УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулган өндөрлөлөө. Та УИХ-ын гишүүний хувьд энэ хаврын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хувьд энэ хаврын чуулганыг хамгийн үр бүтээлтэй чуулган болж өндөрлөлөө гэж хэлж болно. Өмнө нь олон жил хэлэлцэж, ярьж, ажилласан ч батлагдаж чадаагүй байсан хэд хэдэн чухал хууль батлагдлаа. Тухайлбал, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн шүүхийн тухай хууль, Татварын багц хууль батлагдсан. Мөн хувиараа бизнес эрхлэгчид болон хувийн хэвшил, иргэдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдлаа. Энэ хуулийг дагалдуулан Зөвшөөрлийн тухай хууль, ААНОАТ-ын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниудтай холбоотой ил тод байдал, бүтээмж, засаглал, хяналт, орлого, зарлагын асуудал олон жил яригдаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчит компанийн засаглалын тухай анхдагч хуулийг баталлаа. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон жил яригдсан нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх эхний алхмыг тавьсан гэж үзэж болно. Үүнээс гадна Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, Хүнсний тухай хууль зэрэг бусад салбарын чухал хуулиуд батлагдсан. Тиймээс энэ хаврын чуулганыг нэлээд үр бүтээлтэй болж өнгөрлөө гэж дүгнэж байна.
-Энэ удаагийн чуулганы үеэр сөрөг хүчний зүгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан бол эрх баригчдын зүгээс Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан. Эцэст нь эдгээрийг нэгтгэн баталсан. Тэгвэл энэ хуулиар аж ахуйн нэгжүүдэд бодитой ямар өөрчлөлт, дэмжлэг бий болж байна вэ?
-Ер нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль ч тэр, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль ч тэр аль аль нь суурь, тунхаглалын шинжтэй хууль юм. Үндсэн агуулга нь төрийн оролцоог аль болох багасгах, хувийн хэвшил үйл ажиллагаагаа явуулахад нь саад учруулахгүй байх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх чиглэлд ажиллах зарчмыг тогтоож байгаа. Энэ хүрээнд хамгийн том өөрчлөлт нь Зөвшөөрлийн тухай хуультай холбоотой. Энэ хуулийг дагалдаад 80 орчим хуульд өөрчлөлт орж байна. Өмнө нь тусгай болон энгийн зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаанаас гадна яам, агентлаг, орон нутгийн байгууллагууд зөвшөөрөлтэй дүйцэхүйц журам гаргаж, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоодог, зөвшөөрөл олгодог олон зохицуулалт байсан. Харин одоо энэ бүхнийг нэгтгэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, "мэдэгдэл" гэдэг шинэ ойлголтыг нэвтрүүлж байгаа юм. Энэ нь ямар үйл ажиллагаа эрхлэх гэж байгаагаа мэдэгдээд, заавал урьдчилан зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Үүнийг дагаад стандартын тухай хууль тогтоомжийг шинэчилж, зөв болгоод явбал тодорхой стандартыг хангасан тохиолдолд зөвхөн мэдэгдээд үйл ажиллагаагаа явуулдаг тогтолцоо бүрэн хэрэгжинэ. Тиймээс энэ чиглэлд хамгийн эхний чухал алхам хийгдлээ гэж харж байна.
-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдан батлагдсан өөр чухал өөрчлөлт нь юу байсан бэ?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд чухал өөрчлөлт орсон. Энэ хуулиар гадаад эх үүсвэрээс авсан зээлийн хүү, мөн гадаад эх үүсвэрээс босгосон бонд буюу өрийн хэрэгслийн хүүд ногдуулдаг суутган татварыг өөрчилсөн. Өмнө нь эдгээрт 20 хувийн татвар ногдуулдаг байсан бол зөвхөн банкнууд таван хувийн татвар төлдөг байсан. Харин одоо энэ зохицуулалтыг бүх санхүүгийн байгууллагад адилхан мөрдөхөөр болгож, суутган татварыг таван хувь болгосон. Энэ нь цаашдаа зээлийн хүү буурах, мөн гадаад эх үүсвэрээс санхүүжилт босгох зардал багасах, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих маш том боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
-Бизнесийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орлоо. Үүнтэй холбоотойгоор Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгосон уу, эсвэл өөрчилсөн үү гэсэн асуулт олон нийтийн дунд байна. Бизнесийн эрх чөлөөний тухай хууль баталж байгаа юм бол Хэмнэлтийн тухай хуулиа болих хэрэгтэй гэсэн санал хэлдэг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хэмнэлтийн тухай хууль дээр онцгой өөрчлөлт ороогүй. Гэхдээ Хэмнэлтийн тухай хууль нь үндсэндээ төрийн байгууллагуудад үйлчилдэг хууль. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд шууд үйлчилдэг зохицуулалт биш. Тиймээс энэ нь төрийн албан хаагчидтай илүү холбоотой асуудал гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар Хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал орж ирээгүй байна.
