Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах төвд өнөөдөр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан төрийн холбогдох байгууллагууд болон аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын хамтарсан уулзалт болов.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж оролцож, мэдээлэл хийлээ. Мөн Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод болон экспортлогч аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцов.
Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын бүтээгдэхүүнд үзүүлэх гаалийн тарифын хөнгөлөлт, гарал үүслийн дүрэм, техникийн зохицуулалт болон стандартын шаардлагын талаар аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.



