x

Чойбалсангийн сэжигтэй үхэл

Чойбалсангийн бие 1951 оны сүүлээр нэлээд чилээрхэх болжээ. Тэрээр албандаа явж чадахгүй гэрээр эмчлүүлэх болов. 1951 оны сүүлчээр Москвагаас профессор Вишневский* тэргүүтэй эмч нарын баг ирж үзээд бөөрний хорт хавдар гэж шууд оношлов.[i] Чойбалсан өөрөө эндээ эмчлүүлье гэж хүссэн боловч багаж төхөөрөмж алга гэдгээр шалтаглан Москва руу авч явах хэрэгтэй гэж эмч татгалзав. Улс төрийн товчоо эмч нарын зөвөлгөөг үндэслэн 1952 оны нэгдүгээр сард түүнийг Москвад аваачиж эмчлүүлэх шийдвэр гаргав. Ингээд түүнийг долоо хоног галт тэргээр зөөж эмчлэх газар нь хүргэлээ. 

Чойбалсан үнэндээ Москвад очих дургүй байлаа. Ойрын хүмүүсийнх нь батлаж буйгаар тэрээр үхлээ зөнгөөрөө төсөөлж байв. 1951 оны намар Майдарт ярихдаа:

Дотоод яамны орос зөвлөхүүд намайг Москва явж шинжилгээ хийлгэ гэж шахаад байх юм. Би өөрөө бол явмааргүй байна. Чи Эрхүүгийн Ходос* эмчийг танина биз дээ? Түүнд үзүүлдэг юм билүү. Миний эмч Елисеев намайг гэдэсний хөндий, зүүн бөөр тааруу байна гээд байх юм. Ходос эмчийг энд ирүүлдэг юм билүү гэж бодох юм[ii]

Орос эмчээс гадна түүний эргэн тойрныхон мань эрийг явж эмчлүүлсэн нь дээр хэмээн ихэд ятгасан гэдэг. Ялангуяа Зөвлөлтийн элчин сайд Приходов, мөн Цэдэнбал. Ингээд аргаггүйн эрхэнд явахаар болжхамаг бичиг баримт, сейфнийхээ түлхүүрийг Цэдэнбалд хүлээлгэж өгсөн аж. “Чойбалсан явахынхаа өмнө надад хэд хэдэн хүний зан байдлыг хэлсэн” хэмээн хожим Цэдэнбал дурсчээ. Үнэн бол гэрээслэл үлдээсэн болж таарах нь. 

Москвад очоод хэвтэнгүүт нь Кремлийн эмнэлгийн дарга профессор Егоров* “Мэс засал хийхийн өмнө нөхөр Сталинд мэдэгдэх болно. Мөн хэнээр хагалгаа хийлгэхийг бид бас Сталинд мэдэгдэх үүрэгтэй” гэжээ[iii]. Мэс засал амжилттай боллоо хэмээсэн боловч маргааш нь гэнэт халууран нас баржээ. Чойбалсан нас барах хүртлээ ухаан саруул, хажууд нь сахиж байсан П. Шагдарсүрэнгээс Москвагийн байдлыг асууж ярилцан өдөр өнгөрөөж байв. Мэс заслалыг нэгдүгээр сарын 25-нд хийж, маргааш нь гэнэт муудан Оро 18 цаг 50 минутад нас барсан. Хажууд нь эхнэр Б. Гүндэгмаа, Ерөнхий сайдын орлогч Д.Шарав, элчин сайд Н. Ядамжав, П. Шагдарсүрэн нар байсан. Академич И.Б. Збарскийн хэлснээр “хагалгаа хийнгүүт талийгчийн хамаг дотор гипернефромын метостазама (бөөрний хорт хавдрын сүүлчийн шат) болчихсон байсан. Академичийн хажууд зогсож байсан хожмын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч А.Н. Бакулев “Тэнгэр минь... би хагалгааг нь хийсэн”.[iv]

Чойбалсанг Москвад хорлогдож үхсэн гэсэн яриа олны дунд сэм тарж олон жил яригдсан юм. 1949 оны сүүлчээр Сталины 70 насны ой болж бүхий л коммунист ертөнц хөөр хөөрцөгтэй тэмдэглэсэн. Шинээр буй болсон бүх коммунист орнуудын удирдагчид болоод бусад коммунист намуудын дарга нар их удирдагчид биеэр баяр хүргэхээр Москвад цугларчээ. Дөнгөж сая улсаа улаанаар будсан Мао хүртэл биеэр очиж тэнд маш удсан. Харин ганцхан Чойбалсан л байсангүй. Тэрээр орондоо Цэдэнбалыг явуулсан юм. Эндээс Чойбалсангийн Сталинд хандах хандлага өөрчлөгдсөн гэж ярьдаг. Өвөр Монголыг өөрт нь өгнө гэж Сталин хуурсанд гомдсон ч гэж ярьдаг. Сталинтай муудаад коммунист ертөнцөөс гадуурхагдсан И.Титогийн тухай Чойбалсан ихэд сонирхон байнга мэдээ асуудаг байсныг хожим академич Ширэндэв дурсаж байсан. Чойбалсанг нас барангуут Монгол руу шарилыг илгээхийн өмнө Москвад салах ёс гүйцэтгэхэд Сталин ирээгүй юм байна. Ийм иймээс Чойбалсанг өөрийнх нь саналаас зөрөн зориуд Москвад аваачиж хорлосон гэх сэжиг буй болжээ. 

1948 онд НҮБ-ын тогтоолоор тусгаар тогтносон Израил улсыг буй болгожээ. Нутагтаа маш олон жүүдтэй Сталин Ойрхи Дорнодод бас нэг коммунист дагуул оронтой болох нь гэж найдаж шинэ тулгар улсыг байдгаараа дэмжсэн юм. Гэвч ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэгчээр цаадуул нь Америкийг дагах боллоо. Үүнд хорссон Сталин жүүдийн эсрэг кампанит ажил зохион хөгжүүлэх нь тэр. Хэрэв Сталин цагаа олж үхээгүй бол Зөвлөлт оронд жүүд нарыг хядах томоохон аллага болох байсан. 1952 оны дундуур тэрээр Кремлийн эмч-алуурчдын талаар томоохон кампани дэгдээв. Цагаан халаад нөмөрсөн жүүд эмч нар Зөвлөлтийн удирдагч нарыг эмчлэх нэрээр алж хороон Америкийн зууш болгохоор зэхэж байгаад илчлэгдсэн тухай сэдэв сонин хэвлэлээс салахаа болив. Кремлийн эмч нарт хорлогдсон удирдагч нарын жишээнд Жданов, Чойбалсан хоёр байнга орж байсан. Сталин хэлэхдээ: “Яах болж байна? Жданов, Щербаков*, Димитров*, Чойбалсан гэх мэт, урьд нь Менжинский, Горький… Төрийн зүтгэлтнүүд гэв гэнэт л араасаа цувраад үхээд байна гэдэг бололцоогүй хэрэг!”[v] Чухамдаа Кремлийн эмч нарын хуйвалдаанд өртөгдсөн жишээнд орох томоохон удирдагч хэрэгтэй учраас Сталин эртнээс захиалсан ч байж болох л доо. Сталин тийм юм хийж өлхөн чадах хүн. Урьд нь тэрээр Фрунзе, Крупская, Горький нарын олон хүнийг өөртэй нь муудалцаагүй байхад хэрэгтэй учраас л эмнэлэгт нас баруулж байсан[vi] туршлагатай нэгэн. 

Чойбалсаныг үхсний дараахан СССР-ийн Улсыг аюулаас хамгаалах яамны дэд сайд Михаил Рюмин* гэгч Сталинтай уулзаад жүүд эмч нарын тухай ховлохдоо Монголын дарангуйлагчийг бас зориуд буруу эмчлэн алсан байна гэж мэдэгджээ.[vii] Рюминийг “Эмч нарын хэрэг” гэгчийг зохион байгуулсан хүн гэдэг. Тэрээр Улсыг аюулаас хамгаалах яамны дэд сайдаар 1951 оны арваннэг дүгээр сараас 1952 оны аравдугаарын хооронд, өөрөөр хэлбэл ердөө 10 сар энэ албан тушаалд ажилласан байна. Сайдын албанд очиж байж л цол нэмж ердөө хурандаа болсон, эцэг нь нударган, иргэний дайны үед Колчакийн армид алба хааж байсан, ах эгч нар нь хулгайн хэрэгт шийтгэгдэж байсан. Өөрөө НКВД-д ажиллаж байхдаа 1951 онд албаны нууц материал автобусанд алдсан, түүнийгээ нууж байгаад баригдсан. Энэ явдалдаа шийтгэл хүлээж амжилгүй сайд болжээ.[viii] 

