x

Д.Лүндээжанцан: Гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэвэл иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй

Маргааш буюу баасан гаригт УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулах, санал авахаар завсарлага аваад байсан хаврын чуулган үргэлжилж, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ёстой. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эх баригч Д.Лүндээжанцангаас хуулийн төслийн талаар олон нийтийн зүгээс шүүмжлэгдээд буй зарим асуудлаар тодруулж ярилцлаа.

-Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаас хойш 27 жил болж байна. Энэ хугацаанд манай УИХ, Засгийн газрууд 120 гаруй удаа Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэрийг Цэц гаргажээ гэдэг судалгаа бий. Үндсэн хуулийг хэн дуртай нь дуртай цагтаа зөрчиж болж байна гэсэн үг. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн нөхдөд яагаад хариуцлага ярьдаггүй юм бэ? гэдэг шүүмжлэл маш их байна. Жишээ нь, хэрвээ гаргасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц тогтоовол Засгийн газрыг бол огцруулчихдаг, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татчихдаг байвал хэн дуртай нь дуртай үедээ Үндсэн хуулийг зөрчихгүй болчих гээд байна л даа. Нэмэлт өөрчлөлтийн төсөлд яагаад энэ талаар тусгаагүй юм бэ?

-Нэгдүгээрт одоо байгаа Үндсэн хуулийнхаа нөөцийг, одоо байгаа заалтуудаа бүрэн шавхаж ашиглая гэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал араас нь 25 хууль өөрчлөгдөх ёстой. Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай Засгийн газрын тухай, Шүүхийн тухай, Цэцийн тухай хууль, Нутгийн удирдлага болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай гээд нийт 25 хуульд өөрчлөлт орох ёстой. Тэдгээр хуулин дотор одоо яригдаад, олон удаа шүүжлэгдээд байгаа асуудлууд орно оо.

Цэцэд бол Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд шууд таслан зогсоох эрх нь байгаа. Цэцийн шийдвэр гарсан цагаасаа хүчин төгөлдөр болно оо гээд. Жишээ нь АНУ-д Дээд шүүх нь Үндсэн хуулийн шүүхээ хэрэгжүүлдэг. Ингэхдээ Үндсэн хуультай холбоотой асуудлаар уян хатан ханддаг. Гаргасан шийдвэр нь хэрэгжээд явж байтал тэр нь амьдрал дээр хүлээн зөвшөөрөгдөхгүйд хүрвэл эргэж авч үзэх нь нээлттэй байдаг. Манай Цэцийн хуулиар бол нэг удаа дунд суудлаар шийдвэр гаргаад түүнийг нь хүлээж авахгүй бол шууд их суудлаараа шийдчихдэг хуультай байгаа. Албан тушаалтантай холбоотой маргаан дээр бол Цэц шууд шийдвэрээ гаргадаг. Ийм заалтууд нь байгаа. Одоо харин энэ заалтуудаа амь оруулах хэрэгтэй байна. Үүний тулд органик хуулиудаар нь тодорхой болгоод өгчихье гэж байгаа.

-Жишээ нь Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн ¼ нь санал оруулбал хэлэлцэх зохицуулалттай байгаа шүү дээ. Үүн дээр Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол гээд нэмчихэд л Засгийн газар дуртай үедээ Үндсэн хууль зөрчөөд байхаа болих юм биш үү?

-Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ засах, эсвэл өөрөө засах нэг удаагийн зохицуулалт оруулж болно. Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, УИХ-ын гишүүнийг огцруулах үндэслэл байгааг Цэц тогтоосон бол гэдэг заалт бол угаасаа байгаа. Гол нь үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх явдал чухал байна. Тиймээс үүнийгээ амь оруулахын тулд органик хуулиудаа өөрчилье гэж ярьж байгаа.

-Үндсэн хуулийн Цэц зөвхөн институцуудын маргааныг шийддэг байгууллага болсон. Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд хүний эрх, эрх чөлөөг маш сайн тунхаглаж өгсөн хэрнээ эрх  нь зөрчигдсөн иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад  эрхээ хамгаалуулах боломж нь алга гэдэг шүүмжлэл маш их байна. Үүнийг яагаад нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасангүй вэ? Уг нь нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр ажилласан хуульчдын багаас  саналаа өгсөн ч өргөн барихдаа аваад хаячихсан гэж сонссон?

-Энэ бол гарцаагүй том цоорхой үүсчихээд байна. Субьектив эрх нь зөрчигдсөн хүн шүүхээр яваад дууссаныхаа дараа Цэцэд ханддаг эрхтэй баймаар байна гэдэг. Уг нь бол Үндсэн хуульд заасан ямар ч асуудлыг авч үзэх эрх нь Цэцэд нээлттэй. Гэтэл одоо Цэцийн үзэмжийн асуудал болчихоод байна. Тийм учраас органик хуулиар бүр үүрэг болгоод нээгээд өгөх ёстой юм. Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар хийж өгнө өө. Дээр нь хүний эрхийн асуудал дээр бүх шатны шүүх оролцох ёстой.

