x

А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн ч хэлэлцүүлгийн шатанд засах зүйлс байна

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар хүлээн авч хэлэлцэхээр болсон. Дэмжихгүй гишүүд ч цөөнгүй байна шүү дээ...?

-Энэ бол зөвхөн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг л шийдэж буй асуудал. Иргэд, олон нийтийн дунд УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой олон асуудал хурцаар яригдаж байна. Үүнийг парламент анхаарч үзэхгүй бол болохгүй. Үүнийг Ерөнхийлөгч анхаарч УИХ-ын гишүүдийн ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, сайжруулах чиглэлээр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ төслийн талаар олон нийтийн төдийгүй УИХ-ын гишүүдийн дунд ч зөрүүтэй байр сууриуд байгаа. Миний хувьд хэлэлцэх эсэхийг дэмжсэн, гэхдээ хэлэлцүүлгийн шатанд засах зүйлс байна. Цаашдаа ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы түвшинд болохгүй зүйлүүдийг нь засаад, сайжруулаад, саналаа тусгаад явах бололцоотой.

-Тухайлбал зарим гишүүд жагсаалтаар сонгогдсон гишүүдийг нам нь ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл санал гаргаж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл эгүүлэн татахаар тусгасан нь УИХ-ын гишүүний хараат бус байдал алдагдахад хүрнэ гэж шүүмжилж байна. Энэ талаар таны бодол?

-Энэ хуулийн төсөл одоо хүчин төгөлдөр үйлчилж буй УИХ-ын тухай хуульд байгаа эгүүлэн татах нэг үндэслэлд өөрчлөлт оруулах, шинээр таван үндэслэлийг нэмж тусгах гол зохицуулалтыг агуулж байгаа. Тиймээс цаашдаа үндэслэл тус бүр дээр сайн ярилцах, судлах шаардлагатай. Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг намын саналаар татах тухайд манай Үндсэн хуульд тойргийн УИХ-ын гишүүн, жагсаалтын УИХ-ын гишүүн гэсэн ялгаатай ойлголт, зохицуулалт огт байхгүй.

Бүгд ижил эрх, үүрэгтэй ард түмний элч. Тиймээс жагсаалтаар сонгогдсон, тойргоос сонгогдсон гэж ялгахгүйгээр асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулах нь зүйтэй. Ер нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тухайн гишүүнийг сонгосон сонгогчдын оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай. Бусад орны жишиг ч тийм байна.

-Ес зүйн хариуцлагын хувьд?

-Өнөөдөр УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмээр зохицуулж байна. УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын тухай хуулиар зохицуулах шаардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ёс зүйн зөрчил гэдэгт юуг авч үзэх вэ гэдгийг тодорхой болгож, хүрээ, хязгаарыг нь тогтоож өгөх хэрэгтэй.

-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах, ёс зүйн хариуцлагын асуудлыг парламент өөрөө шийдэх боломжтой байхад заавал Ерөнхийлөгчөөс хууль санаачлах шаардлага байсан уу. Бүр гишүүний эрхийг нэмэгдүүлэх асуудал ч парламентын бүрэн эрх шүү дээ...?

-УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудал өмнө нь ч хөндөгдөж байсан асуудал. Тухайлбал, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ чиглэлийн хуулийн төсөл өргөн барьж байсан. Мөн 2019 онд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ ийм төрлийн хуулийн төсөл өргөн барьж байсан ч хэлэлцэлгүй үлдсэн. Өнөөдөр Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй хуулийн төсөл өмнөх санаачилгуудтай агуулгын хувьд зарим талаар давхцаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь өнөөгийн нөхцөл байдал өөрөө ийм асуудлыг хэлэлцэх шаардлагыг бий болгочихлоо. Өөрөөр хэлбэл парламентын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, 126 гишүүнтэй болсон. Жагсаалтын гишүүд нэмэгдсэнээр зөвхөн уламжлалт улстөрчдөөс гадна өөр өөр салбарын төлөөлөл, олон нийтийн нөлөө бүхий хүмүүс УИХ-д орж ирсэн. Гэтэл нийгмийн зүгээс парламентын нэр хүнд, ёс зүйтэй холбоотой шүүмжлэл нэмэгдэж, парламентын үйл ажиллагааны журам, дэгээ эргэж харах нийгмийн сэтгэл зүй, уур амьсгал бүрдсэн гэж харж байгаа.

