ChatGPT-г бүтээгч OpenAI компани өөрийн анхны төхөөрөмжөө 2026 оны эхний хагаст танилцуулна гэж тус компанийн даяарчлалын асуудал эрхэлсэн захирал Крис Лехейн мэдээлжээ. Тэрээр төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Харин OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман өмнө нь энэ төхөөрөмжийг 2026 оны сүүлээр гаргана гэж мэдэгдэж байв. Түүний хэлснээр, энэ нь дэлгэцгүй, халаасны төхөөрөмж байх бөгөөд анхны загвар нь ухаалаг нүдний шилний хэлбэртэй байж магадгүй юм. Альтман "хэрэглэгчид шинэ төхөөрөмжийн энгийн, хялбар байдалд алмайрах болно" гээд OpenAI-ийн төхөөрөмж хиймэл оюуны хөгжилд ухаалаг утасны салбарт iPhone-ы гүйцэтгэсэн шиг тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэж онцолжээ.
Сануулахад, ChatGPT чат-ботын амжилтын үр дүнд OpenAI компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компаниудын нэг болсон билээ.
Эх сурвалж: officelife.media