-Нийгмийн даатгалын ерөнхий хууль батлагдсан. Гэхдээ аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа өмнөөс давхар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг асуудлыг бүрэн зохицуулж чадаагүй юм шиг харагдаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Үүнээс бүтэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Т.Түвшин, миний бие болон хамтран санаачлагч 40 гишүүнтэйгээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байсан. Засгийн газар өөрийн төслөө өргөн барьсны дараа эдгээр төслийг нэгтгэн хэлэлцэхээр болсон. Тиймээс манай төсөл бүтэн жил хүлээгдсэн гэсэн үг. Манай хуулийн төслийн гол гурван өөрчлөлтийн эхнийх нь Иргэний хуулийн дагуу байгуулдаг ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа иргэдийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлдөг байдлыг өөрчлөх байсан. Өөрөөр хэлбэл, ийм гэрээгээр ажиллаж байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ албан журмаар биш, өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр төлөх боломжтой байх зохицуулалтыг тусгасан.
Манай хуулийн төслийн хоёр дахь гол өөрчлөлт нь ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн таазтай холбоотой байсан. Өнөөдөр ажилтан өөрийнхөө зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээ хүртэлх цалингаасаа шимтгэл төлдөг. Түүнээс дээш орлогоос шимтгэл төлөхгүй. Харин ажил олгогчийн хувьд ийм тааз байдаггүй. Өөрөөр хэлбэл, ажилтандаа хэдэн төгрөгийн цалин олгож байна, яг тэр хэмжээнээс нь шимтгэл төлдөг. Гэтэл ажил олгогч тухайн ажилтны өмнөөс шимтгэл төлж байгаа учраас ажилтантайгаа адилхан таазтай байх ёстой гэсэн зарчмыг бид оруулж ирсэн. Энэ нь хоёр дахь том өөрчлөлт байсан. Гурав дахь өөрчлөлт нь хоол, түлш, орон сууцны хөнгөлөлттэй холбоотой.
-Эцэст нь эдгээр зохицуулалт хэрхэн туссан бэ?
-Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн явцад тодорхой хэмжээнд нэгтгэгдсэн. Юуны өмнө хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн зөвхөн хөдөлмөрийн гэрээнээсээ албан журмын нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Харин бусад давхар хийж байгаа ажил, гэрээнээсээ сайн дурын үндсэн дээр төлөх боломжтой болсон. Жишээлбэл, багш хүн хажуугаар нь төсөл дээр ажилладаг, эсвэл хуульч хүн өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт хөдөлмөрийн гэрээнээс гадуур зөвлөх үйлчилгээний гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа бол тухайн орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлөхгүй. Хүсвэл сайн дурын үндсэн дээр төлж болно. Хэрэв хөдөлмөрийн гэрээгүй, зөвхөн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах зэрэг Иргэний хуулийн гэрээгээр ажилладаг бол өөрт хамгийн ашигтай нэг гэрээнээсээ албан журмын нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө гэсэн зохицуулалт болсон. Өөрөөр хэлбэл, дундчилсан хувилбараар хууль батлагдсан гэж хэлж болно.
-Ажил олгогчийн шимтгэлийн таазын асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн таазыг бий болгосон. Гэхдээ үүнийг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож эхэлнэ. Дараа нь 2028 онд 11 дахин, 2029 онд 10 дахин болгон үе шаттайгаар бууруулах зохицуулалт туссан.