-Тэгвэл гишүүд өөрсдөө энэ асуудлыг санаачлаад шийдэх боломж байгаа шүү дээ...?

-УИХ-ын гишүүд ёс зүйн асуудлаар өөрсдөө хууль санаачлах боломж нээлттэй. Гэхдээ бодит байдал дээр одоогоор ийм санаачилга гаргасан гишүүн алга байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс олон нийтийн хүсэлт, хүлээлтэд тулгуурлан энэ асуудлыг хөндөж, хуулийн төсөл өргөн барьж байна гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Зарим хуульчдын тайлбарлаж байгаагаар гишүүний ёс зүйн хариуцлага нь эцсийн дүндээ сонгогчдын үнэлгээгээр, өөрөөр хэлбэл дараагийн сонгуулиар шийдэгддэг гэж үздэг. Би энэ байр суурийг тодорхой хэмжээнд зөв гэж хардаг. Гэхдээ нөгөө талаас УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд холбогдвол хариуцлага хүлээнэ гэсэн зарчим бас бий.

-Сүүлийн 10 жилийн хугацаанд эрх баригч нам нэгнийхээ хулгай луйврыг хэдэн их наядаар нь олон нийтэд ил болгосон ч түүнээс нэг нь ч хариуцлага хүлээсэн зүйл алга. Сүүлдээ парламентын түвшинд нэгнийгээ хулгайчаар дуудах энгийн үзэгдэл болсон нь ёс зүй яригдах гол шалтгаан гэж хэлж байна уу?

-Яг зөв. Сүүлийн найман жилд УИХ-ын гишүүдтэй холбоотой ёс зүйн болон Эрүүгийн шинжтэй олон асуудал гарсан. Ногоон автобус, Хөгжлийн банк, нүүрсний хэрэг зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлууд бий. Сүүлийн үед Туулын хурдны зам, бусад томоохон гэрээтэй холбоотой эргэлзээ ч гарч байна. Эдгээр нь нийгэмд парламентын нэр хүнд, гишүүдийн ёс зүйд эргэлзэх шалтгаан болж байна. Хууль, хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд өөрсдөө энэ талаар мэдэгдэл хийж буй нь асуудал ямар түвшинд хүрснийг харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд эдийн засаг тэлж, төсвийн хэмжээ өссөн ч иргэдийн амьдралын чанар төдийлөн сайжраагүй. Инфляци, шатахуун, эрчим хүчний хараат байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад иргэдийн амьдрал хүндэрч байна. Үүнтэй зэрэгцээд дээр байгаа хүмүүс их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд холбогдож байна гэсэн хардлага нийгэмд улам нэмэгдэж байгаа. Урьд нь сая, тэрбумын тухай ярьдаг байсан бол одоо их наядын хэмжээнд яригддаг болсон нь өөрөө олон нийтийн бухимдлыг нэмэгдүүлж байгаа. Ийм нөхцөлд иргэдийн дургүйцэл өсөх нь ойлгомжтой. Тиймээс ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн гарц хэрэгтэй гэсэн шаардлага гарч ирж байна.

-Ерөнхийлөгчийн энэ санаачилга улстөржилтийг нэмэгдүүлж байна гэх шүүмжлэл бий. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн хүрээнд янз бүрийн хардлага, таамаг яригдаж байгаа. Зарим нь үүнийг улс төрийн зорилготой гэж харж байна. Мэдээж ийм хардлага хоёр талаасаа гарна. Гэхдээ миний хувьд нэг зүйлд гайхаж байгаа. Зүгээр хэлэлцье гэж байхад зарим гишүүд маш хүчтэй эсэргүүцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд байхад нь л “Хэн нэгнийг онилж байна” гэсэн өнгө аясаар тайлбарлаж байгаа нь зөв биш. Харин энэ асуудлыг улс төрийн өнцгөөс биш, хууль эрх зүйн талаас нь бодитой үнэлэх ёстой. Миний хувьд энэ хуулийн төсөл засаглал өөрчлөх, Үндсэн хуульд халдах хэмжээний зүйл огт биш гэж харж байна. Зөвхөн ёс зүй, хариуцлагын тодорхой зохицуулалтыг сайжруулах тухай асуудал.

