Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 их наяд төгрөг боллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.8 хувь буюу 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ дээрх хугацаанд 8.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувь буюу 459.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ мөн хугацаанд 10.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын орлого энэ оны эхний 4 сард 8.3 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 4.3 хувь буюу 344.5 тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 17.6 хувь буюу 290.1, нэмэгдсэн өртгийн албан татвар 5.8 хувь буюу 105.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 5.7 хувь буюу 148.7 тэрбум, онцгой албан татварын орлого 28.6 хувь буюу 108.3 тэрбум төгрөгөөр багасав.
Татварын нийт орлогын 29.9 хувийг орлогын, 23.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 23.4 хувийг нийгмийн даатгалын, 7.3 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.3 хувийг онцгой албан татварын, 12.7 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлжээ.




