Индонез улсын Сулавеси арлаас зүүн өмнөд зүгт орших Муна гэдэг жижиг арал дээрх агуйгаас олдсон хүний гарын дүрс нь хамгийн эртний хадны зураг байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Энэхүү хадны зургийг наад зах нь 67 800 жилийн өмнө Лианг Метандуно хэмээх шохойн чулуун агуйд зурсан бололтой.
Улаавтар өнгийн гарын хээ бүхий энэхүү зураг цаг хугацааны явцад бүдгэрч, одоо агуйн ханан дээр бараг харагдахгүй болсон байна. Эрдэмтдийн хэлснээр, уг зургийг бусад ижил төстэй зургуудын адилаар гараараа хадан дээр дарж байгаад эргэн тойронд нь будаг цацах замаар бүтээжээ.
Эрдэмтэд зургийн насыг тодорхойлохдоо, пигментийн дээр аажмаар үүссэн эрдэс давхаргууд дахь ураны элементүүдийг шинжлэн 67 800 жил гэж тогтоосон байна. Энэ нь өнөөг хүртэл хамгийн эртнийх гэж тооцогдож байсан Испанид олдсон өөр нэгэн гарын зургаас ойролцоогоор 1 100 жилээр өмнөх зураг ажээ.
Индонезын хадны зургийг бүтээсэн хүмүүс нь Ази тивээс Индонезод шилжин ирсэн хүмүүсийн бүлэгт хамаарагддаг байсан ба хожим нь магадгүй Австрали руу шилжин суурьшсан байж болох юм гэж эрдэмтэд үзэж байна.
Энэхүү олдвор нь homo sapiens-ууд Австрали ба Шинэ Гвинейд хүрсэн хугацаа зарим судлаачдын таамгаас ойролцоогоор 15 мянган жилээр эрт байсан гэх дүгнэлтийг баталж байна.
“Энэхүү гарын хээ нь зөвхөн Сулавеси арлаас л олддог өвөрмөц хэв маягт хамаарах тул онцгой юм. Хурууны үзүүрүүдийг маш нямбайлан шовх хэлбэртэй болгосон байсан” гэж Австралийн Гриффитийн их сургуулийн археологич, судалгааны багийн удирдагчдын нэг Максим Обер ярилаа.
Олдворын талаарх тайлбар, судалгааны дүнг Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.
Эх сурвалж: BBC



