Лондоны металлын бирж (LME)-ийн арилжааны явцад гурван сарын хугацаанд нийлүүлэх хөнгөн цагааны фьючерсийн үнэ 0.6 хувиар өсөж, нэг тонн нь 2893.5 ам.долларт хүрсэн бол өсөлт үргэлжилж 2900.3 ам.доллар болсон нь 2022 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Шинжээчдийн үзэж буйгаар богино хугацаанд нийлүүлэлт хязгаарлагдмал, урт хугацаанд эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь үнийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс салбарын өрсөлдөөн хэт ширүүсч, үнийг унагаж байгаагийн улмаас хүчин чадлын илүүдэл үүсэхээс сэргийлэх бодлого хэрэгжүүлэхээ мэдэгджээ.
Мөн зарим гол үйлдвэрт үүссэн хүндрэлүүд нийлүүлэлтийн дарамтыг улам нэмэгдүүлэв. Исландын “Grundartangi” үйлдвэр цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтлийн улмаас нэг шугамаа түр зогсоосон бол Америкийн “Alcoa” компани Австралийн “Kwinana” үйлдвэрийн үйл ажиллагаагаа бокситын хүдрийн чанар муудсантай холбон хаахаар болсон байна.
Нөгөөтэйгүүр, цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарын эрэлт нэмэгдэж, АНУ, Хятадын худалдааны гэрээ байгуулах хүлээлт нь хөнгөн цагааны үнийг дэмжиж байгаа ажээ.
Эх сурвалж: Trading Economics



