x

Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг

Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хороог өнгөрөгч долдугаар сард УИХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулсан. Хянан шалгах түр хороо зургаан сарын хугацаатай ажиллаж, энэ хугацаанд багтаж нээлттэй сонсгол зохион байгуулах хуультай. Сонсголыг ирэх сарын 8-12-нд зохион байгуулахаар товлосон.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдлын мэдээлснээр сонсголоор хоёр асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, "Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, олон улсын жишигт нийцүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг судлан хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах,

Хоёрдугаарт, Оюутолгойн бүлэг ордод хамаарч буй “Жавхлант” (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах, 

Үүний тулд 2006 оноос хойш буюу өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Оюу толгой” төсөлтэй холбоотой шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан бүх албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан яг 300 хүнийг гэрчээр дууджээ.

Түр хорооны сонсгол зарлагдахаас өмнө буюу өнгөрөгч сарын 30-нд  Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар Рио Тинто групптэй өнгөрөгч сарын 30-наас албан ёсны хэлэлцээр эхлүүлээд байгаа. Түр хорооны гишүүн Б.Жаргалан “Сонсголын үйл явц болон авагдсан нотлох баримтууд гэрээний нөхцөлийг сайжруулах, Монголын талын хүртэх өгөөжийг зохих хувьд хүргэхэд эерэг үр нөлөө үзүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Эндээс харвал ямартай ч УИХ, Засгийн газар эрх биш нэг чигт харж байгаа юм байна гэж найдаж болохоор.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр Засгийн газар хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьж байгаа. Ингэснээр Монголын талын ноогдол ашиг авах хугацааг наашлуулна гэж тооцож байгаа юм байна. Хоёр тал хэлэлцээрийн ширээнд суугаад сар болоогүй байгаа ч Рио Тинто зээлийн хүүг бууруулах асуудлаар саналаа ирүүлсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Тэгвэл хувь нийлүүлэгчдийн зээл ба менежментийн төлбөрийн талаар товчхон мэдээлэл хүргэе.

Зээлийн хүүг бууруулах нь “Рио Тинто”-гийн ч эрх ашиг

Уул уурхайн том төслүүдийн зардлыг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлээр санхүүжүүлдэг. Тухайлбал, Монгол Улсын хуулиар 25 хувийг хувьцаа эзэмшигчид гаргалаа гэхэд үлдсэн 75 хувийг нь зээлнэ гэсэн үг. Оюу толгой төсөл ч гэсэн энэ жишгээр хөдөлсөн. Ингэхдээ Монголын тал 34 хувиа санхүүжүүлэх боломж байгаагүй учраас 66 хувийн хувьцаа эзэмшигчээс хүүтэй зээлсэн. Ингээд Рио Тинто талаас бүх шаардлагатай санхүүжилтийг гаргасан гэсэн үг.  Гэвч Монголын тал зээлээ төлж чадахгүй 10 жил явсны дараа нөгөө талын хувьцаа эзэмшигчтэй хэлцэл хийсний эцэст үндсэн өр болох 1,79 тэрбум ам.долларыг хүүгийн хамт /нийт 2,3 тэрбум доллар/ 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн тэглэсэн. Монголын талаас тавьсан зүйл нь “Зээл болон хүүгийн нэмэгдлээс болж ноогдол ашиг авах хугацаа хойшлоод байна” гэдэг шаардлага. Хэлэлцээрийн дүнд хөрөнгө оруулагч талаас “Гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсноос болж ноогдол ашиг хуваарилах хугацаа хойшилсон” гэж үзээд манай талд оногдох өрийг тэглэсэн. Нэг үгээр хэлбэл, өрийг тэглэсэн явдал нь манайхны яриад байгаа шиг “34 хувиа үнэгүй эзэмшсэн” хэрэг огтоос биш, харин хөрөнгө оруулагч талаас манай талд төлсөн цаг хугацааны алданги буюу нөхөн төлбөр юм.

