Америкийн технологийн аваргууд болох “Apple” болон “Microsoft” компанийн хувьцаа мягмар гарагт өссөний дүнд зах зээлийн үнэлгээ тус бүр 4 их наяд ам.доллароос давжээ.
Хэдий тийм боловч хоёр компани одоогоор 4.6 их наяд ам.долларын үнэлгээтэй “Nvidia”-гийн араас дэлхийн хоёр, гуравдугаарт бичигдэж байна. “Microsoft” энэ оны долоодугаар сард 4 их наяд ам.долларын босгыг анх давж байсан бол “Apple” анх удаа энэ түвшинд хүрч, түүхэндээ гурав дахь компани болсон нь онцлох амжилт юм.
“Microsoft”-ын хувьцаа “OpenAI”-ийн 27 хувийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсний дараа хоёр хувиар өссөн байна. Тус компани 2019 оноос хойш “ChatGPT”-ийн бүтээгч “OpenAI”-ийг дэмжиж ирсэн билээ. Харин “Apple”-ийн хувьд есдүгээр сард танилцуулсан “iPhone 17” загваруудын борлуулалт өндөр байснаар сүүлийн гурван сарын хугацаанд хувьцаа нь 25 хувиар өсч, анх удаа 4 их наяд ам.долларын үнэлгээнд хүрлээ.
Эх сурвалж: CNBC.



