Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ.
Маргааш тэмцээний бүртгэлийг зохион байгуулах бөгөөд барилдаан 16, 17, 18, 19-20 насны дөрвөн ангиллаар явагдана. Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн харьяат, орон нутагтаа аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн, мөн бөхийн дэвжээнүүд, клуб, биеийн тамирын сургуулиудын төлөөлөл оролцох юм.
Өсвөр, залуучуудын УАШТ-ий түүхэнд улсын арслан цолонд хүрсэн найман бөх зодоглож байжээ. Тэдгээр нь М.Мөнгөн, Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар юм. Тэдний дундаас 2025 оны наадмын түрүү бөх, улсын отгон арслан Э.Батмагнай өсвөрийн УАШТ-д гурван удаа түрүүлж байсан бол улсын арслан Х.Мөнхбаатар мөнгө, Д.Азжаргал мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн улсын арслан М.Мөнгөн 1969 онд тус тэмцээнд түрүүлж байсан байна.