-Шүүх жишээ нь Үндсэн хуулийг хэрэглэдэггүй, УИХ-ын баталсан Монгол улсын олон улсын гэрээгээ, конвецийг ч хэрэглэдэггүй. Хүн төрөлхтний хүрсэн соёл, зан заншил ч хамаагүй байдаг. Тиймээс бид Цэцэд хандахаас өөр замгүй болоод байна. Хэрвээ Цэцийн тухай хуулиар үүнийг хийнэ гэвэл нөгөө Цэцийн гишүүд нь “Үндсэн хуульд заагаагүй үүргийг органик хуулиар харъяалуулсан байна” гээд бас аваад хаячих магадлалтай шүү дээ?

-Цэц Үндсэн хуульд хяналт тавих байгууллага, чандсан сахиулах баталгаа болохынхоо хувьд хүний эрхтэй холбоотой гарцаагүй асуудал тавигдахад хүлээж авах, маргаан үүсгэх үүрэгтэй. Ердийн шүүхээрээ яваад дууссан тохиолдолд Цэцэд очдог байхаар хуулиар нь нарийвчлаад хийгээд өгнө өө. Үндсэн хуульд бол энэ эрхийг хаагаагүй.

Одоо явж байгаа төслөөр Цэцийн гишүүнийг зургаан жил биш, есөн жилээр нэг удаа томилдог болъё, дахин томилохоо байя. Дахин томилогдохын тулд улс төрийн нөлөөнд автаад, захиалгаар шийдвэр гаргаад байна. Үүнийгээ больё гэж байна. Иргэд бол есөн жил урт байна л гээд байна.

Хоёрдугаарт улстөрч орж ирдгийг хаая гэсэн. Хууль зүйн өндөр мэргэшилтэй байх шалгуур тавья. Энэ бол нэмэлт өөрчлөлтиын төсөлд ороод явж байгаа. Улс төрд хутгалдсан хүнийг Цэцэд томилмооргүй байна. Түүнийг нь Цэцийн тухай хуульдаа “Сүүлийн 10 жилд улс төрийн албан тушаал хашаагүй байх” гээд тодотгоод өгчихье гэж байна.

-Тэгвэл Цэцээ нэгмөсөн Үндсэн хуулийн шүүх болгоод өөрчилчихөж болдоггүй юм уу? Цэцийн шийдвэр шүүхийн шийдвэртэй адил хүчин чадалтай атлаа маргаан шийдвэрлэж, шийдвэр гаргаж байгаа процесс нь шүүхийн хэмжээнд байж чадахгүй байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?

-Манай сонгож авсан тогтолцоо маань нэгдүгээрт хяналт тавьдаг, хоёрдугаарт шийдвэрлэдэг хосломол тогтоцоо учраас Үндсэн хуулийн шүүх болгоно гэхээр Үндсэн хуулийнха суурь зарчимд нийцэхгүй байна. Манай загвар бол зөвлөл, шүүх хоёрын хосолмол загвар байхгүй юу.

-УИХ-ын гаргасан хууль болон шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц хянадаг. Гэтэл Х.Нямбаатар гишүүн Үндсэн хууль зөрчиж, хүний үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх эрхэд халдлаа гээд Цэцэд өгөх гэхээр хувь хүн болчихоод байна? Иргэн үндсэн хууль зөрчсөн эсэхээр Цэцэд маргаан үүсгэж болох уу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа гэсэн үг л дээ.

-Цэцийн тухай хуульд УИХ-ын гишүүнтэй холбоотой хоёр заалт байна. Нэгдүгээрт, “Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох”, хоёрдугаарт, “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эргүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг тогтоох” гэж байгаа.

-УИХ-ын гишүүн дангаараа шийдвэр гаргадаггүй ээ гээд үлдчих юм биш үү?

-Үйлдлээр нь тогтоож болно.

-Шийдвэр гаргагч нар “УИХ 76-хан гишүүнтэй учраас” гэж байнга ярьдаг. Нэг ёсондоо 76 чинь цөөдөөд байна л даа. Тэгвэл ядаж 130, 150 болгож болдоггүй юм бэ? Өмнөх парламентын үед Н.Батбаяр гишүүний өргөн барьсан төсөлд байсан л зүйл шүү дээ. Тэгээд ч тэр үеийн төслийн бараг 80-90 хувь нь эргэж орж ирсэн гэж ойлгосон. Хэрвээ гишүүдийн тоо нэмэгдвэл парламентын чадавхи ч арай сайжрах гээд байна шүү дээ?

