Насанд хүрээгүй хэрэглэгчдийг зохисгүй контентоос хамгаалах шаардлага нэмэгдэж буй энэ үед YouTube платформ насанд хүрсэн мэт дүр эсгэж буй хүүхдүүдийг илрүүлэхийн тулд хиймэл оюун ухааны технологи ашиглаж эхэлжээ. Машин сургалтын загвар нь үзэж буй контентийн төрөл, хаяг нээснээс хойших хугацаа зэрэг олон хүчин зүйлд үндэслэн хэрэглэгчийн насыг тодорхойлно.
YouTube-ын мэдээлснээр, хэрэв хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийг насанд хүрээгүй гэж үзвэл зээлийн карт, селфи зураг эсвэл иргэний үнэмлэхээр нас баталгаажуулахыг шаардах аж. Энэ арга өмнө нь зарим зах зээлд туршигдаж, эерэг үр дүн үзүүлсэн байна.
Энэхүү шинэчлэл нь нийгмийн сүлжээний платформууд хүүхдүүдийг хамгаалж чадахгүй байгаа гэх шүүмжлэл нэмэгдэж, Австралид ирэх арванхоёрдугаар сарын 10-наас хэрэгжих, 16-аас доош насныханд YouTube-д нэвтрэхийг хориглох шинэ хуультай давхцаж байна. Уг хууль нь дэлхийн хамгийн хатуу зохицуулалтын нэгт тооцогдож байгаа бөгөөд бусад улс орнуудын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: AFP