Монгол Улс энэ оны эхний есөн сард экспортод 10708.6 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр гаргасан байна.
Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.1 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Тухайлбал, чулуун нүүрс экспорт 58.4 сая тонн болж 1.3, боловсруулаагүй нефтийн экспорт 2.68 сая баррельд хүрч 13.6 хувиар өмнөх оны мөн үеийнхээс багасжээ. Харин зэсийн баяжмалын экспорт 1.65 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 38.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Манай улс дээрх хугацаанд 80 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2, Швейцарт 5.7, АНУ-д 0.9, ОХУ-д 0.4 хувь тус тус ногдож, нийт экспортын 98.2 хувийг эдгээр орон эзэлж байв.