Зайсангийн зүүн гүүр буюу 1968 онд анх ашиглалтад орсон хуучин гүүрийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хөдөлгөөнийг нь бүрэн хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш шинэ гүүр барих ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар “ЗМЗ” ХХК ажиллаж байна.
Шинэ гүүр нь нийт дөрвөн эгнээтэй, 225 метр урттай төмөрбетон хийцтэй байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар доод бүтээцийн ажил буюу 17 метр гүнд суурилуулсан шон, шал суурь, дам нуруу зэрэг ажлууд бүрэн хийгдсэн бол дээд бүтээцийн хувьд нийт 10 алгаслаас есийг нь угсарч дуусжээ.
Зайсангийн хоёр гүүрийг үе шаттайгаар шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд баруун гүүрийг шинэчилж 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан бол одоо зүүн гүүрийг дуусгаж, Зайсангийн замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилготой. Шинэ гүүр нь өмнөхөөсөө илүү өргөн, илүү даацтай байх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс