Дэлхийн худалдаа 2025 онд 0.9 хувиар өснө гэж наймдугаар сард таамаглаж байсан Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ мягмар гарагт уг үзүүлэлтийг 2.4 хувьд хүргэж ахиулжээ. Харин 2026 оны таамаглалыг 1.8 хувиас 0.5 хувь болгон бууруулсан байна.
Тус байгууллагаас гаргасан Дэлхийн худалдааны төлөв, статистикийн шинэ тайланд дурдсанаар, дэлхийн ДНБ 2025 онд 2.7 хувь, 2026 онд 2.6 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ оны эхний хагаст дэлхийн худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар өссөн байна. ДХБ энэхүү өсөлтийг АНУ өндөр татвар ногдуулахаас өмнө Хойд Америкт ажиглагдсан импортын өсөлт, инфляцын бууралт болон төсвийн таатай бодлого мөн хөгжиж буй зах зээлүүд дэх тогтвортой өсөлт, хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүний худалдааны огцом өсөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ.
ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, АНУ-ын нэг талыг баримталсан үйл ажиллагаанаас үүдэн “сөрүү салхи” дэгдэж, худалдааны бодлого урьд хожид байгаагүйгээр тодорхойгүй болсон хэдий ч худалдаа тогтвортой байгаа нь харагдаж байна. Ийм уян хатан байдал нь олон талт худалдааны тогтолцоонд сайн ажиллаж буй гол цөм байгааг харуулж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Уг тайланд урьдчилсан таамаглалыг бууруулах гол эрсдэл нь худалдааг хязгаарлах арга хэмжээ болон бодлогын тодорхойгүй байдал илүү олон эдийн засаг, салбаруудад тархах явдал юм хэмээн бичсэн байна. Мөн тарифын нөлөөнд хүчтэй өртсөн салбаруудын бараа материалын нөөц буурч байгаа тул импортын үнэ өсөж, худалдааны тээвэрлэлт удааширч байгаа нь энэ оны сүүлчээр инфляц өсөх дохио болж болзошгүйг анхааруулжээ. Тайлангаас үзвэл, худалдааны үзүүлэлтүүд бүс нутгуудад харилцан адилгүй байна. Тухайлбал, Ази, Африкт 2025 онд экспорт хурдацтай өсөх төлөвтэй байгаа бол Европт удааширч, Хойд Америкт экспорт буурах төлөвтэй байна.
Эх сурвалж: Xinhua