-Хаврын чуулганы төгсгөлөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Энэ сарын эхнээс хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож байгаа. Та ажлын хэсгийг ахалсан хүний хувьд хуулийн хэрэгжилтийг хэрхэн харж байна вэ?
-Ажлын хэсгийн шатанд хууль санаачлагчдын өргөн барьсан төсөлд бараг 60 орчим хувийн өөрчлөлт орсон. Гол зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дахь зохицуулалтыг Замын хөдөлгөөний дүрэмтэй нийцүүлэх байсан. Ажлын хэсгээс гаргасан, улмаар батлагдсан гол саналууд гэвэл нэгдүгээрт, цахилгаан скүүтер, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй байх зохицуулалт орсон. Хоёрдугаарт, мопедтой адил ангилалд хамруулж, Замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчих зохицуулалтыг хуульчилсан. Гуравдугаарт, цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчид аймаг, нийслэлтэй гэрээ байгуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан тусгай зориулалтын зогсоолд байршуулна. Мөн түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон хувь хүний эзэмшлийн бүх цахилгаан скүүтер, мопедыг бүртгэлжүүлэхээр болсон. Ингэснээр хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
Хамгийн том өөрчлөлтийн нэг нь өмнө нь 16 нас хүрсэн хүн унаж болдог байсныг өөрчилж, зөвхөн 18 нас хүрсэн хүн унах зохицуулалт оруулсан. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлыг бүрэн хангах хүртэл зөвхөн насанд хүрсэн хүн хэрэглэнэ гэсэн үг. Түүнчлэн 18 нас хүрсэн хүн жолооны эрхтэй бол тусгай сургалтад хамрагдах шаардлагагүй. Харин жолооны эрхгүй бол заавал сургалтад хамрагдах шаардлагатай. Энэ долоо хоногт "Төрийн мэдээлэл"-д хэвлэгдэх ёстой. Ер нь УИХ хууль баталсны дараа Ерөнхийлөгч ажлын тав хоногийн дотор хориг тавих эрхтэй байдаг. Тиймээс энэ хугацаа өнгөрсний дараа "Төрийн мэдээлэл"-д хэвлэдэг. Хууль "Төрийн мэдээлэл"-д хэвлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Иргэд, байгууллага бүгд тухайн хэвлэгдсэн албан ёсны эхэд үндэслэн хуулийг дагаж мөрдөх ёстой.
-Эрчим хүчний бодлогын талаар асууя. ХҮН нам энэ салбарын бодлогыг түлхүү хариуцаж байгаа гэж харж байна. Саяхан баруун аймгуудад цахилгаан тасарч, ОХУ-аас цахилгаан нийлүүлэлттэй холбоотой асуудал ч яригдлаа. Ер нь Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа ойрын хугацаанд гарах боломжийг та хэрхэн харж байна вэ?
-Ер нь эрчим хүчний салбар өөрөө олон жилийн турш хуримтлагдсан тогтолцооны сул талтай. Бид олон жил эрчим хүчний хувьд гадаад улсаас хараат явж ирсэн. Энэ байдлаас гарахын тулд миний ойлгож байгаагаар хоёр чиглэлээр бодлого хэрэгжүүлж байна гэж харж байгаа. Нэгдүгээрт, Шадар сайд Т.Доржхандын хүрээнд эрчим хүчний экспортыг хөгжүүлэх бодлого явж байна. Үүний гол агуулга нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл нар, салхины эрчим хүчийг түлхүү хөгжүүлэх юм. Ингэснээр зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ.