-УИХ дахь АН-ын бүлгийн дотоод байр суурь ямар байна вэ. МАН-ын хувьд уг асуудлаас болоод хоёр хуваагдчихсан байгаа шүү дээ...?

-Манай бүлгийн хувьд ч энэ асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрээгүй, тодорхой хэмжээнд хуваагдсан байдалтай байна. Бүлгийн шийдвэрийг гаргахдаа бид “од”-ын системээр ангилдаг. Хэрэв гурван одтой шийдвэр гарвал гишүүд заавал дагана. Харин хоёр одтой бол ерөнхий чиглэл баримтлах ч гишүүд өөрийн байр сууриар санал өгөх боломжтой. Энэ асуудал хоёр одтой шийдвэрээр явсан. Тухайлбал, хэсэг гишүүд нь хэлэлцэх нь зөв гэж дэмжсэн, нөгөө хэсэг нь эсэргүүцсэн, зарим нь оролцоогүй гэх мэтээр санал хуваагдсан.

-Бүлгийн даргын асуудал мөн яригдаж байна. Энэ тал дээр таны байр суурь?

-Анх О.Цогтгэрэл гишүүн бүлгийн дарга байсан, дараа нь намын дарга болсон. Нам доторх шинэчлэл, дотоод сонгуулийн үед нам, бүлгийн удирдлага зөрчилдөхөөс сэргийлэх үүднээс нэг хүн давхар хариуцах нь зөв гэж үзэж дэмжсэн. Саяхан улс төрийн зөвлөлийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилж, цаашид бүлгийн даргыг тусад нь томилох боломжтой гэсэн байр суурь гарсан байна лээ. Үүнийг би боломжийн хувилбар гэж харж байгаа. Одоо бүлгийн даргын тухайд хэд хэдэн санал байна. Зарим нь туршлагатай, олон удаа сонгогдсон гишүүн байх ёстой гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь илүү идэвхтэй, сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх шинэ хүнийг дэмжиж байна. Мөн одоогийн дарга үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж үзэх хэсэг ч бий. Өөрөөр хэлбэл, манай бүлэг дотроо энэ асуудал дээр гурван өөр чиг хандлагатай байгаа.

-Танай намын дотоод зохион байгуулалт, ялангуяа Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал мөн анхаарал татаж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Генсекийн асуудлыг намын байгууллагуудын хүрээнд ярилцаад шийднэ. Саяхан болсон Улс төрийн зөвлөлийн хурлаар С.Баярцогтыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна лээ. Өмнө нь Үндэсний бодлогын хорооны хурлаар өөр нэр дэвшигчдийг санал болгосон ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Миний харж байгаагаар үүрэг гүйцэтгэгчийн түвшинд тодорхой хугацаанд ажиллаад цаашид баталгаажих уу, эсвэл өөр хүн томилогдох уу гэдгийг дахин хэлэлцэх байх. Энд нэг чухал зарчим яригдаж байгаа нь намын удирдлагад хэт төвлөрөл үүсгэхгүй байх асуудал. Хэрэв бүх эрх мэдэл нэг хүнд төвлөрвөл бусад дэмжигч бүлэглэлүүдийн оролцоо суларч, улмаар нам дотор зөрчил үүсэх эрсдэлтэй. Тиймээс фракцуудын оролцоог тэнцвэржүүлж, удирдлагын түвшинд төлөөллийг нь хангах нь намын үйл ажиллагааг жигд явуулах, сонгуулийн үед нэгдмэл байдлыг хадгалахад чухал гэж үзэж байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед намын эв нэгдэл юу юунаас илүү улс төрийн намуудад чухал байх, тийм үү?

-Маш чухал. Сонгууль ойртох тусам жижиг асуудлаас болж хагарал үүсэх эрсдэл нэмэгддэг. Хэрэв эртнээс эв нэгдлээ хангаж чадахгүй бол сонгуулийн үед бүр илүү гүнзгий хуваагдалд орж болзошгүй. Тиймээс намын удирдлагууд энэ асуудлыг нэгдүгээрт тавьж ажиллах ёстой.