-Ингэж ярьдаг хүмүүс олон бий. Хоёр сая хүнтэй байхад 76 байсан, одоо гурван сая болсон, дахиад таван сая болно. Дээр нь ганц танхимтай парламент дархлаа муутай байна, гаднын нөлөөнд орох эрсдэл ихтэй байна гэдэг. Энэ бол зүй ёсны асуудал. Гэтэл хүн амын чинь 80 хувь нь “76 хувалз, луйварчин” гэж үзэн ядаж байна. Ийм тохиолдолд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх төсөл оруулж ирвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл олон нийтэд дэмжигдэхгүй.

Дээр нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар УИХ хууль санаачлахдаа бүрэн эрхээ нэмэгдүүлэх, гишүүдийн тоогоо нэмэгдүүлэхийг хориглочихсон. Шууд хориглосон заалттай. Тэгэхээр Ерөнхийлөгч, эсвэл Засгийн газар хууль санаачилж болно.

-Сая чуулган хэд хоног завсарлаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр иргэдийн саналыг сонссон. Гэхдээ иргэдийн санал хүсэлт нэмэлт өөрчлөлтийн төсөлд бичсэн хүрээнээс хальсан, төсөлд тусгаагүй санал ирсэн тохиолдолд яах вэ?

-Зөвхөн нэмэлт өөрчлөлтийн төслөөр санал сонсож байгаа. Ер нь бол иргэдээс байнга санал ирж байгаа. Төрийн сүлд өөрчлөхөөс аваад маш олон санал ирдэг. Хэрвээ тэр бүх саналыг тусгана гэвэл нэмэлт өөрчлөлт биш, шинэчилсэн найруулга болоод явчихна. Тиймээс төсөлд тусгаагүй, задгай саналуудыг нь хаахаас өөр аргагүй. Гэхдээ мэдээж нэгтгээд нийтэд мэдээлнэ. Протоколд тэмдэглээд дараагийн органик хуулиудад өөрчлөлт оруулахад тусгагдаад явах боломжтой.

-Хамгийн сүүлд УИХ ҮАБЗ-ийн гурван гишүүний санаачилгаар шүүгч, прокурорыг чөлөөлөх тухай хууль баталсан. Шүүхийг энэ гурван хүн гартаа авчихлаа. Гэтэл Цэц одоо болтол энэ асуудлаар маргаан үүсгээгүй, чимээгүй л байна. Цэц улс төрийн захиалга гүйцэлдүүлдэг гэдгийн бас нэг нотолгоо боллоо л доо. Та УИХ-ын гишүүний хувьд биш, хуульч хүний хувьд ядаж үүнтэй санал нийлэх үү?

-Аль хэдийн шүүх, прокурорынхон Цэц рүү мэдээлэл өгсөн гэсэн. Ер нь бол Аюулгүй байдлын зөвлөл чинь зөвлөмж гаргадаг л байгууллага шүү дээ. Түүнийг нь УИХ хүлээж аваад шийдвэр гаргах эсэхээ шийднэ. Хууль зүйн байнгын хороо асуудлыг хэлэлцээд дүгнэлтээ оруулж ирнэ. Цаашдаа эрх мэдлийн хуваарилалт боловсронгуй болоод ирэхээр ямар шийдвэрийг хаана гаргах вэ, хууль зүйн хувьд яавал зөв байх вэ гэдэг бодох асуудал.

-Энэ хуулийг хэлэлцэж байх үед УИХ гишүүд “энэ бол түр зуурын зохицуулалт юмаа” гээд  баталчихсан шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал сая баталсан хуулиа хүчингүй болгох уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа 25 хууль гарна. ҮАБЗ-ийн тухай хуулийг ч гэсэн нарийвчилж гарах ёстой гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ард иргэд (59.153.113.231)
    хуулийн хулгайч манангийн төлөөлөл олигархи лүндээ лүд өөрөө зайлаач бид хөгжмөөр бна
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.88.162)
    ЛУНДАА ЛУЙВАРЧНЫ САНААЧИЛСАН "ҮНДСЭН ХУУЛЬ"-ИЙГ ЯАСАН Ч БАТАЛЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ БОЛ ТӨРМЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ШҮҮ...
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.88.162)
    ЛУНДАА ЛУЙВАРЧНЫ САНААЧИЛСАН "ҮНДСЭН ХУУЛЬ"-ИЙГ ЯАСАН Ч БАТАЛЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ БОЛ ТӨРМЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ШҮҮ...
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 5 цаг 45 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 6 цаг 2 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 6 цаг 18 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 6 цаг 46 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 7 цаг 5 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 7 цаг 23 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 7 цаг 41 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Өчигдөр 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Өчигдөр 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өчигдөр 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Өчигдөр 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Өчигдөр 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Өчигдөр 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Өчигдөр 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Өчигдөр 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Өчигдөр 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Уржигдар 14 цаг 04 мин Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна Уржигдар 13 цаг 57 мин Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 15 мин Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид...
Top