Нөгөө талаас, экспортын зах зээлтэй болж байж ийм төслүүд эдийн засгийн хувьд ашигтай хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Түүнээс бий болсон эрчим хүчээ дотоодын сүлжээнд нийлүүлэх боломжтой болно. Нөгөө талдаа уламжлалт буюу нүүрсэн суурьтай дулааны болон цахилгаан станцуудын төслүүдээ мөн үргэлжлүүлэх шаардлагатай. Орон нутгуудад, аймгийн төвүүдэд олон жил яригдаж, тендер нь зарлагдаж, гүйцэтгэгч нь хүртэл шалгарсан ч зогсонги байдалд орсон дулаан, цахилгаан станцын төслүүд бий. Эдгээрийг цааш нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Энэ хүрээнд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж эхэлж байгаа нь маш чухал гэж бодож байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан станц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх бодлого зайлшгүй хэрэгтэй.
-Хувийн хэвшил оролцоотой баригдаж байгаа эрчим хүчний томоохон төслүүд юу байна вэ?
-Жишээлбэл, Бөөрөлжүүтийн цахилгаан станц байна. Архангай аймагт дулаан, цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Мөн баруун бүсэд Макс группийн хэрэгжүүлж байгаа цахилгаан станцын төсөл эхэлсэн. Ингэж томоохон хувийн компаниуд эрчим хүчний дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж эхэлж байгаа нь маш зөв чиглэл. Энэ нь эрчим хүчний үнийн чөлөөлөлтийн үр дүн гэж би харж байгаа. Өмнө нь эрчим хүчний үнэ эдийн засгийн хувьд сонирхол татахуйц биш байсан учраас хувийн хэвшил энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол багатай байлаа. Харин үнийн шинэчлэлийн дараа хувийн компаниуд нүүрсний ч бай, сэргээгдэх эрчим хүчний ч бай цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулах боломж нь нээгдэж байна. Нөгөөтэйгүүр дотооддоо гэмтэл гарвал бид өөрсдөө хугацаагаа тодорхойлж, өөрсдөө засварлаж чадна. Харин баруун аймгуудад сая үүссэн цахилгаан тасарсан асуудал бол манай хойд хөршийн эрчим хүчний системд гарсан гэмтэлтэй холбоотой байсан. Тэр гэмтэл хэзээ засагдах, хэрхэн ажиллах талаар Монгол Улс ямар ч нөлөө үзүүлэх боломжгүй. Энэ бол эрчим хүчний хараат байдлын хамгийн том эрсдэл. Мэдээж ийм олон жил хуримтлагдсан асуудлыг гурван сар, 100 хоногийн дотор шийдэх боломжгүй. Шинэ Засгийн газар ажиллаад удаагүй байна.
-Төрийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Төрийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдсанаар төр бүх салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөж төрийн өмчит компани байгуулах боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа. Тухайлбал, хуулийн наймдугаар зүйлд төр ямар салбарт, ямар үндэслэлээр төрийн өмчит компани байгуулж болохыг тодорхой заасан. Нэгдүгээрт, нийтийн үйлчилгээний салбарт төрийн өмчит компани байгуулж болно. Гэхдээ тухайн үйлчилгээг хувийн хэвшил дангаараа ашигтайгаар эрхлэх боломжгүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг оруулсан. Хоёрдугаарт, зүй ёсны монополийн шинжтэй, тусгай зохицуулалт шаарддаг салбарт төрийн өмчит компани байгуулж болно. Гуравдугаарт, үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор стратегийн ач холбогдолтой орд газарт төрийн өмчит компани байгуулж болно.
Мөн үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлан хамгаалах, хил хамгаалах, харилцаа холбоо, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг салбарт төрийн өмчит компани байгуулж болохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компани байгуулах хүрээг өмнөхөөсөө илүү тодорхой, хязгаарласан байдлаар хуульчилсан нь энэ хуулийн хамгийн чухал өөрчлөлтийн нэг гэж харж байна. Нөгөөтэйгүүр "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг төрийн өмчит компаниудтай холбоотой асуудал гарахаар тусгай сонсгол зохион байгуулдаг. Харин шинэ зохицуулалтаар жил бүр Улсын Их Хуралд албан ёсоор тайлагнадаг болсноор зөвхөн 126 гишүүн мэдээлэл авах биш, УИХ-аар хэлэлцэж байгаа учраас бүх иргэн мэдээлэл авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах бас нэг чухал зохицуулалт болсон гэж үзэж байна.
Өдрийн сонин