Харин одоо Монголын Засгийн газраас тавьж байгаа шаардлага нь, “Оюу толгой” компанийн авсан зээлийн хүүг бууруулах тухай юм. ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоогийн яриад байгаа “20 тэрбум долларын өр” гэдэг нь Оюу толгой ХХК-ийн өнгөрсөн хугацаанд авсан нийт зээл болон хүүгийн өр. Үүний 34 хувийг Монголын тал төлөх ёстой. Үүн дээр хоёр тал зөвшилцөлд хүрч, Рио Тинтогоос зээлийн хүүг бууруулах саналаа ирүүлсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Харин хэдэн хувь хүртэл бууруулах боломжтой вэ гэдэг дээр хувь нийлүүлэгчид үргэлжлүүлэн хэлэлцэх байх.

Хувь нийлүүлэгчдийн зээл нь зээлдүүлэгч талдаа өндөр эрсдэлтэй. Барьцаа байхгүй, өндөр дүнтэй, эргэн төлөлтийн график байхгүй. Төсөл хэрэгжээд “Оюу толгой” мөнгөтэй болсны дараа өгөөрэй гэсэн л зээл.  

Тиймээс зээлийн бүтцийг тогтоодог суурь зарчим байна. Манайд “хөвөгч хүү” гэж нэрлэдэг байх. Аливаа нэг хүүгийн түвшинг суурь хүү болгон түүнээс улбаалан хүү тогтох зарчим. Энэ нь зээлийн хүүг тогтоох процессийг зээлдэгч болон зээлдүүлэгчийн талаас хөнгөвчилж өгдөг. Хувь нийлүүлэгчдийн зээлийн бүтэц нь SOFR+6,5%... Secured Overnight Financing Rate буюу АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан нэг шөнийн санхүүжилтийн хүүг (Зээлийн бөөний хүү) суурь хүү болгосон бөгөөд энэ нь дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан дээшээ, доошоо хөдөлж байдаг.

Сүүлийн 15 жилд зээлийн бодит хүү дунджаар 8 хувьтай, хамгийн багадаа 6,5 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, зарим жилүүдэд SOFR нь 0%-тай байсан гэсэн үг. Харин 2023 онд 4% давснаар сүүлийн гурван жилд бодит хүү 10%-иас даваад байгаа юм байна. Тэгэхээр “хүү өндөр байна” гэдэг шүүмжлэл зээлдэгчтэй шууд холбоогүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч хүүгээ өсгөөгүй, гэхдээ бууруулах боломжийн талаар ярилцаж эхлээд байгаа.

2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээг хийж байхад "Оюу толгой" төслийн ил уурхайн бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байсан, гүний уурхайг баригдах төсөөлөл цаасан дээр бичигдэснээс өөр зүйлгүй байсан, олборлолт эхлээгүй байсан. Харин өнөөдөр эрсдэл харьцангуй буурсан. Гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх сард бүрэн дуусна, нэмэлт зардал гарахаа болино. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” мөнгө олж эхэлнэ гэсэн үг. Тиймээс Хувь нийлүүлэгчдийн гэрээг хийхдээ “7 жил тутам зээлийн хүүг хэлэлцэхээр” зохицуулсан, тэр нь энэ жил тохиож байна.

Гэсэн хэдий ч тодорхой хэмжээний эрсдлүүд байсаар байгаа. Ямар ч эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж байдаггүй. “Оюу толгой” төслийн хувьд гадаад хүчин зүйл буюу дизель түлш, эрчим хүчний хамаарал. Дотоодоосоо хангах боломжгүй, БНХАУ-аас импортоор авдаг. Дотоод хүчин зүйл буюу уурхайн геотехникийн нөхцөл. Тухайлбал, гүний уурхайг ашиглалтад оруулах хугацаа хоёр жилээр хойшилсон шалтгааныг Рио Тинто “геотехникийн нөхцөлөөс болсон” гэж тайлбарладаг. Энгийнээр хэлбэл далд уурхайг нуралтаас сэргийлэх инженерчлэл, хөрсний усны нөлөөлөл, гулсалт суултаас хамгаалах технологи, уурхайн нөхөн сэргээлт зэрэг нь геотехник юм байна. Хэдий өндөр технологи ашиглаж байгаа ч гэсэн гүний уурхайн хувьд энэ бол тооцоолох ёстой нэг эрсдэл мөн.

