Монгол Улсад нарийн ноост хонины үүлдэр, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ADRA олон улсын байгууллага, Малын удмын сангийн үндэсний төв хамтран дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг тасралтгүй дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тус ажил нь Хангай, Ерөө, Орхон үүлдрийн хонины үүлдэрлэг байдлыг сайжруулах, ноосны чанар, махны гарцыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Австралийн “Мерино” үүлдрийн нарийн ноост хуцны 18-21 микрон ширхэгтэй үрийг ашиглан 2022-2023 онд хийсэн хээлтүүлгийн үр дүнд төрсөн хурганууд илүү нарийн ноостой, яс том, мах, ноосны гарц сайжирсан эерэг үзүүлэлттэй байна. Энэ онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Орхон сум, Номгон тосгонд нийт 1040 толгой хонинд дурангийн хээлтүүлэг хийжээ.
1990 оноос хойш зах зээлийн шилжилтийн үед нарийн ноост хонины үүлдрийн тоо эрс буурч, 2022 он гэхэд ердөө 12 мянган толгой болж багассан бол уг хөтөлбөрийн үр дүнд өсөлттэй чиг хандлага гарч байна.
Нарийн ноост хонь нь дэлхийд “цагаан алт” хэмээн үнэлэгддэг ноос үйлдвэрлэдэг бөгөөд дотоодын болон гадаадын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд хэрэглэгдэх чухал түүхий эд юм. Иймээс уг ажил нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, ноос ноолуурын салбарын чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ.