Рюмин Дотоод яамны онц ноцтой хэрэг хариуцсан ахлах мөрдөгч байхдаа маршал Жуков, өөрийн дээд дарга Берия нарыг мөрдөн мөшгиж тэднийг баривчлах “хангалттай” материал илрүүлжээ. Мэдээж Сталины захиалгаар! Сталин үхээд ердөө 10 хоносны дараа Рюминийг баривчилсан. Түүнийг Берия өөрийн биеэр байцаажээ. Жилийн дараа Цэргийн дээд шүүхийн шийдвэрээр цаазаар авчээ.[ix] 

Алуурчин жүүд эмч нарын золиосонд нэрлэгдэх шинэ шинэ үхдлийн нэр хэрэгтэй байлаа. Эмч нарын хэргийг Сталин эхнээс нь бодож олоод зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагааг биечлэн удирдаж байсан гэж Улсыг аюулаас хамгаалах яамны Онц ноцтой хэрэг хариуцсан мөрдөгч Николай Месяцев хожим бичсэн.[x] Эмч нарын хэргийг гардан хариуцаж асан дэд сайд, дэд хурандаа Рюмин Сталинтай хэд хэд уулзсан аж. Сталины нэгэн зальжин арга нь алив шуугиантай хэрэг, хядлага, “дело” өөрөө бодож олоод операцийг хэн нэгэнд хариуцуулж өөрөө далдаас удирдан хийлгэдэг. Дараа нь нөгөө гүйцэтгэгчээс “баримт” гэхийг албан ёсоор ил тод гаргуулж аваад улс даяар шуугиан үүсгэнэ. Ийм хавханд Ягода, Ежов гээд олон хүн өртөж дараа нь өөрснөө буудуулж байсан. Ийм золиосонд Рюмин яг таарсан этгээд.

Түүнээс биш Сталин, Чойбалсан нарын үзэл бодол зөрсөн, таарахаа больсон, харилцаа нь хүйтэрсэн гэдэг нь үнэмшил муутай. Чойбалсан амьдралынхаа турш Сталинаас маш их айдаг байсан. Энэ бол туршлагаас олж мэдэрсэн сургамж. Түүнтэй үг сөргөх нь байтугай Монголд байгаа түүний төлөөлөгч нартай ч маргахыг хүсдэггүй. Цэдэнбалын хожим дурссанаар “Чойбалсан Зөвлөлтөд хэтэрхий итгэдэг, яльгүй асуудал байсан ч заавал зөвлөлтийн сургагч мэргэжилтэнд үзүүлж саналыг нь авахыг шаардана, тэднээр зөвшөөрүүлж байж л сая санаа нь амардаг” байж.[xi] Энэ бол итгэл биш айдас! Тэрээр эх орон нэгт олон хүн хядсандаа хожим их гэмшдэг байсан, Сталины нэрийг айгаад хэлдэггүй, зөвлөлтийн зөвлөх гэгчдийг буруутган хааяа итгэсэн хүндээ ярьдаг авч эдгээрийн жинхэнэ цаад эзэн нь Сталин байсныг эрх биш мэдэлгүй яахав. Өөрийн орлогч Майдарт нэг удаа халамцуудаа ярихдаа:

Би их нүгэлтэй хүн! Зөвлөх нарын хэлсэн болгонд итгээд нэлээд олон хүнийг цааш нь харуулсан. Би энэ тухай бодон үргэлж зовж явдаг. Заримдаа хар даран зүүдэлж, нойр ч хүрэхгүй, олигтой унтаж чадахгүй байдаг болоод байна. 1937-39 оны тэр хэцүү үед зөвлөхүүдийн нэг нь нэг юм ярьдаг, нөгөө нь өөр юм хэлдэг, хэнд нь үнэмшихээ мэддэггүй байсан. “Тэр зөвлөхтэй ярьсан уу?” гэнэ. “Үгүй” гэвэл “Очоод саналыг нь аваад ир” гэнэ. Голдуу Дотоод яаманд байсан зөвлөлт хүмүүсийн саналын дагуу шийдвэрлэдэг байлаа.[xii]