3$ буцааж авахын тулд 66$ хаядаг хөрөнгө оруулагч байх уу?

Хянан шалгах түр хороог байгуулснаас хойш, ялангуяа Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээр хийж эхэлснээс хойш УИХ-ын гишүүд, нэр бүхий улстөрчдийн зүгээс “Менежментийн төлбөр хэт өндөр байна, зардлын өсөлтөөс төлбөр авч байна” гэх шүүмжлэлийг гаргаж тавьж байгаа. Салбарын сайд нь хүртэл “Менежментийн төлбөрийг зардлыг нэмэгдлээс авдаг биш, ашигтай ажиллагаанаас авдаг байх ёстой” гэж ярьсан. Түр хорооноос зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр П.Сайнзориг гишүүн “Монголын ард түмэн төслийн нийт үр өгөөжийн 50-иас дээш хувийг  хүртэх хүлээлттэй байсан боловч өнгөрсөн хугацаанд 25 орчим хувийн үр ашиг хүртэж байна. Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан УИХ-ын шийдвэрүүд хэрэгжихгүй байна” хэмээн мэдэгдсэн.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа С.Баярцогт сайд “Монголын тал 34 хувийн хувьцааг эзэмших боловч төслийн нийт үр ашгийн 50-иас илүү хувийг хүртэх болно” гэдэг мэдээлэл хийж, үндэслэл, тооцооллыг танилцуулсан. Энэ бол хувьцаа эзэмшигчид өнгөрсөн 16 жилийн турш “Оюу толгой” оруулсан зардлаа нөхөж дуусаад ноогдол ашиг хуваарилсны дараа бий болох үр ашиг юм. Монголын тал 34 хувийн ноогдол ашиг авна. Дээр нь татвар, хураамж, ажилчдын цалин, НДШ, дотоодын компаниудад хийж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авалт гэх мэтчилэн Монгол Улсад үлдэж байгаа нийт үр өгөөжийг тооцсон дүн. Гэтэл далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй, уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байхад 25 хувийн үр ашиг хүртэж байна гэдэг бол маш том тоо. Энэ 25% гэдэг нь зөвхөн татвар хураамжийг ярьж байгаа бөгөөд, бусад мөнгөн урсгал болох худалдан авалт, ажил олголт, CSR хөрөнгө оруулалт зэргийг оруулаагүй.  

“Оюу толгой” ХХК 2010 оноос үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 53.3 их наяд төгрөгийг зарцуулсныг компанийн цахим хуудсаар нээлттэй мэдээлсэн байна. 2025 оны гуравдугаар улиралд аж ахуйн нэгж, бусад байгууллагад төлсөн төлбөр, улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин нийлээд 2.2 их наяд төгрөг болсон байна. 

Энэ бол “Оюу толгой” төслөөс Монголд ирж байгаа үр өгөөж юм. Үүний тулд төслийг удирддаг менежментийн баг ажилладаг, “Оюу толгой” ХХК менежментийн төлбөр төлдөг. Төслийг үр ашигтай, бага зардлаар өндөр гүйцэтгэлтэй хэрэгжүүлэх нь хувь нийлүүлэгч талуудын эрх ашиг. Иймээс 150 жилийн туршлагатай Рио Тинто группэд “Оюу толгой” төслийн менежментийг хариуцуулсан хэрэг. Хувьцаа эзэмшигчид буюу хувь нийлүүлэгчид зөвхөн оруулсан хөрөнгөнийхөө зарцуулалтад хяналт тавина. Төслийг хэрэгжүүлэгчээр мэргэжлийн баг ажиллана гэсэн үг. Менежментийн төлбөр нь үйл ажиллагааны зардлын 6 хувь, бүтээн байгуулалтын зардлын 3 хувь юм байна. Бас л компанийн цахим хуудсанд байгаа нээлттэй мэдээлэл. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зардлыг анх 4,5 тэрбум доллараар төлөвлөсөн дээр 1,4 тэрбум долларын зардлын хэтрэлт гарсан гэж тооцвол таван жилийн хугацаанд 177 сая ам.долларыг менежментийн төлбөрт авах ёстой. Зардлын хэтрэлт болох 1.4 тэрбум доллараас менежментийн төлбөр аваагүй.

