x

Шоргоолж хооллох үнэхээр буян мөн үү?!

Шоргоолж манай гарагийн өнцөг булан бүрт тархжээ. Тэд дэлхийг хамгийн амжилттай эзэгнэн суурьшсан амьтдын нэг юм. Дэлхийн хэмжээнд 13,000 гаруй зүйл шоргоолж бүртгэгдсэн бол манай орны эрс тэс нөхцөлд ойн хар толгойт шоргоолж, морин шоргоолж, гялтгар хар шоргоолж, улаан шоргоолж, замын шоргоолж зэрэг 70 гаруй зүйл шоргоолж тархан амьдарч буй нь тогтоогдсон байна.

Шоргоолж үүрээ чулуун доор, модны хожууланд, унанги модон дотор зэргээр янз бүрийн орчинд барьдаг. Ямар зүйлийн шоргоолж болохоос шалтгаалж үүрийнх нь хэлбэр өөр өөр байдаг. Бид ойд байдаг овоолго хэлбэрийн үүрийг хамгийн сайн мэддэг. Гэтэл зарим шоргоолж үүрээ зүгээр газрын гүн рүү элс шороо нүхлэн барьсан байдаг. Ямар нэгэн үүр барилгүй, байнга нүүж явдаг шоргоолж ч бий.

Ойн шоргоолжны үүр гаднаас нь харахад зүгээр элс шороо, шилмүүс мөчрийн овоолго уу гэмээр гэтэл энэ үүр “сайтар бодож тооцоолсон” маш нарийн төлөвлөгөөний дагуу баригдах ажээ. Ийм үүр өндрөөшөө 1 метр, хааяа 2 метр орчим өндөр болно. Тойргоороо 5 метр, харин газрын гүн рүү 4 метр хүртэл орж болох аж. Үүрний газрын дээрх хэсэг хэр том харагдана, газрын доорх хэсэг мөн төдий чинээ том гэж баримжаалж болно.

Шоргоолжны энэхүү үүрээ хамгийн тохиромжтой газар буюу наран ээвэр, гадарга тэгшхэн, элсэрхэг, дулаан газар. Ийм шаардлагыг ойн зах, ойн цоорхой зэрэг гэрэл сайн тусдаг газар хамгийн сайн биелүүлнэ. Үүний дараа модны хожуул, унанги мод, өмхөрсөн модыг хожуулыг түшиж үүрээ босгоно. Ингэж зассан үүр ус үер, салхи шуурганд гэмтэхгүй бат бэх тогтвор сайтай болдог байна. Үүрний гадна талыг нарийн ширхэгтэй, мөчир, шилмүүс голдуу материалаар чигжиж, тусгаарлалт сайтай, битүү хучиж хийсэнээр ус бороо, хүйтнээс хамгаалахаас гадна нарны илчийг тосон авч, дулааныг хадгалах юм.

Овоолгын орой хэсгийг наран шарлагын газар ч гэж ойлгож болно. Энд, хавар эрт, ойн хөрсийг нар аажмаар төөнөж эхлэх үест шоргоолж олноороо гарч ирж биеэ ээнэ. Шоргоолж ийнхүү хар өнгөт, дулаан шингээгч бяцхан биеэ наранд ээж, илч дулааныг ханатал хуримтлуулж аваад үүрэндээ эргэн орж, дулаанаа түгээн үүрээ дулаацуулна. Хэн ч бодож олж чадаагүй амьд халаалтын систем биш гэж үү. Зөвхөн энэ ажлыг хийдэг, үүрийг дулаан байлгах үүрэгтэй тусгай ажилчин шоргоолж ч гэж бий гэнэ. Энд ажилчин шоргоолж авгалдай, хүүхэлдэйг үүрнээс гаргаж нарлуулаад хүйтэн болж, салхи гарвал үүрэндээ эргүүлэн оруулж байхыг ч харж болох аж. Өндөг, авгалдай үедээ хэр их тэжээлгэсэн, нарнаас хэр сайн илч авснаас хожим ажилчин, эсвэл хатан шоргоолж болох нь шийдэгдэх тул энэ наран шарлага шоргоолжийн хөгжилд нэн чухал ажээ.

Үүрний эргэн тойронд байх олон тооны орц, гарц бол үүрний бас нэгэн чухал хэсэг юм. Нээх хаах боломжтой энэ нүх сувгууд үүрний өнцөг булан бүр рүү хөтөлж сүлжилдсэн байх ба агааржуулагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нүх сувгууд салхивч ч болно, өрх ч болох нь. Үүрэн дотор хэт халуун болбол салхивчаа хэд хэдэн газар нээн агаар оруулна. Бороо орвол, бас хүйтэрвэл “өрхөө бүтээнэ”. Эдгээр нүх сувгаар ийнхүү үүрний доторх халуун хүйтэн, усны болон агаарын солилцоог зохицуулна.

