x

А.Мэргэн: Хоккейн спортыг хоёр тархиараа тоглодог

Шайбтай хоккейн шигшээ баг 2018 оны шилдэг багаар шалгарч, “Бөртэ чоно” цомын эзэн болсон. Тус багийн дасгалжуулагч А.Мэргэнтэй ярилцлаа.

-Танд болон танай багт “Бөртэ чоно” цомын эзэн болсонд баяр хүргэе. Энэ жил танай баг ямар амжилт гаргаж энэ шагналын эзэн болов?

-Азийн аварга шалгаруулах “Challenge cup” тэмцээнд манай баг 2013 оноос хойш амжилттай оролцож ирсэн. 2013-2016 онуудад хүрэл медаль, 2017 онд мөнгөн медаль хүртсэн. Харин энэ жил бид медалийн өнгөө хувиргаж, анх удаа аваргын алтан медаль зүүлээ. Манай тамирчдын хувьд маш хүнд нөхцөлд бэлтгэл сургуулилт хийдэг. Голын мөсөн дээр шахуу бэлтгэл хангаад, Азид аварга болно гэдэг том амжилт л даа.

-Тэгэлгүй яахав. Жилийн дөрвөн улиралтай манайх шиг улсын тамирчид өвлийн, тэр дундаа багийн спортоор ийм том амжилт үзүүлнэ гэдэг гайхалтай?

-Бидэнд зориулалтын талбай, бэлтгэл хангах газар байхгүй учраас байнгын бэлтгэл хийх боломжгүй байдаг. Үндсэндээ өвлийн гурван сар л бэлтгэл хийдэг. Гэхдээ монгол хүний бие физиологи, хүндийн жин энэ спортод маш сайн зохидог. Үүнээс гадна монгол хүний цусанд дайчин чанар нэвт шингэсэн байдаг. Юунаас ч айдаггүй зоригтой. Энэ чанар бол хоккейчин хүнд байх ёстой хамгийн гол чанар. Монгол үндэстний соёл, заншил дайчин болохоор Хоккейн спортоор амжилт гаргах бүрэн боломжтой гэж хардаг.

 

-Хоккейн спорт бусад багийн спортуудаас юугаараа ялгаатай вэ. Сагсан бөмбөг болоод хөл бөмбөгийн багууд мөн маш өндөр амжилт үзүүлсээр байгаа шүү дээ?

- Хоккейн спорт бол ухаан шаардсан спорт байдаг. Өндөр хурдтай гулгадаг, бие физиологийн бэлтгэл өндөртэй, хурдтай, асар мэдрэмжтэй спорт. Шинжлэх ухааны үүднээс хоккейн спортыг судлаад үзэхээр хоёр тархиараа тоглодог гэж байгаа. Цохиж байгаа бөмбөг, шайб, гулгалтын хурдыг тооцож тоглолт гаргахын тулд тархи маш хурдтай, ачаалалтай ажилладаг. Тийм болохоор хүүхдийн тархины хөгжилд маш хэрэгтэй спорт. Мэдээж бусад багийн спортуудын адил хүүхдийг нийтэч зан чанартай болгодог. Мөн өвөл тоглодог болохоор эрүүл, чийрэг бие бялдартай болдог.

-Өнөөдрийн байдлаар манай улсад энэ спортоор хэчнээн хүн хичээллэж байна вэ?

-Монголчууд 1950 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Өнөөдөр ахмадууд, хүүхэд залуучууд, насанд хүрэгчид нийлээд 1200 гаруй хоккейчин байна. Баян-өлгий, Ховд, Дархан, Эрдэнэт, Шарын гол, Бугант, Багануур, Сүхбаатар, Хэнтий аймгуудад энэ спорт эрчтэй хөгжиж байгаа. Мөн нийслэлд гурван баг бий.

-Танай багт хэдээс хэдэн насны, нийт хэчнээн тамирчин байдаг вэ?

-Шигшээ багт дунджаар 22-23 насны хорь гаруй тамирчин багтдаг. Багийн удирдлагууд, эмч, дасгалжуулагч нийлээд гучаад хүн тэмцээнд хамт явдаг. Ер нь асар хурдтай тоглодог болохоор залуу насны спорт.

-Зурагтаар үзэж байхад хоккейн спорт бэртэл гэмтэл их авч мэдэхээр спорт шиг харагддаг?

-Хоккей өөрөө маш контакттай, хоорондоо мөргөлдөж тоглодог болохоор аюултай. Үүнээс айгаад эцэг эхчүүд хүүхдүүдээ энэ спортоор хичээллүүлэх сонирхолгүй байдаг байж болох юм. Гэхдээ бүр айхтар хөл гараа хугалах ч юм уу, хүнд бэртэл тусдаггүй. Хүүхдүүд гулгаад, дасаад ирэхээр бэртэл гэмтэл авах нь гайгүй болчихдог.