Тиймээс “Зардлын өсөлтөөс менежментийн төлбөр авч байна” гэдэг улстөрчдийн яриа бол цэвэр гүтгэлэг. Хувь нийлүүлэгчийн хувьд Рио Тинто зардлаа нэмэх бус, аль болох хэмнэх сонирхолтой. Төслийн 66 хувийг эзэмшдэгийн хувьд үүнд оногдох зардал Рио Тинтогоос өөрөөс нь гарна. 3$ буцааж авахын тулд шаардлагагүй 66$ үрэх хөрөнгө оруулагч байх уу?

Менежмэнтийн төлбөр төлснөөр Рио Тинтогоос юу олж авдаг вэ гэж үү?

-Рио Тинтогийн 150 жилийн туршид, 35 улсад  хуримтлуулсан туршлага, know-how

-Бүтээн байгуулалтыг аюул осолгүй, чанартай хийж гүйцэтгэх төслийн удирдлага

-Үйлдвэрлэл, уулын ажлын төлөвлөгөөг оновчтой хуваарилах арга барилууд

-Блокчлон олборлох арга техникийн судлагаа, мэргэжлийн зөвлөгөө

-Аюулгүй ажиллагааны шилдэг туршлага, системчилэгдсэн ажлын дэс дараалал, сургалтын арга барилууд

-Дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх худалдан авалтын сүлжээ, зах зээлийн хүч...

Учир нь мэдлэг бол мөнгө, туршлага мөнгө, технологи бас мөнгө. Эдгээрийг мөнгө төлж авдаг, эргүүлээд мөнгө болгодог. Ийм л юм.

Тиймээс Түр хорооны сонсголын тухайд шуудхан хэлэхэд “хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, олон улсын жишигт нийцүүлэх асуудлаар хяналт шалгалт хийх” гэдэг нь анхнаасаа илүүц байлаа. Энэ бол гэрээний оролцогч талууд болох Рио Тинто групп, Монгол Улсын Засгийн газар хоорондоо ярилцаад шийдвэрлэх ёстой асуудал. Тэр тусмаа хувьцаа эзэмшигчид хоорондоо хэлэлцээр хийгээд эхэлчихсэн үед парламентын оролцоо бүр ч шаардлагагүй. Угаасаа гэрээндээ “Зээлийн хүүг 7 жилд нэг удаа хэлэлцэнэ” гээд тусгачихсан, тэр дагуугаа хэлэлцээр хийгээд явж байгаа энэ үед ямар ч улс төржилт хэрэггүй. “Гүйх нохойд гүйхгүй нохой сайд” гэдэг л болно.

Менежментийн гэрээний хувьд мөн ялгаагүй. Гэрээнд өөрчлөлт оруулах нь зөвхөн гэрээний талуудад олгогддог эрх. Нэг талаас гэрээнд өөрчлөлт оруулах санал тавибал нөгөө тал нь заавал хэлэлцэх үүрэгтэй. Өөрчилж болдоггүй гэрээ гэж байдаггүй.

Харамсалтай нь, манайхны хувьд гэрээний буюу хувийн эрх зүй гэдэг зүйл огт хөгжөөгүй, судлаагүй, ийм соёлд суралцаагүй. Тиймээс бүх асуудлыг хүчээр, тулгалтаар, улс төрийн арга хэрэгслээр шийдэх гэж оролддог. “Оюу толгой” төсөл бол монголчуудын бие дааж хэрэгжүүлж байгаа анхны том төсөл. Дараа дараагийн том төслүүдээ амжилттай эхлүүлэх, үр ашгийг нь хүртэх, хөрөнгө оруулагчидтай нэг хэлээр, нэг түвшинд ярилцаж сурахын тулд одооноос туршлага хуримтлуулмаар байгаа юм даа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.177)
    Сайн бичсэн байна шүү. УИХ-ын гишүүд үзээсэй билээ.
    2025 оны 11 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа
Top