Үүрний дотор талыг харьцангуй том ширхэгтэй материалаар хийсэн байна. Энд зай талбай их байхаас гадна бие биетэйгээ холбогдсон олон тооны өрөө тасалгаа бий. Үүрэнд хатан шоргоолжийн өрөө, хоол тэжээлийг агуулах гал тогооны өрөө, өндөг, авгалдай, хүүхэлдэйг арчилж өсгөх хүүхдийн өрөө, ажилчин шоргоолжуудын амралтын өрөө, тэр ч бүү хэл ариун цэврийн өрөө хүртэл байх ба бүгд тус тусдаа, өөр өөрийн зориулалтаар, өөр өөрийн байрлалд оршино. Өрөө тасалгаануудыг янз бүрийн жим зам, нүх суваг, хонгилууд холбосон байдаг.

Хатан шоргоолжийн өрөө ихэвчлэн үүрний гол хэсгийг эзлэн байрлана. Ингэснээр тэр бүх талаасаа сайтар хамгаалагдах ажээ. Эцсийн эцэст энэ үүрийн эзэн нь хатан шоргоолж шүү дээ. Энд шоргоолжны үр төлийн хөгжилд зайлшгүй шаардлагатай, байнгын тогтмол 25-30 хэмийн дулаан байж, ус, агаарын урсгал дээд зэргийн тохиромжтой байх учиртай. Өвөл хэдий харьцангуй сэрүүн болох ч тусгаарлалт сайтай тул -10 хэмээс доош орох нь үгүй.

Овоолгон үүр байхын бас нэгэн сайн тал нь өвөл үүрийг хөлдөхөөс хамгаалдагт оршино. Шоргоолж өвлийг үүрнийхээ доод талын, газрын гүн хэсэг рүү шилжиж, идэвхгүй байдалд орж өнгөрөөнө. Идэвхгүй байдалд орно гэдэг нь биеийн дулаан нь огцом буурсан, хоол идэж уухгүй, янз бүрийн ажил хийхгүй, хөдөлгөөн, бодисын солилцоогоо хамгийн бага түвшинд барьсан, бараг хөдлөх ч үгүй, бээрсэн байдалтай нөхцөл байдал юм.

Шоргоолжийн хот бол "хүүхнүүдийн хот" юм. Учир нь, нэг үүрэнд буюу нэг бүлд нэг юм уу хэд хэдэн хатан шоргоолж, цөөн тооны эр шоргоолж байх ба бусад нь бүгд үржилд орох боломжгүй эм ажилчин шоргоолжууд байна. Хатан шоргоолж амьдралдаа нэг л удаа үржилд орох ба түүнээс хойш 15-20 жилийн турш тасралтгүй өндөглөнө. Нэг удаа үржилд орохдоо хэд хэдэн эр шоргоолжтой эвцэлдэж, хэдэн сая эр бэлгийн эс хүлээж авах тул түүний үрийн нөөц насан туршид нь хүрэлцэнэ.

Ингэхэд, далавчтай шоргоолжтой таарч байв уу. Тэд бол хуримын болзоондоо гарч буй залуу хосууд юм. Зөвхөн үржлийн эр болон эм шоргоолж далавчтай байх ба ажилчин шоргоолжоос хоёр дахин том биетэй байна. Далавчит шоргоолжууд үржлийн вальсаа эргэж, нийллэгт орсны дараа эр нь үхнэ. Харин эм нь далавчаа таслан хаяж өөрийн бүлийг үүсгэх ажилдаа ханцуй шамлан орно. Өвлийг идэвхгүй байдалд өнгөрөөсөн хатан шоргоолж хавар анхны цөөн тооны өндөг гаргана. Далавчаа хөдөлгөж байсан булчингаа задлан сүүн шингэн болгож, түүгээрээ өндөгнөөс гарсан авгалдайнуудаа тэжээдэг. Анхны авгалдайнууд бүгд ажилчин шоргоолж болно. Энэ үеэс эхлээд хатан шоргоолж өндөг гаргахаас өөр ямар ч ажил хийхгүй. Өндөгний өсөлт, хөгжлөөс шалтгаалан “хүүхдүүдийг” халуун, чийглэг өрөө рүү шилжүүлэх, эргүүлэн сэрүүн өрөөнд оруулах, өрөөг нь цэвэрлэж, ялгадсыг нь гаргаж хаях зэргээр хөдөлгөөн тасрахгүй. Ганц удаа нүүлгээд орхихгүй.