Эхнэр Гүндэгмаагийн дурссанаар “Хөгшин маань сүүлийн үед согтохоороо хамтран зүтгэгч байгаад хэлмэгдсэн хүмүүсээ дурсаж уйлдаг байсан”.[xiii]

Тэрээр Сталины системийг дэндүү сайн мэднэ, өөрөө ч хуулбар тогтолцоог нь Монголд байгуулсан хүн. Тэрээр хагалгаанд орохынхоо өмнө Сталины хөрөг авчруулж удтал ширтэн харж байснаа зургийг үнсээд, нүдэнд харагдах газар хадуулжээ.[xiv] Энэ бол Чойбалсан шиг долоо шархтсан хашир хүний хувьд мухар сүсэг ч биш, гүн хайр ч биш ердөө л амь гуйсан мөргөл байлаа. Энэ ёслолыг нь харсан туршуулууд тэр дор нь Сталинд очиж хэлнэ гэдгийг тогтолцооны бүтээгдэхүүн Чойбалсан мэдэхийн цаагуур мэднэ. 

Чойбалсангийн шарилыг Улаанбаатарт тусгай галт тэргээр авчирлаа. Улс даяар олон хоногийн гашуудал зарлав. Ашиглалтад ороод удаагүй байсан Засгийн газрын ордны өмнө тусгайлан бунхан бариад тэнд Чойбалсанг бунхлан оршуулав. Уг нь түүнийг Лениний нэгэн адил цогцсыг нь занданшуулан муми болгохоор ярилцан оросуудаас гуйжээ. Цаадуул нь техникийн бололцоогүй хэмээн татгалзсан байдаг. Чойбалсангийн шарилын дэргэд Сүхбаатарын шарилыг зэрэгцүүлэхээр шийдэн хөөрхий талийгаачийн цогцсыг хэд дэх удаагаа ч юм бүү мэд дахин ухаж аваад бунханд байрлуулваа.

Оросын цэргийн түүхч Евгений Трифонов* дүгнэж бичихдээ:

Чойбалсангийн хамт “ардын” Монголын нэг эрин улиран одов. Тэрээр монголчуудын уламжлалтай холбоотой үндэстний дээдсийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд монгол түмнийг нэгтгэхийг эрмэлзсэн сүүлчийн тэмцэгч байлаа. Хувьсгалын дараа өсч бойжсон, ард түмнийхээ түүхийг мэддэггүй, үндэсний соёлоо үгүйсгэдэг, зөвлөлтийн аль л базаахгүй загварыг үлгэр болгон хүмүүжсэн үеийнхэн болох жинхэнэ мангуурагчид засгийн эрхийг авлаа. Улс орны толгойд гарч ирсэн шинэ дээдчүүдийн хэв шинжит төлөөлөгч болох – шалихгүй боловсролтой, зүрх зориггүй, архаг архичин, юу ч ойлгодоггүй, бас юу ч чаддаггүй, аль ч юмны учрыг олдоггүй, дураараа авирласан эхнэр болон зөвлөлт “нөхдийнхөө” гарт бүрэн орсон, Бүх холбоотын коммунист (большевик) намын гишүүн, гадаадын тусгай албадын  (НКВД болон КГБ) мэдээлэгч Юмжаагийн Цэдэнбал нэгэн цагт дэлхийг донсолгож явсан хүчирхэг түүхт Монголыг ганцаар удирдахаар гарч ирлээ.[xv]

* Вишневский, Александр (1906-1975) СССР-ийн Батлан хамгаалах яамны ерөнхий мэс заслалч

* Ходос, Хаим-Бер Гершанович (1897-1995) Зөвлөлтийн невропатолгич, эмч, доктор

* Егоров, Пётр (1899-1967) Кремлийн эмнэлэгийн дарга (1947-1953)

