Нийслэлийн БГД-ийн төсвийн хөрөнгөөр Гандантэгчэнлин хийдийн дуган, дацан гудамж, нэвтрэх хаалга зэрэгт гэрэлтүүлэг хийж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, “Их хотын гэрэл” компанийн гүйцэтгэж буй ажлын явц 90 хувьтай байна. Гэрлийг 12 дугаар сарын 5-нд асаана. Мөн Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулах ажил үргэлжилж, тохижилтын ажилтай холбоотой 55 айлаас 35 айлын газрыг чөлөөлөөд байна.
Нийслэлийн БГД-ийн 16 дугаар хороонд байрладаг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сард шинэчилсэн. Төв хийдийн урд 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилжээ.