Олон оршин суугчтай их цайзын барилгачин шоргоолжид ажил хэзээ ч мундахгүй. Түм түчигнэж, бум бужигнасан үүрний хэвийн үйл ажиллагааг хангахад дээд зэргийн эмх цэгц, нарийн дэг журам, зохион байгуулалт хэрэгтэй нь тодорхой. Барилгачин шоргоолжийн ажил орон гэрээ барих, төвхнүүлэхээс эхлээд засаж сэлбэх, арчилж тордох, сэлгэж шинэчлэх зэргээр мөнхөд үргэлжилнэ. Үүрийг чийглэг ойн нөхцөлд чанараа алдаж, мөөг мөөгөнцөрт баригдаж, хөгцөрч ялзрах аюултай. Иймд үүрнийхээ гадна талын өнгөн хэсгийг арваад хоног тутамд сэлгэн шинэчилнэ. Ингэхдээ гүнд байсан, чийгтэ зүйлсийг наранд ил гаргаж хатаах, үүрний өнгөн хэсгийн шилмүүс, мөчир зэрэг материалыг дотогш зөөх маягаар байнга хольж сэлгэх аж. Судлаачид үүнийг нотлохын тулд үүрний гадаргууд будаг түрхэж орхиход будагтай хэсэг удалгүй алга болсон ч хэдэн долоо хоногийн дараа үүрний өөр нэгэн хэсэгт дахин ил гарч ирж байжээ. Ингэж бодохоор шоргоолжны үүрийг хэзээ ч бэлэн болсон гэж үзэх үндэсгүй юм. Барилгач шоргоолж үүрэнд элдэв эвдрэл, гэмтэл гарах бүрийд даруй засварлана. Тэд бүтээн байгуулалт, арчилгааны ажлаа ямар ч үед үл таслах аж.

Шоргоолжийн өвөрмөц хоолны жагсаалтад амьтан “хариулж” олж авдаг чихэрлэг шингэн болон үүрэндээ “газар тариалан эрхэлж” хурааж авдаг мөөг орно. Тодруулбал, шоргоолж модны шүүсээр хооллодог ургамлын бөөсийг хаа яваа газар нь даган явж, сахлаараа биед нь хүрч өдөөн, хойд сүвээрээ ялгаруулах чихэрлэг шингэнийг нь хурааж авдаг. Ийм ач тустай амьтнаа бусдаас хамгаалж, идэхийг оролдсон махчин шавжийг нь шоргоолжны хүчлээрээ шүршин зайлуулахаас гадна хүчтэй бороонд цохигдож газардсан бөөсийг модон дээр зөөж гаргаж тойлдог гэнэ. Зарим зүйл шоргоолж ургамлын навч таслан үүр рүүгээ зөөж, тэндээ навчийг ялзруулан мөөг тарьж хооллодог.

Шоргоолж, зүйлээсээ шалтгаалж биеийн жингээсээ 30-60 дахин их ачаа үүрч чадна. Шоргоолжийн бие бусад шавжийн адил толгой, цээж, хэвлий гэсэн гурван хэсгээс бүрдэх ба хэвлий хэсгээрээ том харагддагийг бид мэднэ. Тэгвэл цээжиндээ гол хүчээ төвлөрүүлж, цүлхгэр хэвлийгээрээ газарт тулан хөшүүрэгдсэнээр тэр их ачааг өргөж дийлдэг байна.

Шоргоолж их байх тусам ой эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Учир нь шоргоолж ой модны навч шилмүүсээр хооллогч хортон шавж, эрвээхэй, авгалдайг барьж идэн устгадаг. Томоохон үүрний шоргоолжууд хоногт 100,000 орчим шавжийг идэж устгадаг. Шоргоолжны амьд хоолны цэсэнд шавж, аалз, элдэв төрлийн хорхой зэрэг махан идэш орно. Тэрчлэн үхсэн амьтны үлдэгдлээр хооллох тул "ойн эрүүл мэндийн цагдаа" гэж өргөмжлөгдөх нь бий.

Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг гэж санаандгүй хэлээгүй бололтой. Үүрийг нь эвдчихвэл шоргоолжнууд үймж сандралдан, тэдний хувьд цунами мэт гамшиг болж нэгэн бүл шоргоолжны амьдрал сүйдэж болохыг эндээс уншиж ойлгосон буй за.

Энэ удаад бид ийнхүү...

Уухай туухай баатар

Ууцан дундуураа тасархай баатар

Хаданд халтирдаггүй баатар

Харвасан суманд оногддоггүй баатар

хэмээн Монгол ардын аман зохиол, оньсого тэргүүтэнд дүрслэгдсэн шоргоолж гэдэг бие жижигтэй ч бэлчээр томтой амьтны орон гэр, нийгэмч амьдралын сонин хачинтай цухасхан танилцлаа.

Төгсгөлд нь харин нэгэн сонирхолтой асуултыг та бүхэнд үлдээе. Шоргоолж хооллоход буян болдог гэж шоргоолжны үүрэнд будаа, элсэн чихэр асгаж, арвай гурил, шар тос зуурч орхидог нь зөв үйлдэл мөн үү. Эсвэл, эсрэгээрээ бүр тус биш ус болох уу. Шоргоолж хооллох үнэхээр буян мөн үү...

МУИС-ийн Экологийн боловсролын төвийн багш, доктор Р.Сүнжидмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ 11 цаг 55 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... 12 цаг 19 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 13 цаг 1 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Уржигдар 17 цаг 08 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Уржигдар 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Уржигдар 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Уржигдар 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Уржигдар 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Уржигдар 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Уржигдар 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Уржигдар 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Уржигдар 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Уржигдар 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Уржигдар 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Уржигдар 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Уржигдар 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 2024-05-16 Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ 2024-05-16 Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав 2024-05-16
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн...
Top