Дорнод аймагт Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа 2011 оноос эхэлсэн бөгөөд тухайн үед 3.2 тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр хэрэгжиж байв. Харин өнөөдрийн байдлаар эргэн төлөлттэйгээ нийлээд 4.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн сантай болж, нутгийн иргэдийн бичил бизнес, жижиг үйлдвэрлэлийг дэмжих чухал санхүүгийн хэрэгсэл болон тогтножээ.
Энэ хугацаанд нийт 1447 иргэн сангийн зээлд хамрагдсан бол одоогийн байдлаар 176 иргэн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс гадна гурван сараас дээш хугацаагаар зээлээ төлөөгүй иргэдийг шүүхэд шилжүүлснээр сүүлийн жилүүдэд эргэн төлөлт мэдэгдэхүйц сайжирсан талаар холбогдох албаныхан мэдээлжээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед, зээл олголт болон төсөл сонгон шалгаруулах үйл явцад ил тод байдлыг сайжруулах, хяналтын механизмыг чангатгах шаардлагатай гэсэн санал гарсан байна. Зээлийг үр ашигтай зарцуулж, хөрөнгийн эргэлтийг улам тэлэхийн тулд иргэн бүр хариуцлагатай байж, орон нутгийн хяналт, хариуцлагын тогтолцоо илүү үр дүнтэй хэрэгжих хэрэгтэйг хурлын үеэр онцолжээ.
Эх сурвалж: Дорнод аймгийн ИТХ