Увс аймгийн төв Улаангомоос Тэс сум хүртэлх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Тус замын барилга угсралтын ажлыг “Жол” компани гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төслийг “Засмал зам” компани боловсруулжээ. Улсын төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг төслийн гэрээний хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна.
Тус замын ажлын явцад аймгийн ГХБХБГ-аас энэ сарын 11-ний өдөр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын үеэр ажил гүйцэтгэх график төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж баталгаажуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөх, ажилчдын хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн хэрэглүүлэх, ажлын үе шат бүрд дээж авч баталгаажуулах, бетон цутгалт бүрээс сорьц авах, мөн температурын нөхцөлөөс шалтгаалан бетон хучилтын арчлалт, хамгаалалтыг тогтмол хийх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн байна.
Хяналт шалгалтын багт аймгийн ГХБХБГ-ын хэлтсийн дарга Т.Батбаяр, мэргэжилтэн Б.Дээшин нар ажиллажээ.
Тэс сум нь аймгийн төвөөс 160 орчим км зайд байрладаг бөгөөд Увс нуур-Улаангом чиглэлийн авто замтай холбогддог.
Энэ жил Увс аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 орчим бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байна.