-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн хувьд хууль, шүүхийн асуудалд холбогдох эрсдэл гарч байна гэсэн яриа бий. Зарим нь шалгагдаж, зарим нь хоригдлоо. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол шинэ үзэгдэл биш. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч олон нэр дэвшигч өрсөлдөж, өөр өөр фракцуудын төлөөлөл гарч ирж байсан. Эцэст нь нам дотроо хэлэлцээд нэг нэр дэвшигч дээрээ нэгдэж, нийтээрээ дэмжиж ялалтад хүрсэн туршлага бий. Тэр үед ч дотоод өрсөлдөөн ширүүн байсан ч эцсийн зорилгын төлөө нэгдэж чадсан. Үүнийг давтах боломж одоо ч бий. Одоогоор нам дотор Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой журам боловсруулагдаж байгаа. Тодорхой шалгуурын дагуу хэд хэдэн нэр дэвшигч өрсөлдөнө. Дараа нь шат дараатайгаар шигшигдэж, эцэст нь намын Их хурлаар эцсийн шийдвэр гарна. Миний хувьд энэ процесс хэвийн явагдана гэж харж байна. Гол нь намын гишүүдийн олонх “ардчилсан Ерөнхийлөгч гаргах ёстой” гэсэн байр суурьтай байгаа учраас эцсийн дүндээ нэг нэр дэвшигч дээр нэгдэж чадна.

-Харин өрсөлдөгч намуудын зүгээс улс төрийн нөлөөлөл үзүүлэх оролдлого байж болзошгүй юу?

-Тийм хардлага улс төрд байнга л байдаг. Зарим улстөрчдийг өөр намд татах, түүгээр дамжуулж санал хуваах оролдлого гарч магадгүй. Энэ нь зөвхөн манай намд ч биш, бусад намуудад ч адилхан тулгардаг асуудал. Гэхдээ эцсийн дүндээ нам дотоод эв нэгдлээ хэрхэн хадгалах вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.

-Таны хувьд энэ хаврын чуулганаар ямар хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байгаа вэ?

-Хэд хэдэн чухал хуулийн төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байна. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг төслөөр халаадаг болон электрон зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг тамхитай адилтан тодорхойлж, тэдгээрийн үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээ, сурталчилгаа, хяналт, хариуцлагын асуудлыг тамхин бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтад хамруулна. Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэх зорилготой Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл дээр ажиллаж байна. Мөн ҮХЦ-ийн 2025 оны 10 дүгнэлтийн дагуу Эрүүгийн хуульд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах чиглэлээр өөрчлөлт оруулах асуудал дээр ч ажиллаж байгаа.

Саяхан УИХ-ын гишүүдтэй хамтран ХХОАТ-ын хувь хэмжээ 10 хувь байгааг 1 хувь болгон бууруулж, иргэдийнхээ орлогыг 9 хувиар нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилсан бол Асрах үйлчилгээний тухай хууль, НӨАТ-ын 50 сая төгрөгийн босгыг нэмэх зорилготой Нэмэгдсэн өртгийн албан татварын хухай хуульд өөрчлөлт оруулах гэх мэт хуулийн төслүүдийг санаачилж өргөн барихаар ажиллаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 6 цаг 44 мин Багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагаа чухал 6 цаг 47 мин “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдлээ 6 цаг 53 мин Монголын шигшээ Умард Мараны Арлуудын багийг 7:0-ээр хожлоо 7 цаг 11 мин Нийслэлийн бүх авто машин маргааш замын хөдөлгөөнд оролцох боломжтой 7 цаг 52 мин М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын дотоод тохироо, толхилцоо шийднэ 9 цаг 19 мин 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов 10 цаг 24 мин Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ 11 цаг 45 мин G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ 11 цаг 53 мин АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө 12 цаг 1 мин АНУ Венесуэлийн газрын тосоор стратегийн нөөцөө нөхнө 12 цаг 4 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 7 мин Ч.Номин: "Ногоон дата төв" төслийн хүрээнд 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ 12 цаг 20 мин Налайх дүүргийн насан туршийн суралцахуйн төв орон нутгийн иргэдийн 10 хувийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа 13 цаг 36 мин Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ 13 цаг 49 мин Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна 13 цаг 53 мин Гал түймэр унтраах тархалтын сургалт зохион байгууллаа 15 цаг 1 мин Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 15 цаг 6 мин Жуковын “Махны машин” 15 цаг 11 мин Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ 15 цаг 31 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси...
Top