* Щербаков, Александр (1901-1945) Зөвлөлтийн намын зүтгэлтэн, генерал, Москва хотын дарга (1938-1945)

* Димитров, Георгий (1882-1949) Болгарын коммунист. Болгарын Ерөнхий сайд (1946-1949)

* Рюмин, Михаил (1913-1954) СССР-ийн Улсын аюулаас хамгаалах яамны орлогч сайд (1951-1952)

* Трифонов, Евгений (1956) – Оросын цэргийн түүхч, монгол судлаач

[i] Рощин, С.К. Маршал Монголии Х. Чойбалсан ИВ РАН Москва 2005 стр-135 [Roschin S,K, Kh. Choibalsan, Marshal of Mongolia Moscow 2005 p-135]

[ii] Майдар. Д. 75 жилийн үйл явдал (Улаанбаатар 2020) х-72 [Maidar.D. 75 years (Ulaanbaatar 2020)] p-72

[iii] Бат-Очир. Л Чойбалсан (Улаанбаатар 1996) х-190 [Bat-Ochir, L. Choibalsan]

[iv] Рощин, С.К. Маршал Монголии Х. Чойбалсан ИВ РАН Москва 2005 стр-135 [Roschin S,K, Kh. Choibalsan, Marshal of Mongolia Moscow 2005 p-135]

[v] Пазин. Михаил. Страсти по власти от Ленина до Путина (издатеьсво Питер) х-131

[vi] Радзинский, Эдвард Сталин (издательство ВАГРИУС, Москва, 1997)

[vii] Trahair, Richard. Encyclopedia of Cold War Espionage, Spies, and Secret Operations (Enigma Books* London 2012)

[viii] Брент Джонатан., Наумов Владимир. Последнее дело Сталина.(Издательство Проспект Москва 2004) стр-352

[ix] В Верховном Суде СССР. Правда 23 июля 1954 (10488)

[x] Месяцев, Николай. Горизонты и лабиринты моей жизни. — Вагриус. Москва. 2005.

[xi] Цэдэнбал.Ю. Би өргөсөн тангарагтаа үнэнч байсан. (Улаанбаатар 1996) [Tsedanbal, Yu I was loyal to my oath]

[xii] Майдар. Д. 75 жилийн үйл явдал (Улаанбаатар 2020) х-67 [Maidar.D. 75 years (Ulaanbaatar 2020)] p-67

[xiii] Түүхэн цомирлог  То ва судлалыннийгэмлэг. Улаанбаатар 2014. Х- 100

[xiv] Шагдарсүрэн, Пунцагийн (“100 эрхэм” нэвтрүүлэг Монгол үндэсний телевиз 2015) [Shagdarsuren, Puntsagiin (100 honorable Peaple National TV 2015)]

[xv] Трифонов, Евгений “Аз жаргалтай улсын” адармаатай замнал Зөвлөлт и Монгол далд түүх (Nepko publishing 2020) х-497 [Trifonov Eugeny Secret History of Soviets and Mongols (Nepko publishing 2020) p-497]

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Оюу толгой” ХХК-иас нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 9.9 тэрбум төгрөгийг төлүүлжээ 2 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британийн Элчин сайдтай уулзлаа 3 мин Монголын шатрын шигшээ баг олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 5 мин Туркийн Бурса хотын захирагчийг авлигын хэргээр саатууллаа 5 мин Чойбалсангийн сэжигтэй үхэл 1 цаг 45 мин Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо орчмоор цахилгаан хязгаарлана 1 цаг 51 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга түрүүллээ 1 цаг 52 мин АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ 1 цаг 53 мин 2026 оны 4 дүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тойм 1 цаг 55 мин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 16 жилийн дараа сонгуульд ялагдлаа 1 цаг 55 мин Монголын бөхчүүд Азийн АШТ-ээс 8 медаль хүртлээ 1 цаг 56 мин УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ 1 цаг 57 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага бүртгэгджээ 1 цаг 57 мин Өнөөдөр зарим нутгаар бороо, нойтон цас орж, салхи шуургатай байна 1 цаг 57 мин Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 16 цаг 29 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 17 цаг 19 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10 Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Өмнөд Солонгосын тагнуул: Ким Жөн Уны залгамжлагчаар охин Ки... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай...
Top