. ХХААЯ-наас Х.Баттулгын хормойд зүүгдсэн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь, бие даагч Н.Алтанхуяг, босоо Гамбаа. Цаана нь Баянхонгорын А.Адьяасүрэн, баруун аймгийн Ш.Адьшаа, Алтанхуягийн алтан нутаг-халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал-О.Цогтгэрэл нар. Хачирталтай нь тэд юуны төлөө өлссөнөө тодорхойлж чадахгүй, эх орныхоо төлөө өлссөн ч юм шиг, эрх мэдлийн төлөө өлссөн ч юм шиг эргэж буцаж, олон янз мэдэгдэл хиймчээ аядсанд, ардчилсан нийгэм тэднийг тохуурхлаа гэж бухимдаж байв даа.

Монголын хуулийг авилга эрх мэдлийн аагаар гишгэлж, орос олигархиудын сүрээр ялж оодорсон Х.Баттулга АН-ын даргын сэнтийг булаах гэсэн нь тэр. Энэ хүчирхэг хуйвалдааны эсрэг С.Эрдэнэ намынхаа дүрмийг хатуу баримталж, дүрмээрээ хурлаа хийж шинэ даргаа сонгоно гэж ямартай ч зүтгэсэн. Гал голомтоо бузарлахгүй гэснээс биш сонгуульд ялагдсан ч даргын суудлаа өгөхгүй гэж тэнэгтээгүй байх гэж би эерүүлдэг. Дүрмээ сахих байр суурин дээрээ бат зогссон хэнийг ч би өмөөрнө. Х.Баттулгыг хормойдож “юманд” хүрэх гэсэн бэртэгчингүүд С.Эрдэнийг АН-ын даргаар улирах гэж шүлэнгэтлээ хэмээн гуагалдаг. Түүнийг тэгж гутаах угтаа Х.Баттулгын булайг цайруулах зорилго юм. Харин С.Эрдэнэ ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн нь өөрөө ерөнхийлөгч болъё гэхээсээ илүү урвагч Х.Баттулга, хутгуур Н.Алтанхуяг хоёрын ерөнхийлөгч болохын төлөөх цагаандаа гарсан улайрлыг хаах-архангайхны сарлаг үйлдэл биз.

Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг унагах хор нам дотроо төгс найрсан. АН-ын доторх эрх мэдэлд шунагчид хорлоогүй бол С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд баян ходоод арай болоогүй. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэнийн авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжээд сохор мухраар зүтгэвэл цаашид намтайгаа хамт нурна гэж мэд ардчилагчдаа. АН доторх хэдэн муу хүний увайгүй башир арганд гишүүд дэмжигчид хууртсаны горыг С.Эрдэнэ үүрсэн. Удахгүй АН үүрч мэднэ шүү.

Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр сүүлээ сэрвээн дээрээ тавивал АН увс компаний өмч болно гэж Ю.Цэдэнбалын нутаграх жарныг туулагчид сануулав. 1990 онд нүүдэлч-нэгдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа үрслүүлсэн ардчиллыг дов жалгын хуйвалдаанд алдахгүй юмсан. Х.Баттулга, соцдек З.Энхболд хоёр гадныхантай хавсайдаж ардчиллаар туршилга суусан гол лидерүүдээ шоронд цоожилсон. Энэ юуг өгүүлнэ вэ? Гэвч ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрсэн нь залуусын жагсаалаар сая нотлогдлоо. Үзэл баримтлал үнэт зүйлсээ дээдэлж, намаа авч үлдэх зүрх сэтгэлтэй-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С.Эрдэнэ, Д.Сосорбарам, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг Б.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, М.Тулгат нарт горьдном.

Том ах нар залууст суудлаа тавьж өг гээд хутга ханцуйлсан бөх дагуулж өрөөнд нь дайрч ороод сайд болсон МАН-ын залуусаас АН-ын залуус үлгэр аваач гэж нэг залуу сэтгүүлч уриалжээ. Харин өвгөн зохиолч би залуу лидерүүдийг эрдмээрээ, эелдэг зан, шударга ёс зүй, амжилтаараа ахмадуудын итгэл хайрыг тат гэж уриалъя. Чадварлаг залуус ийм жимээр өгсдөг. Чадваргүй залуус дэвшихээр дайрдаг бол мунхарснаа мэдэрдэггүй хөгшид ховхордоггүй. Ахмадууд залгамжлагч нарынхаа дундаас итгэл дааж эх орноо өөд татах соруудыг олж, суудлаа ёсорхог тавьж өг. Жам нь тиймийг ухаар. Залуу хөгшин ухааны хослол биесээ сэлбэдгийг мэдэхгүй хэн ч байх билээ. Гэхдээ сөргөлдөөн даамжирвал аюултай.

Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ АН-ын гишүүд хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Дарга бус баялаг бүтээгч болж ядуу эх орноо цойлуул. Эцэст нь хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөе. Намайг энэ үүдээр харж яваарай.

Ц.Доржготов /2022.05.18/ baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 18 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 20 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 20 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 21 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 22 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 22 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 24 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 26 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 17 цаг 4 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 11 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 28 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 40 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 46 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 42 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 43 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 44 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 44 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 45 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 46 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 46 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top