-Үүнээс гадна их өндөр өртөгтэй спорт шүү дээ?

-Манайд хөгжиж байгаа спортуудаас хамгийн өртөг өндөртэй төрөл. Мөсөн дээр тоглоно. Үүний тулд маш их хувцас хэрэглэл өмсөх хэрэгтэй. Манайх Хятадтай хил залгаа болохоор заавал үнэтэй брэндийн хувцас өмсөхгүйгээр Хятадад үйлдвэрлэсэн зориулалтын хувцсыг авч өмсдөг. Тэр хувцсыг өмсөөд хоккей тоглох, хоккейчин болох боломжтой.

-Таны хувьд “Шилдэг дасгалжуулагч”-аар тодорсон. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би долоон наснаасаа хоккей тоглож эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл 35 жил энэ спортод өөрийгөө зориулж явна. Олуулаа бүгдээрээ явдаг болохоор шилдэг дасгалжуулагчийн шагнал бол монголын бүх хоккейчдын шагнал гэсэн үг. Маш олон дасгалжуулагч, тамирчин, спонсоруудын хөлс хүч орсон шагналын эзэн боллоо.

-Хоккей өвлийн олимпийн төрөлд багтдаг. Энэ утгаар нь танай баг, тамирчдыг төр засгаас, олимпийн хорооноос хэр сайн дэмждэг вэ?

-Монголын хоккейчид хоёр төрлийн хоккей тоглодог. Нэг нь шайбтай, нөгөө нь бөмбөгтэй. Бөмбөгтэй хоккейг бид арван жил тоглож байна. Бөмбөгтэй хоккейн баг маань Канад, Чех, Словак, Япон, Хятад, Унгар зэрэг улсууд ордог өндөр чансаатай Дэлхийн аваргаас анхны хүрэл медалийг өнгөрсөн жил авсан байгаа. 2012 онд мөн Азийн өвлийн наадмаас мөнгөн медаль хүртсэн байдаг. Ажил төрлөө хийгээд явж байгаа хүмүүс, мэргэжлийн шигшээ тамирчидтай үзээд, хожоод хүрэл медаль авна гэдэг бол онолын хувьд боломжгүй зүйл л дээ.Тэгэхээр шайбтай болоод бөмбөгтэй хоккейн аль аль төрөлд бид өндөр амжилт үзүүлж чадна гэдгээ өөрсдийн бор зүрхээрээ явж харууллаа. Олимпийн хорооноос хааяа дэмжлэг үзүүлдэг. Азийн өвлийн олимпод явахад манай нэлээд тамирчдын зардлыг гаргаж өгсөн. Гэхдээ цаашид энэ спортыг хөгжүүлье гэвэл төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Бидэнд хамгийн түрүүнд зориулалтын талбай хэрэгтэй байна. Ийм талбайтай болчих юм бол уран гулгалт, шорт трек, хоккей гэх мэт өвлийн спортууд хөгжих бүрэн боломжтой.

-Хоккейн шигшээ баг гэсэн статустай болохоор танай багийн тамирчид, дасгалжуулагч нар цалин хөлс авдаг уу?

-Манай хоккейн холбоо байгуулагдаад 26 жил болж байна. Энэ хугацаанд цалин авч байсан хүн гэж нэг ч байхгүй. Бүгд энэ спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж ирсэн. Хувийн хэвшлийнхэн, спонсорууд биднийг тодорхой хэмжээнд дэмждэг.

-Танай баг ирэх жил ямар тэмцээнд, хэрхэн оролцохоор төлөвлөөд байна вэ?

-Тэмцээнд оролцож, шагнал урамшил авахдаа гол нь биш. Бид тиймэрхүү зүйл мөрөөдөхөөс илүү гол нь хоккейн спорт хөгжөөсэй, илүү олон хүнд хүрээсэй гэж хүсдэг. Улс төрчид нь эрүүл шударга болоосой. Энэ спортыг хөгжүүлэхэд анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Бэлтгэл хийх заал гэх мэт дэд бүтцийн асуудал хурдан шийдэгдээсэй л гэж бодож явна.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 8 цаг 59 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 9 цаг 1 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 9 цаг 2 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 9 цаг 4 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 9 цаг 5 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 9 цаг 7 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 9 цаг 9 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 9 цаг 9 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 9 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 11 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 11 цаг 45 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 11 цаг 46 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 11 цаг 47 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 11 цаг 48 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 13 цаг 8 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 13 цаг 11 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 13 цаг 13 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 13 цаг 14 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 13 цаг 16 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top