Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Чиглэл 7 буюу "Нисэх-МУБИС-Ард кино театр", Чиглэл 9 буюу "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг Чиглэл 7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”, Чиглэл 9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-МУБИС” болгон өөрчлөлт оруулсан байна. Мөн Чиглэл 22 буюу "Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль" чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул хүлээгдлийг багасгаж үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс энэхүү чиглэлийг богино эргүүлж Чиглэл 22-г “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” болгон өөрчилж, Чиглэл 82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Эдгээр чиглэлийн үйлчилгээг наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд шинэ зураглалын дагуу үйлчлүүлэх боломжтой бөгөөд үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм байна.
Эх сурвалж: Нийтийн тээврийн газар